Наго хотын ойролцоо Хэноко сууринд АНУ-ын Агаарын цэргийн хүчинд зориулсан нисэх онгоцны шинэ буудал барих зөвшөөрлийг Японы Окинава мужийн амбан захирагч Такэси Онага албан ёсоор хүчингүй болгов. Ийм шийдвэр гаргаснаа Батлан хамгаалах яамны Окинава арал дээрх салбарт мэдэгдсэн байна. Окинава арлын төвд орших Гиннован хотод байсан Америкийн цэргийн баазыг хаах шийдвэрийг Японы Засгийн газар 20 шахам жилийн өмнө гаргаж байжээ. Эхлээд уг баазыг мужаасаа гаргах, дараа нь болиод муж дотроо нүүлгэн шилжүүлж, үүний тулд нисэх онгоцны буудал барихаар шийдсэн байна. Үүнийг арлын оршин суугчид эсэргүүцсэн тул өмнөх захирагч Хироказу Накаимагийн дэмжиж байсан төлөвлөгөөг цуцлахаа сонгуулийн өмнөх кампанийнхаа үеэр амбан захирагч Онага амласан аж. Энэ амлалтаасаа буцахыг Японы эрх баригчид ятгах гэж оролдоод бүтсэнгүй. Окинава нь Японы нийт газар нутгийн ердөө 0.6 хувийг эзэлдэг ч Японд байгаа Америкийн цэргийн баазын 75 хувь, зэвсэгт хүчнийх нь бүрэлдэхүүний тэн хагас нь энд байрладаг аж. Энд Америкийн 258 мянган цэргийн алба хаагч болон тэдний гэр бүлийнхэн, энгийн иргэн 19 мянган хүн оршин суудаг байна.