Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийнхаа хөвгүүдийг суллах шийдвэрийг Египетийн шүүх гаргасан байна. Эцгийг нь төрийн тэргүүний суудлаас ховхлоод хоёр сар болсны дараа 2011 оны дөрөвдүгээр сард Аля, Гамаль гэх хоёр хүүг нь баривчилж, аавтай нь хамт хэргийг нь тасалсан аж. Эцэг, хөвгүүдийг улсын хөрөнгөөс их хэмжээгээр завшиж, Ерөнхийлөгчийн орд, өргөөг засварлахад ашигласан гэж буруутгажээ.87 настай Мубаракийг гурван жил хорьж, 125 сая египет фунт (16 сая гаруй ам.доллар)-ээр торгох ялыг 2015 оны тавдугаар сард оноосон юм. Бас орд, өргөөний засварт зарцуулсан 21 сая египет фунт (2.5 сая гаруй ам.доллар)-ийг эргүүлж тушаалгах болжээ. Гэтэл шаардагдах мөнгийг тэд урьд нь төлчихсөн байсан тул шоронд өнгөрүүлсэн хугацааг нь тооцож үзээд суллахаар шийдвэрлэсэн байна.Египетийг 30 жил захирсан Мубарак олныг хамарсан тэмцлийн дүнд 2011 оны хоёрдугаар сард огцорсон билээ.