· Төсвийн тухай хуулийн төслийг дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Их засвар, хөрөнгө оруулалтын эрх, тендерийг өөрсдөө мэдэж шийддэг байх зэргээр эрх мэдлийг орон нутагт өгөхөөр төсөлд тусгаад байна. Энэ хуулийн төсөл нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Төсөл батлагдсанаар төсвийн талаархи эрх зүйн орчин бусад улс орны төсвийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн нэгэн адил ойлгомжтой, системтэй болж төсөв боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих үе шатанд холбогдох этгээдийн үүрэг хариуцлага сайжирч төсвийн сахилга бат дээшилнэ. Хуулийн төсөлд тусгасан дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөлтийг хэрэгжүүлснээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй санхүүжүүлэх боломж бүрдэх юм.
“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
2010 оны 7-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 7-8 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд хэд хоног өдөртөө огцом халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад тааламжгүй нөлөөлж болзошгүй байна. Мөн хур бороо олон жилийн дундаж хэмжээнд орох төлөвтэй учир зарим үед усархаг аадар бороо, мөндөр орж үер буух, дуу цахилгааны өмнө салхи түр зуур хүчтэй ширүүсэх мэдээ гарчээ. 7-8 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх нь.