Шашны үндэстэй хэт даврах үзэл, алан хядах ажиллагаанд оролцсоны улмаас шийтгэл хүлээгээд байсан есөн этгээд даваа гаригийн шөнө Кыргызийн нийслэл Бишкек хотоос холгүй орших хорих газраас оргожээ. Тэд засан хүмүүжүүлэх байгууллагын гурван ажилтны амийг хороогоод зугтсан байна. Зугтах үедээ хоригдлуудын нэг нь шархадсан аж. Дотоод хэргийн яамны ажилтнууд шуурхай туслсаны дүнд оргодлуудын тавыг нь баривчилж, нөгөө дөрвийг эрж хайх ажиллагааг эхлүүлжээ.
Олдоогүй байгаа дөрвийн хоёр нь бүх насаараа хоригдох ялтай, нөгөө хоёр нь мөрдөгдөж байсан гэнэ. Үйл ажиллагааг нь тус улсын нутаг дэвсгэр дээр хориглосон лалын “Жайшул-Махди” хөдөлгөөний идэвхтэй гишүүн, урьд нь шоронд орж явсан, 1977 онд төрсөн Алтынбек Итибаев, уг хөдөлгөөний үзэл санааг дэлгэрүүлэх хэрэгт идэвхтэй оролцож ирсэн Эдил Абдрахманов, Азамат Мусуралиев нар зугтагсдын дунд байгаа юм байна.
“Жайшул-Махди”, “Жунд аль-Халифат”, “Ансаруллак”, “Ат-Такфир валь-Хижра” гэх мэт алафит чиглэлийн “ариун дайнч” хөдөлгөөний үйл ажиллагааг 2012 онд Кыргызэд хоригложээ. Үүнээс өмнө “Аль-Кайда”, “Талибан”, “Жихадын бүлэг” гэх мэт лалын хэт даврагч, алан хядагч байгууллагуудыг мөн хориглосон аж.