Энэ сарын 10-ны бямба гаригийн өглөө 10 цагт Туркийн нийслэл Анкара хотын төмөр замын буудлын дэргэд хоёр удаа дэлбэрэлт болсноос 86 хүний амь үрэгдэж, 186 хүн шархдав. Энд Курдийн чиглэлийг баримталдаг гэж тооцогддог Ардын ардчилсан намынхан Туркэд үйл ажиллагааг нь хориглодог Курдийн ажилчны намын хийгээд эрх баригчдын хоорондын зөрчлийг зогсоохын төлөө үзэл санаагаа илэрхийлэхээр цуглаад байсан аж.Туркэд гурван өдрийн турш гашуудал зарлаад байна. Их хүнд шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн ч амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай гэж Анкара хотын ерөнхий прокурор Харун Кодалак мэдэгдсэн гэнэ.Эдгээр дэлбэрэлтийг Туркийн эрх баригчид алан хядах ажиллагаа гэж үзэж буй аж. Бөмбөгийг амиа золиослогчид дэлбэлсэн нь бямба гаригийн орой тийш тодорхой болжээ. Энэ ажиллагааны хариуцлагыг одоогоор хэн ч өөртөө хүлээгээгүй байна.
Алан хядах ажиллагааны эсрэг ажиллагааг Сирид Турк улс эхлүүлсэн болохоор “Исламын улс”-ын хэт даврагчид энэ хэргийг үйлдсэн байх магадлал их өндөр. Үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхээ тэд уг нь шууд л мэдэгддэг юмсан гэж Туркийн шинжээч Серкан Демирташ хэлсэн байна. Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Виктор Надеин-Раевский энэ талаарх өөрийн бодлыг хэлэхдээ, Ардын ардчилсан нам, Курдын ажилчны нам нь лалын дайчдын дайсан. “Жабхат-ан-Нусра”, “Исламын улс” бүлэглэлүүд Сирийн нутагт курдүүдтэй тулалдаж байгаа. Курдийн автономит муж байгуулахыг тэд хүлээн зөвшөөрдөггүй гэсэн байна.Курдүүдийн тарьсан хэрэг энэ яав ч биш гэж үзэх үндэстэй. Яагаад гэвэл тэд олон хүн цугларсан газар дэлбэрэлт үйлдээд байдаггүй. Тэд цагдаа нарын эсрэг л тулалддаг.
Курдүүд амиа золиослох нь нэн ховор. 1999 оноос насаараа хоригдох ял аваад шоронд хоригдож буй Курдын ажилчны намын удирдагч Абдулла Ожалан ийм үйлдэл хийхийг эрс эсэргүүцдэг юм гэж Надеин Раевский үзэж байна.Туркийн парламентын ээлжит сонгууль арваннэгдүгээр сарын 1-нд болно. Зургадугаар сарын 7-нд болсон санал хураалтын дүнгээр Засгийн газрыг төвхнүүлэхээр Үндсэн хуулиар олгогдсон хугацаа наймдугаар сарын эцсээр дууссан. Ерөнхийлөгч Эрдоаны үндэслэн байгуулж, сүүлийн 12 жил эрх барьж байгаа Шударга ёс, хөгжлийн нам тэр сонгуулиар Парламентын 550 суудлын 255-ыг авснаар Засгийн газраа дангаар бүрдүүлэх боломжтой болсон юм. Курдүүдийн дэмжлэг хүлээдэг Ардын ардчилсан нам 80 суудал авсан. Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор төлөвлөж буй Эрдоаны хувьд энэ явдал гойд түвэгтэй байдал бий болгосон.Долдугаар сарын 20-нд Туркийн Суруч хотод бас томоохон алан хядах ажиллагаа болсон юм.
Амиа золиослогч 18 настай эмэгтэй дэлбэрэх төхөөрөмжийг ажиллуулснаар 33 хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан нь Турк, Курдийн социалист, коммунистууд байсан бөгөөд тэд “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд нь Курдийн сайн дурынханд туслахаар зэхэж байжээ. Тиймээс эрх баригчид “Исламын улс”-ыг буруутан хэмээн үзэж Сирид түүний байрлалд цохилт өгсөн аж. Мөн Иракийн умард нутагт Курдийн ажилчны намынханд ч цохилт өгсөн байна. Үүнд нь хариу болгож Туркэд цагдаагийн хэсгүүдийг дайчид дэлбэлж, хүчнийхнийг буудах болжээ.Зургадугаар сарын 7-ны парламентын сонгуулиас хойш Туркэд алан хядах ажиллагаа, хүчирхийлэл нэмэгдсэнийг шинжээчид сануулж байна. Арваннэгдүгээр сарын 1-ний сонгуулиар Парламентад олонх болохыг хичээж буй эрх баригч нам, Ерөнхийлөгч Эрдоан ийм хэрэг үйлдэж болзошгүйг энэ эмгэнэлт явдлаас өмнө сөрөг хүчнүүдийн удирдагчид ил шулуун хэлээд байсан юм. Тэгэхдээ энэ явдал эрх баригч намд сонгуульд олонх болох боломж олгоно гэж хэлэхэд эрт байна гэж шинжээчид хэлж байна.
“Туркийн дотоодод курдүүд болон үндэсний үзэлтнүүдийн хоорондын зөрчил ширүүсч байна. Удахгүй болох сонгуулийн өмнө бүр ч айхтар юм болно гэх айдас хүйдэс их. Ойрхи Дорнод дахь Өрнөдийн холбоотны (Турк) байдал ихээхэн түвэгтэй байна. Улс төрийн туйлшрал гүнзгийрч, эдийн засаг нь ч сайнгүй, “Исламын улс”-ын заналхийлэл ихэсч, Курдийн ажилчны намын хүчирхийлэл нэмэгдэж, дээр нь дүрвэгсдийн хямрал (Сирийн хоёр сая дүрвэгч энд бий) нэрвэж байна. Туркэд эмгэнэлт цаг үе ирснийг Анкарад болсон явдал харууллаа” гэж BBC News бичсэн байна. “Эрдоан тэдэнд дайн зарласан болохоор “Исламын улс”-ын дайчид энэ алан хядах ажиллагааг үйлдсэн байж болзошгүй” гэж Spiegel сэтгүүл бичжээ.Дэлбэрэлт болсны дараахан Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу хүчнийхэнтэйгээ яаралтай уулзсан байна. Арваннэгдүгээр сарын 15-16-нд Антальед болох Их-20-ийн дээд хэмжээний уузалтаар ярих аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай ч ярилцжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдаоны үйл ажиллагаа тус улсын олон хүний дургүйцлийг хүргэж байгаа аж.