Америкийн “The Washington Post” сонины сурвалжлагч Жейсон Резаянд Ираны шүүх ял оноосны тус улсын ерөнхий прокурор Голям Хосейн Мохсени Эжеи Тегеранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Оноосон ялыг эсэргүүцэж буйгаа 20 хоногийн дотор илэрхийлж болно. Энэ хүсэлтийг шүүхээс эс хүлээн авбал шийдвэр нь хүчин төгөлдөр болох аж.
Сэтгүүлчид чухам хэдэн жил хорих ял өгснийг ерөнхий прокурор тодруулсангүй. Жейсон Резаяныг Иран улс цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлыг хэдий хэр урагшлуулсныг мэдэх гэж, Өрнөдийн орнуудын тавьсан хоригоос Иран хэрхэн мултрах гэж буй тухай мэдээлэл цуглуулах гэж оролдож тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ.
Ерөнхий прокурорын хэлснээс үзвэл Резаян 2012 онд Иранд анх ирээд л сэтгүүлчийн ажлаар халхавчлан тагнуулын үйл ажиллагаа явуулж, хэрэгтэй мэдээлэл өгчих хүмүүс, компаниудыг эрж хайж эхэлсэн байна. Энэ сэтгүүлчийн дамжуулсан мэдээллийн “ачаар” Ираны ажил хэрэгч хүрээлэл болон Өрнөдийн бизнес эрхлэгчдээс маш олон хүн АНУ-ын хоригт хамрагдсан аж.