Умард Солонгосын Хөдөлмөрийн намын 70 жилийн ойд зориулж Пхеньян хотод нүсэр жагсаал зохион байгуулав. Харин жагсаал үдээс хойш 15.00 цагт эхэлсэн бөгөөд Ким Ир Сен, Ким Чен Ирийн алины нь ч үед аливаа ёслол ийм орой эхэлж байсангүй. Ийм жагсаал Умард Солонгост урьд нь болж байгаагүй гэх сургаар хүмүүс тэвчээртэй хүлээж байв. Өглөөнөөс хойш гадаадын 150 сурвалжлагчийг зочид буудалд “хорьжээ”. Үд дунд болоход бороо орж. Тэгж байтал хүндэт маршал Ким Жөн Ун нэг юм гарч ирсэн байна. Түүнийг үг хэлж байхад 20 секунд болоод л алга нижигнэтэл ташина.
Зарим хүн нулимс ч гаргаж байв гэнэ. Америкийн империалистуудын өдөөсөн ямар ч дайнд БНАСАУ бэлэн гэж гурав дахь үеийн Ким мэдэгдсэн байна. Нисэх хүчнээ жагсаалын үеэр ер харуулдаггүй байсан бол энэ удаад тив алгасах баллистик шинэ пуужингуудаа ч “нуусангүй”Пхеньян анх удаа гадаадын олон сэтгүүлчид виз олгожээ. “Өрнөдийн хэвлэлүүд бидний тухай буруу мэдээлдэг, үнэн дүр төрхийг харуулдаггүй юм. Тэгсэн хэрнээ хүний эрх гэсэн юм яриад байдаг, өөрийн нүдээр бүгдийг харах хэрэгтэй” гэж Пхеньяны оршин суугч ярьж байжээ.Тэгэхдээ энэ нь “дулаарал” ирж буйн шинж биш. Гадны хүмүүсийг хөтөчгүйгээр ганц ч алхуулахгүй, автобусны цонхоор л зураг авахыг зөвшөөрнө.Баяраа ингэж тэмдэглэх нь валют оруулж ирэх сайн арга хэмжээ болдог аж. Тэгэхдээ энэ жагсаалыг үзэхээр дэлхийн томоохон удирдагчдаас хэн ч ирсэнгүй.