Эрх баригчид Төрийн ордноо шүүхийн танхим болтол нь сонсгол зохион байгуулж байна. Даргалагч нь тэнд шүүгч шиг л аашилж, дуртай нэгнээ дээш “өргөж”, дургүйгээ “дүүжилдэг” болов. Өөрөөр хэлбэл, улс төрчид шүүх засаглалынхны ажлыг булааж, Төрийн ордонд хэн дуртайгаа дуудаж, байцаадаг болсон нь энэ. “Улныхан” гэж цоллуултлаа ядарч туйлдсан иргэдийг жагсаж тэмцэх бүрд нь тэд сонсгол нэртэй жүжиг тоглож өгч, амыг нь тагладаг. Ачиртаа бол иргэдийн биш, өөрсдийнхөө л эрх ашгийн төлөө юм шүү дээ.
Өнгөрсөн хугацаанд төрөөс зохион байгуулсан утааны, нүүрсний хулгайн, Хөгжлийн банкны, эмийн, хүний эрхийн зэрэг сонсгол нь үүнийг батална. Эдгээр сонсгол нь иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангах гэхээсээ илүүтэй эрх баригч намынхны, төрийн албан тушаалтнуудын тодордог, попордог талбар болоод дууссан. Дарга нар ч сонсгол далимдуулж элдэв сурталчилгаагаа ил цагаан хийж, сөрөг хүчнээ “намначхаад”, аж ахуйн нэгжүүдээ “улалзуулж”, ард түмнээ хууран мэхэлчхээд алга болцгоосон.
Иргэд уг нь авилга, хээл хахуульгүй, шударга, хүнлэг нийгмийг л хүсдэг. Харамсалтай нь, эрх баригчид, сайд, дарга нар утаагүй, эрүүл, аюулгүй орчинд үр хүүхдээ өсгөх, ажлаа тараад гэртээ харихдаа нийтийн тээврээр чирэгдэлгүй зорчих, өвдсөн үедээ чанартай эм уух гэх зэрэг бидний наад захын хэрэгцээг хангаж чаддаггүй. Тиймдээ ч хулгайгаа нуух, бултуулах, ард олны санаа сэтгэлийг “хөөсрүүлж”, мартагнуулах мэргэн, түргэн арга нь нээлттэй сонсгол гэдгийг тэд мэддэг.
Амташсан хэрээ 13 эргэх
Хамгийн сүүлд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” хяналтын сонсголыг үе шаттай зохион байгуулж дууслаа. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалсан. Өмнө нь тэрбээр “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” сонсголыг мөн удирдан зохион байгуулсан ч үр дүнд төдийлөн хүрээгүй. Энэ удаад нухацтай хандах болов уу гэсэн олны итгэл, хүлээлтийг гишүүн Ж.Чинбүрэн уландаа гишгэж, сонсголын эхний өдрөөс л иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, асуулт асуух эрхэд нь бүдүүлгээр халдсан. “Дэгээ барьсангүй, сэдвийн бус зүйл ярилаа” гэх шалтгаанаар микрофоныг нь унтрааж, яриаг нь таслах, зэрэгцэж ярих зэргээр хүндэтгэлгүй, ёс зүйгүй авирлав. Өмнөх эмийн гэх сонсголын үеэр ч тэрбээр иймэрхүү үйлдэл олонтоо гаргаж, алх атгасан шүүгч мэт оролцогч нарыг эрүүдэн шүүх нь холгүй аашилсан нь зураг, бичлэгтэйгээ хэвлэлийн хуудсанд үлдэж. Амташсан хэрээ 13 эргэхийн үлгэрээр гишүүн Ж.Чинбүрэн энэ удаагийн сонсголыг даргалахдаа ч өөрийгөө л “тодруулж”, гол дүр байлгахыг чухалчилсан болохоос бус, тэнд ярьсан хавдар, эх, хүүхдийн эрүүл мэндийн асуулыг төдийлөн хайхарсангүй.
Үр дүнгүй сонсголууд “үйлдвэрлэсэн” хэвээрээ
УИХ-ын болон Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, ил тод байдлыг хангах зорилгоор ерөнхий хяналтын болон нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулж ирсэн. Уг нь сонсгол гэдэг нь тодорхой нэг асуудлыг олон нийтийн өмнө тал бүрээс нь хэлэлцүүлж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний дагуу гарц шийдэл хайн, үр дүнд хүргэх, буруутай этгээдүүдэд нь хариуцлага хүлээлгэх зорилго бүхий үйл явц билээ. Гэвч манайд зохион байгуулсан бүх хэлбэрийн сонсголын дараа ямар үр дүн гарав, асуудал яаж цэгцрэв, гэм буруутнууд хариуцлага хүлээж, улс, нийтийг хохиролгүй болгож чадсан уу гэдэг асуулт бүрхэг хэвээрээ. Тухайлбал, 2019 онд зохион байгуулсан утааны асуудлаарх олон нийтийн нээлттэй сонсголын дараа тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэх боловч үр дүн гараагүй, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсон, эсэх талаар мэдээлэл олдоогүй. Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүртэл оролцож, санал бодлоо илэрхийлж байв. Энэ нь Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу явагдсан ерөнхий хяналтын анхны сонсгол байсан юм. Тус сонсголоор агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар хэлэлцсэн. Гэвч ямар ч ач холбогдолгүй арга хэмжээ болсныг нь өнөөдрийн “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” хяналтын сонсгол гэрчилж байна. Өөрөөр хэлбэл, бид зургаан жилийн өмнөхөө өнөөдөр ч тоть шиг давтаж ярьсан хэвээрээ, нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй. 2018-2025 онд гэхэд л угаарын хийн хордлогоор 720 хүн нас барчхаад байхад эрх баригчид энэ удаагийн сонсголоор 163 хүн нас барсан гэж худал мэдүүлж, иргэдээр даажигнан, “тавлаж” сууна.
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” сонсголыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-17-нд зохион байгуулах үеэр мөн л эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөл, бүртгэл, хяналт зэрэг асуудлыг хэлэлцсэн. Сонсголын дараа ажлын хэсгийнхнээс эмийн салбарын удирдлага, хяналтыг сайжруулах шаардлагатайг онцолж, холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн. Цөөнгүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа ч өнөө хэр нь шийдвэрлэсэн нэг ч тохиолдол алга. Тэгвэл ногоон автобусны худалдан авалтын сонсголын үр дүнд холбогдох албан тушаалтнуудад сануулга өгөх, хяналтыг сайжруулах арга хэмжээ авсан гэх. Үүнийг тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 21-22-нд зохион байгуулсан ногоон автобусны худалдан авалтын асуудлаарх сонсголын дараа нийтийн тээврийн парк шинэчлэлийн худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр албаныхан ажиллажээ. Зарим албан тушаалтны хэргийг шалгаж дуусан, шүүхийн шатанд шилжүүлсэн ч хянагдаж буй гэхээс өөр мэдээлэл алга.
Улс төрийн хариуцлагыг тодорхойлох, нийгмийн үр дагаврыг тооцох чухал үйл явц
Нээлттэй сонсголуудыг олон улсад ч мөн зохион байгуулдаг. Энэ нь ихэвчлэн олон нийтийн ашиг сонирхлыг хөндөх, ил тод байдлыг хангах, хариуцлага нэхэх болон шийдвэр гаргагчдыг хянах зорилготой аж. Жишээлбэл, АНУ-д төрийн байгууллагууд, Конгресс болон Сенатын комиссуудаар олон салбарын реформ, санхүүгийн янз бүрийн асуудлаар нээлттэй сонсгол хийдэг байна. 2008 оны санхүүгийн их хямралын дараа Конгрессын сонсголууд олон нийтийн анхаарлыг маш их татсан бөгөөд үүний үр дүнд банк, санхүүгийн байгууллагуудыг шалгаж, томоохон корпорацууд, төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож. Гол зорилго нь санхүүгийн үйл ажиллагааг хянах, шинэ хууль боловсруулах, хямралын шалтгааныг тодорхойлох байсан бөгөөд үр дүнд нь төрийн хяналтыг чангатгаж, хуулийн хүрээнд санхүүгийн дараа дараагийн хямрал гарах эрсдэлийг зогсоож чадсан явдал юм. Түүнчлэн Европын Холбооны улсуудын Парламентын комиссууд нь олон нийтийн өмнө ил тод байдлыг хангах зорилгоор, ялангуяа улс орнуудын хөрөнгө оруулалт, засаглал, байгаль орчны асуудлуудаар олон нийтийн сонсгол зохион байгуулж иржээ. Британид ийм аргаар төрийн санхүүгийн асуудлуудыг авч хэлэлцэн, хариуцлага тооцсон жишээ ч бий. Олон улсад сонсголыг тухайн асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх, улс төрийн хариуцлагыг тодорхойлох, эдийн засаг, нийгмийн үр дагаврыг тооцох чухал үйл явц гэж үздэг. Энэ нь ардчилсан нийгмийн нэг хэсэг, иргэдийн оролцоог хангах чухал хөшүүрэг гэсэн үг.
Төрийн сонсголуудын нэг хэсэг нь шийдвэрлэх үр дүнд хүрдэг бол зарим нь зөвхөн асуудал хөндөх, ил тод байдлыг хангах үүрэгтэй. Гэхдээ ямар ч төрлийн сонсголууд хариуцлагыг тодорхой хэмжээнд нэхэж чаддаг аж. Ерөнхийдөө энэ нь тухайн улс орны асуудал болон эрх зүйн хүрээнээс хамаардаг. Үүнийг Австрали, Герман, Канадын хөрөнгө оруулалтын, төрийн өндөр албан тушаалтнуудын авлига, хууль бус ажиллагаануудын, Шведийн уул уурхайн салбарт явагдсан авлига, хуурамч гэрээний, Кенийн хөрөнгийн зах зээлийн луйвар, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн авлигын хэрэг хийгээд төрийн томоохон байгууллагуудтай холбоотой асуудлын, Швейцарын банкны хэргүүд, Филиппиний орон сууцын хөтөлбөрүүд гэх мэт сонсгол гэрчилж, баталдаг. Эдгээр жишээ нь төрийн сонсголууд ямар нэгэн хэмжээгээр хариуцлагыг тодорхойлж, тооцох үйл явцад нөлөөлдгийг харуулж байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Харин Монголд болж буй сонсголууд улс төрчдийн шоу, пиар, нэгнээ “намнах” хэрэгсэл, өөрсдийгөө дөвийлгөж, сурталчлах талбар болж хувирчхаад байгааг дахин сануулъя. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Хэлэлцүүлэгт уг нь хэдийгээр төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрчид, эрдэмтэн, судлаачид, иргэд гээд бүх шатныхан оролцож байгаа ч олон талын байр суурь харагдахгүй, хэт нэг талыг баримталсан, удирдлагын хяналт, зорилго алдагдсаар буй юм. Ихэнх тохиолдолд сонсголыг удирдаж буй хүмүүс зорилгоосоо хазайж, хувийн болон улс төрийн ашиг сонирхол “ханхлуулж”, пиар хийхэд л анхаардаг. Олон нийтийн санал, мэргэжилтнүүдийн зөвлөмж, иргэдийн үг, оролцоо тэдэнд огтхон ч сонин биш гэсэн үг.
Үр дүнтэй сонсголын гол бүрэлдэхүүн нь оролцогчид болон иргэдийн чөлөөт харилцан яриа, санал солилцоо байдаг. Гэтэл сонсгол удирдаж буй дарга нарын болон зарим оролцогчийн ашиг сонирхол нь тухайн асуудалд анхаарч, гарц гаргалгаа хайх, хариуцлага тооцохоос илүүтэйгээр өөрсдийн байр суурийг батлахад чиглэсэн байх нь элбэг. Иймд сонсголыг ил тод зохион байгуулж буй л бол олон нийтийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, улс төрийн дарамтаас ангид, хараат бус байдлаар явуулах, сонсголын дараах үр дүнг хянадаг тогтолцоо бүрдүүлэх, түүнийгээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, хариуцлага хүлээлгэх механизмтай болгох, төрийн байгууллагуудын үүрэг, хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэйг иргэд хэлж байна.