Нэгдсэн вант улсыг Европын холбоонд байлгах болзол болгож Дэвид Кэмероны тэргүүлсэн Британийн Засгийн газар хэд хэдэн шаардлага тавьжээ. Хэвлэлд мэдээлснээр бол Кэмероны төлөвлөгөө дөрвөн шаардлагаас бүрдэж буй бөгөөд “Европын хэт их гүрэн” бий болгох үйл хэрэгт Их Британийг татан оролцуулахгүй гэдгээ Брюссель юуны өмнө тодорхой мэдэгдэх хэрэгтэй аж. Хоёрдугаарт, еврог Европын нэгдсэн валют биш гэдгийг Европын холбооны эрх баригчид мэдэгдэх. Ийм маягаар Британи фунт стерлингээ хадгалж үлдэнэ гэж найдаж буй юм байна. Гуравдугаарт, Европын холбоонд мөрдөж буй хуулиудыг өөрчлөхөд чиглэсэн Брюсселийн удирдамжийг няцаах эрхийг үндэсний парламентуудад олгохыг шаардсан байна. Эцэст нь евро бүсэд ороогүй Европын холбооны гишүүн есөн орон бусад 19-ийнхөө давуу байдлаас өөрийгөө хамгаалах боломжтой болгох бүтцийн өөрчлөлтийг Европын холбоонд хийхийг шаарджээ.Европын холбоонд Англи улс гишүүн байх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг 2017 онд багтаан явуулах ёстой. 2015 оны тавдугаар сард дахин сонгогдсоныхоо дараа Дэвид Кэмерон ийн амласан юм. Өөрөө бол улсаа Европын холбоонд байлгахыг дэмждэг.