Иранд айлчлал хийж байгаа Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида тус улсын Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзахдаа “Хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээр байгуулахаар үндсэндээ тохирлоо” гэж хэлсэн байна. Улс төр, эдийн засаг, соёлын салбарт хоёр талын харилцааг өргөжүүлж, эдийн засгаа хөгжүүлэхэд Ирантай хамтарч ажиллахаар Япон улс төлөвлөж байна. Мөн анагаах ухаан, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэж Японы сайд мэдэгджээ.Тохиромжтой цагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэг Иранд айлчлуулахаар Ираны Ерөнхийлөгч, Японы сайд хоёр тохирсон аж. Хөрөнгө оруулалтын асуудлаар хоёр талын хийсэн тохироо нь Ираны зах зээлд Японы компаниуд орж ирэх замыг нээж буй юм. Бас Японы хөрөнгө Ираны эдийн засагт нэвтрэх баталгаа болно. Түүнчлэн Японы техник, технологийг гуравдагч хүн, улсад дамжуулахад хориг болох аж.2013 оны байдлаар Иран руу гаргаж буй Японы экспорт 170 сая ам.доллар байжээ.