ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия-1” телевизийн нэвтрүүлэгт оролцож сурвалжлагчийн асуултад хариулахдаа Сирид Оросын явуулж буй байлдааны ажиллагааны зорилго, түүнд хэрхэн бэлдсэн талаар ярьсан байна. Хууль ёсны эрх мэдлийг нь тогтворжуулж, улс төрийн тохиролцоонд хүрэх арга замыг хайх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилго гэж тэрбээр хэлжээ.Сирид Оросын Агаар-сансрын хүчний хийж буй үйлдлийг машид бэлтгэж байж эхлүүлсэн. Тэнд агаарт, газарт болж буй бүх үйл явдал аяндаа үүсээгүй, төлөвлөсөн зүйлээ л хэрэгжүүлж буй хэрэг юм гэж Путин хэлсэн байна.
Оросын Жанжин штабын мэргэжилтнүүд байлдааны ажиллагааг эхлүүлэхийн өмнө сансраас, агаараас тагнуулын мэдээ цуглуулж, түүнийгээ хооронд нь харьцуулж үзжээ. “Бид хэрэгтэй газар, шаардлагатай хугацаанд хангалттай хүч, хэрэгсэл, нөөц бөөгнүүлэхийн тулд урьдчилсан арга хэмжээнүүдийг авсан. Бид түншүүдтэйгээ хамтран Багдадад мэдээллийн төв байгуулсныг та бүхэн мэднэ” гэж Путин ярьсан байна.
Хуурай замын цэргийн ажиллагаа явуулах талаар Москвагийн төлөвлөгөөнд ороогүй гэж тэрбээр дахин онцолжээ. Түүний үзэж буйгаар бол Орос улс “хэтрүүлэлгүй хэлэхэд” энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж буй аж. “Бидэнд бусдын газар нутаг ч, байгалийн баялаг ч хэрэггүй. Манайд дутагдах юм байхгүй” гэж Путин мэдэгджээ.Хэн нэгэнтэй байлдах, зөрчилдөх, эсвэл эзэнт улсаа сэргээн байгуулах шаардлага огт байхгүй, харин өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа ямагт хамгаалах болно хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.