Беларусийн одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Төрийн тэргүүний сонгуульд 83.49 хувийн санал авч ялсныг Сонгуулийн ерөнхий комисс нь зарлалаа. Тэрбээр Могилев мужид 88.29 хувийн дэмжлэг хүлээсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Минскэд сонгогчдын 65.58 хувь нь түүнийг дэмжсэн аж. Ер нь Лукашенко нэрээ дэвшүүлж оролцсон таван сонгуулиас энэ удаагийнх хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь юм байна.1994 онд 80.6, 2001 онд 75.65, 2006 онд 83.0, 2010 онд 79.65 хувийн санал авч байжээ. Энэ удаад Лукашенкотой өрсөлдсөн гурван хүний авсан саналын нийлбэр нь ердөө 6.4 хувь болжээ. Саяхны сонгуульд Беларусийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нь Татьяна Короткевич бөгөөд өрсөлдөгчид дотроо хамгийн олон санал (4.42 хувь) авсан аж.