Өнгөрсөн оны долдугаар сарын 17-нд Донбасст Малайзын Боинг онгоц сүйрс ний шалтгааныг мөрдөн шалгасан эцсийн дүнгээ Нидерланд улс энэ сарын 13-ны мягмар гаригт танилцуулав. Украинд болсон энэ осолд хамаатай хүмүүсийн нэрийг Нидерландын Аюулгүй байдлын зөвлөл болон олон улсын мөрдөгчдийн баг тогтоожээ. Онгоц унасан зүүн нутгийнхаа агаарын хилийг урьдчилан сэргийлэх үүднээс 2014 оны долдугаар сарын 17-ноос өмнө хаах хангалттай үндэслэл Украинд байжээ. Гэтэл энд болж байсан зэвсэгт зөрчилдөөнөөс иргэний нисэх онгоцонд аюул учирч болохыг аль ч тал анхаарч үзсэнгүй гэж Нидерландын Аюулгүй байдлын зөвлөл мэдэгдлээ. Түүнчлэн зенитийн “Бук” төхөөрөмжөөс харвасан пуужинд онгоц оногдсоноос нисгэгчид нь тэр дороо нас барсан гэж тус комисс дүгнэжээ. Осол болох үед Снежное хотын хавь орчныг зэвсэглэсэн хууль бус бүлэглэлүүд хяналтдаа байлгаж байсан гэж илтгэлдээ тусгахыг Украины эрх баригчид шаардсаныг комисс хүлээж аваагүй аж.
Донбасст сүйрсэн онгоцны талаарх материалуудыг гартаа барьчихаад байгаа мөртлөө “Бук” пуужинг чухам хаанаас харвасан тухайд яг таг дүгнэлт хийж болохгүй байна гэж Нидерландын Аюулгүй байдлын зөвлөлийн сонордуулсан олон улсын шинжээчдийн багийн илтгэлд өгүүлжээ. Энэ дүгнэлтийг “Төвийг сахисан, ил тод, олон улсын дүрэм журамд нийцсэн” гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер үзсэн байна.