“Боинг-727” онгоцны арын хэсэгт хаалга түгжих тусгай төхөөрөмж бий. Гаднын хүн хаалга онгойлгох гэж оролдоход автоматаар түгжигддэг энэ төхөөрөмжийг “Куперийн хүрз” хэмээн нэрлэдэг. Купер гэдэг нь зохион бүтээгчийн нэр биш, харин энэ түгжээг хийхэд хүргэсэн гэмт хэрэгтний нэр юм.
Магадгүй, энэ дээрэмчний жинхэнэ нэр Купер биш байж болох ч ямар ч гэсэн дэлхийн томоохон компанийн нэг “Боинг”-ийн онгоцонд нэрээ мөнхлөөд амжжээ.
Хүн төрөлхтний түүхэнд онгоц барьцаалах, хулгайлах гэмт хэрэг олон удаа гарч байсан. Гэхдээ АНУ-ын түүхэнд онгоц барьцаалж, мөнгө аваад ор сураггүй болсон хэрэг ганцхан байдаг нь Куперийн хэрэг юм. 1971 оны арваннэгдүгээр сарын 24-нд Портленд хотын нисэх буудлаас хөөрөх гэж байсан “Боинг-727” онгоцонд хар цув өмсөж, бүрх малгай духдуулсан Дэн Купер гэгч хүн орж ирлээ.

Түүний суудал хамгийн ар талд, үйлчлэгчийн суудлын өмнөхөн байв. Баяр таарсан болоод тэр үү, хүн цөөтэй, 94 хүний багтаамжтай онгоцонд 36 зорчигч сууж явлаа. Онгоц хөөрөнгүүт Купер үйлчлэгч бүсгүйд нэгэн зурвас өглөө.
Эрчүүд эргүүлэхэд дассан үзэсгэлэнт бүсгүй ээлжит нэгэн эр утасныхаа дугаарыг өгч байна гэж бодоод халаасандаа зурвасыг хайнга гэгч нь хийжээ. Гэвч тэр эрд хүүхэн эргүүлж явах зав байсангүй. “Наад зурвасаа хурдан уншсан чинь дээр байх шүү. Миний цүнхэнд дэлбэрэх бодис байна” гэжээ. Үйлчлэгч бүсгүй яарч, сандран зурвасыг уншлаа.
Захианд Купер онгоцыг барьцаанд авснаа мэдэгдэж, хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байв. Шаардлага нь тун энгийн, 200 мянган ам.доллар, тэгээд хоёр шүхэр. Мөнгөө 20 долларын дэвсгэртээр өг гэснийг эс тооцвол онцгой гойд юм үгүй. Зурвасанд мөнгө, шүхрийг яаж авчрах талаар заавар бичсэн байлаа.
Үйлчлэгчид цүнхэн доторхоо харуулахад, цилиндр хэлбэртэй улаан зүйлс, зай, цахилгааны утас харагдсан нь жинхэнэ бөмбөг байна гэж итгэхээс өөр аргагүй байв. Шаардлагыг нисгэгчид дамжуулснаар Холбооны мөрдөх товчооныхон Купертэй хэлэлцээ хийж эхлэв. Онгоцыг эзэмшигч “Northwest Orient” компани мөнгө төлөхийг зөвшөөрлөө.
Энэ үед Купер виски уун тамхи татаж, нисгэгч нарт хоол захиалах уу хэмээн асууж, жинхэнэ жентельмен шиг байсан гэнэ. Удалгүй түүний шаардлагыг биелүүлэх шийдвэр гарч, онгоц 17.39 цагт Сиэтл хотын “Сиэтл-Талком” нисэх буудалд буулаа. Купер онгоцоо талбайн хамгийн мухарт зогсоож, бүх гэрлээ унтраахыг тушаав.
Хүрэлцэн ирсэн мөнгийг, дөрвөн шүхрийн хамт авчрахыг ХМТ-ны ажилтнаас шаардлаа. ХМТ-ныхон гайхаж гүйцээд байв. Энэ олон шүхрээр яах гэж байгаа юм бол? Хамтрагч нартай юм болов уу, эсвэл нисгэгч нарыг шүхрээр буулгах гэж байна уу? Урьд өмнө иргэний нисэх онгоцноос шүхрээр бууж байсан түүх байхгүй.
Ямар ч гэсэн мөнгө, шүхрийг түүнд өглөө. Купер сайтар гэгч нь шалгаж үзээд, сэтгэл нь ханасан бололтой, 36 зорчигчийг онгоцноос буухыг зөвшөөрөв. Танилцаад амжсан үйлчлэгч бүсгүйд ч энэрэнгүй сэтгэл гарган, явуулжээ. Ингээд онгоцонд хоёр нисгэгч, туслах нисгэгч, хоёр дахь үйлчлэгч гэсэн яг дөрвөн хүн үлдсэн байна.
Шатахуун цэнэглээд 19.40 минутад агаарт хөөрсөн “Боинг-727” онгоцыг агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцнууд дагалаа. Хэсэг ниссэний эцэст Купер үйлчлэгчийг нисгэгч нарын өрөөнд оруулан, гарч ирэхгүй байхыг тушаасан байна. Үүнээс хойш түүнийг хэн ч хараагүй юм.
Удалгүй онгоцны арын хаалга онгойж, бүхээгт агаарын даралт өөрчлөгдсөнийг анхааруулсан дохио дуугарлаа. Хаалга онгорхой, гэмт хэрэгтэн шүхрээр үсэрсэн юм шиг алга болжээ. Түүний суудалд зангиа, татсан тамхины иш, хурууны хээ хангалттай үлдсэн байлаа. Куперийг 20.13 цагийн орчим Вашингтон мужийн баруун өмнөд хэсэгт шүхрээр үсэрсэн гэж цагдаа нар тогтоосон юм.
Энэ үед тус мужид хүчтэй шуурга болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас сөнөөгч онгоцны нисгэгч нар юу ч анзаараагүй байна. Түүний газардаж болох хамгийн магадлалтай газар нь Портлендээс хойд зүгт, Орегон мужийн Мервин нуур байлаа. Барьцаалагдсан онгоцыг 22.15 цагт Ренод газардахад ХМТ-ныхон хэргийн газарт үзлэг хийн, Купер мөнгийг, хоёр шүхрийн хамт авч явсаныг тогтоосон.
Онгоцны үйлчлэгч, зорчигчдын мэдүүлгээр түүний зургийг гарган, орон даяар эрэн сурвалжилж эхэллээ. 45 орчим настай, бор нүдтэй, хар үстэй өндөр залуу. Гэвч ийм хүн энэ ертөнцөд хэзээ ч амьдарч байгаагүй мэт л ямар ч үр дүн гарсангүй. Энэ хэргийн дараа бүх “Боинг” онгоцны арын хаалганд тусгай түгжээ хийж, зорчигчдын ачааг шалгадаг болжээ.
1971 онд онгоц хулгайлах гэмт хэрэг 25 удаа гарсан ч ганц Купер л баригдаагүй нь түүнийг Америкийн хамгийн алдартай хэрэгтний тоонд орууллаа.
Купер шүхрээр газардаад яасан бол? Бүрэн бүтэн бууж чадсан болов уу? Ихэнх хүн түүнийг хаа нэгтээ нуугдаад хууль бус аргаар олсон мөнгөө үрээд сууж байгаа гэж үздэг. Үүний баталгаа нь хэрэг болсноос гурван сарын дараа “Лос Анжелес таймс” сонины редакцад Куперийн нэрийн өмнөөс ирсэн захидал юм.
Захидалд “Би орчин үеийн Робин Гуд биш. Харамсалтай нь надад 14 сар л амьдрах хугацаа үлдсэн. Амьдралынхаа сүүлийн өдрүүдийг элбэг дэлбэг, хангалуун өнгөрөөх гэж л би онгоц хулгайлсан. Би онгоц тээврийн компанийг дээрэмдэхдээ баатарлаг, романтик зорилго агуулаагүй. Тиймхэн юмны төлөө би амь насаараа дэнчин тавихгүй байлаа.
Намайг үзэн ядаж, баривчлан хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсэж байгаа хүмүүсийг би буруутгахгүй байна. Гэхдээ намайг хэзээ ч баривчилж чадахгүй, хэрэг хийж байхдаа ч баригдахгүй гэдэгтээ итгэлтэй байсан. Би хөдөөний нэг тосгонд нуугдаж хэвтэхгүй. Намайг та нар мэдрэл муутай гэж битгий бодоорой. Машинаа буруу газар тавьсан гэж ч торгуулж үзээгүй хүн шүү, би” гэж бичсэн байв. Үнэхээр Купер бичсэн эсэх тодорхойгүй ч сонины редакц уншигчдын баярлаж хөөрсөн, талархлын захидалд дарагджээ.
Түүний нэр, зурагтай бэлэг дурсгалын зүйлс нүд ирмэх зуур зарагдаж, бараг үндэсний баатар болон хувирав. Вашингтон мужийн Ариэль хэмээх бяцхан хотод одоо ч гэсэн “Куперийн өдөр”-ийг адал явдал, зөгнөлт зохиол сонирхогчид цугларан тэмдэглэдэг байна. Куперийн хэргийг мөрдөн шалгаж байсан ХМТ-ны ажилтан Ричард Тосо хэдийнэ тэтгэвэртээ гарсан ч Куперийн шүхрээр буусан гэж тооцогдож буй Мервин нуурын орчим жил бүр хайгуул хийдэг.
Хэдий ямар ч нотлох баримт олоогүй ч тэрбээр “Купер амьд уу, үхсэн үү” гэдэг ном бичихдээ түүнийг голын усанд живж нас барсан гэж бичсэн байдаг.
Гэвч зарим хүмүүс түүнийг онгоцноос үсрэх үедээ амиа алдсан гэж баталдаг. 1980 онд Колумб голын уснаас 20 долларын боодол дэвсгэрт олсон нь Куперт өгсөн дэвсгэртийн дугаартай яг таарчээ. Нийт зургаан мянган долларын дэвсгэрт голын усаар урсан гарч ирсэн гэдэг. Үхсэн болохоор л одоо хүртэл түүнийг олохгүй байгаа гэж тэд үздэг ч Купер санаатайгаар мөнгө голд хаясан байх магадлал өндөр.
Нэрд гарсан алдарт дээрэмчинтэй танил тал болох гэж оролдох хүн ч олон гарч ирлээ. Марла Уинн Купер хэмээх эмэгтэй дээрэмчин Куперийн ойрын хамаатан, Купер 1999 он хүртэл баян чинээлэг амьдарч байсан гэж Цагдаагийн газарт мэдүүлсэн ч ХМТ авч хэлэлцсэнгүй. Жинхэнэ нэрээрээ онгоц хулгайлсан бол түүний талаар ямар нэг сэжүүр заавал гарч ирэх ёстой байлаа.
Хэргээс хойш 30 жил өнгөрч байхад Флоридагийн Жо Вебер гэгч нэгэн эмэгтэй нөхрийгөө үхэхийн өмнөхөн “Би Купер байна” гэж хэлсэн гэж мэдүүлжээ. Нөхрийнхөө халааснаас Портлендийн онгоцны тасалбар олсон хэмээн баталсан ч ХМТ мөн л хэрэгссэнгүй.
1971-1980 онд явуулсан мөрдлөгийн дүнд ХМТ 1.2 мянган баримт цуглуулж чадсан ч Купер хэмээгчийн талаар юу ч олж чадаагүй байна. Тусгай албаныхан түүнийг шуурган дунд шүхрээр үсэрч, амиа алдсан гэж үздэг ч, цогцос олдоогүй цагт хэргийг хааж чадахгүй мөрдсөөр л байна.
АНУ-ын хамгийн цуутай гэмт хэргийн тоонд багтсан Куперийн хэргийн талаар маш олон кинонд өгүүлдэг. Купер гэж хэн байв? Амьд байна уу, үгүй юү? Шүхрээр үсэрснээс хойш түүнд юу тохиолдов? Яагаад түүнийг үхсэн, амьд, аль нь ч болов олж чадахгүй байна вэ? Яагаад тэр эр дөрвөн шүхэр шаардсан юм бол? Энэ олон асуулт одоо болтол хариугаа хүлээсээр байна.
М.СУГАР-ЭРДЭНЭ