Манай улсад 5-17 настай зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ насны 138 мянга гаруй хүүхэд ажил эрхэлж буй аж.
Тэдний 58 мянга гаруй нь аюултай ажил хийдэг гэнэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагынхан хамтран хийсэн, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны үр дүнд дээрх дүгнэлтийг гаргасан байна. Уг судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ өчигдөр болсон юм. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 8.8 хувиар нэмэгдсэнийг судалгааны багийнхан онцлов. Ажил хийж буй хүүхдүүдийн олонх буюу 62.6 хувь нь хөвгүүд аж. Байршлын хувьд Улаанбаатарт амьдардаг 10 хүүхдийн нэг нь ажил хийдэг.
Харин хөдөө амьдардаг гурван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүн гарчээ. Бас тэд голчлон хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгааг судалгаагаар тогтоосон гэнэ. Ялангуяа эмнэг сургах, хурдан морь унах, мөн морь уяхад туслах зэрэг ажил хийж байгаа нь аюултай хөдөлмөрт тооцогдохыг судалгааны тайланд дурджээ. Үүнээс гадна ачаа өргөх, зөөх, барилга барихад туслах зэрэг ажил хийдэг байна. 5-17 насныхан хөдөлмөр эрхлэх болсон шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ . Гэр бүлийнх нь амьжиргааны нөхцөл тааруу буюу орлого багатай бол хүүхдүүд хөдөлмөр эрхэлж, эцэг, эхдээ тусалдаг аж. Нөгөө талаар эцэг, эх нь салсан, эсвэл архины хамааралтай бол хүүхдүүд нь хөдөлмөр эрхлэх тохиолдол түгээмэл байгааг тогтоожээ. Мөн гэр бүлийн орлого нь хангалттай боловч эцэг, эхийн хараа хяналт сул орчинд өсөж буй хүүхдүүд хөдөлмөр эрхлэх тохиолдол түгээмэл байсан гэнэ.