Владимир Высоцкийн бэлэвсэн гэргий, Францын жүжигчин Марина Влади урлагийн эд зүйлсийн хувийн цуглуулгаа Парист дуудлага худалдаанд тавих гэж буй бөгөөд бараануудынх нь дотор Зөвлөлтийн домогт яруу найрагч, жүжигчний хэрэглэж байсан юм ч байгаа аж. Тухайлбал, Высоцкийг амиа алдсаны дараа авсан нүүрний хүрэл хэв, гэргийдээ зориулж зорчигчийн тасалбар дээр 1980 оны зургадугаар сард бичсэн хамгийн сүүлчийн шүлэг нь байгаа юм байна.
Нүүрний хэвийг нь л гэхэд 30-50 мянган еврогоор үнэлж буй гэнэ.Зарах гэж буй эд зүйлс дотор фото болон уран зураг, бэлэг дурсгал байгаагийн зэрэгцээ Марина Владид зориулж Францын зохиолч, найруулагч Жан-Люк Годарын бүтээлийн гар бичмэл, Михаил Шемякин, Соломон Россин, Жан-Жак Самне нарын уран зураг бий аж. Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 25-нд ийм үйл ажиллагаа эрхэлдэг Парисын томоохон төвийн нэг “Drouod” ордонд болох юм байна.