Зуун жилийн нүүр үзсэн ч өнгө зүс нь өөрчлөгддөггүй, итгэл үнэмшил, үйл ажиллагаа нь социализм “ханхлуулсан” хэвээрээ, ашгийн төлөө “төрчихсөн” мэргэжлийн нэртэй дампуу холбоодыг татан буулгах цаг болжээ. Өөрөөр хэлбэл, социализмаас угшилтай, нам дагаж намирдаг, мөнгөтэй бүхэнд “мөргөдөг” холбоодыг, тэдний үйл ажиллагаа, ухуулга сурталчилгааг орчин үеийнхэн элэглэж, цэрвэх болов. Залуусыг төлөөлдөг ганц холбооныхон нь гэхэд л хэнд ч хэрэггүй одон, медаль тараан, эрх баригчдыг аялдан дагалдаж, санал цуглуулагчид, цүнх баригчид нь болчихсон учраас арга ч үгүй биз дээ.
Монгол Улсад мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрлийн холбоо байдаг. Тэдгээрээс иргэдэд хамгийн их танигдсан нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ), Монголын залуучуудын холбоо (МЗХ) зэргийг нэрлэж болно. Тус холбоод нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалах гэхээсээ улс төрийн намуудад илт үйлчилдэг, улс төрчдийн сонгуулийн “хэрэгсэл” болчихсонд л иргэд дургүйцээд буй юм. Мэргэжлийн холбоодыг төрийн өндөр албан тушаалтан, улс төрчид далдаас удирдаж, санхүүжүүлдэг, захиалгаар улс төржүүлдэг, жагсаал цуглаанд улайм цайм турхирдаг болсныг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр цөөнгүй гишүүн шүүмжилж байв.
Бурхангүй газрын бумба галзуурав
МЭХ-ны 21 аймаг, есөн дүүргийн удирдлага нь МАН-ын гишүүн. 2018 оноос хойш ерөнхийлөгчөөр нь Б.Оюунгэрэл гэх эмэгтэй ажиллаж буй бөгөөд тэрбээр 2023 онд улиран томилогдсон байдаг. Шуудхан хэлэхэд, Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг МАН-д арилжчихсан түүнийг мэргэжлийн холбооныхоо үйл ажиллагааг хэрхэн чиглүүлэхээ мэддэггүй, дүрэм журмаа мөрддөггүй, дархан эрхтэй ерөнхийлөгч гэдгээр нь хүмүүс анддаггүй юм билээ. Холбооны хурлаа хийхдээ хүртэл гишүүддээ сая төгрөгийн такс шахдаг, тэгтлээ цензурддэг хүн иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь юу л бол. М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүн болоогүй байхдаа тус холбооны хуралд үг, үзэл бодлоо илэрхийлэх гэж очоод хөөгдсөнийг уншигчид мартаагүй байх. Шалтгаан нь Б.Оюунгэрэлийг, холбооны үйл ажиллагааг нь шүүмжилсний төлөө шүү дээ.
Б.Оюунгэрэл МЭХ-ны “жолоо”-г долоон жил атгахдаа “үсрээгүй” салбар, хийгээгүй ажил бараг үгүй гэдэг. Гэвч иргэд түүнийг төсвийн мөнгөөр төрийн айлчлалд үргэлж шургалдаг, эмэгтэйчүүдийн нэрийг “худалдаж”, гадаад, дотоодоос их хэмжээний мөнгө “босгож”, завшдаг хэмээн шүүмжилсээр байна. Сүүлдээ бүр түүхэн эмэгтэйчүүдийг хүртэл зүгээр байлгахгүй, тэднийг “зарж, иддэг” боллоо гэцгээж буй. Энэ нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал, МЭХ-ны анхны даргаар нь ажиллаж байсан Д.Пагмадулам (Д.Нацагдоржийн гэргий) нарын амьдрал, урал бүтээл, туулсан замналаас нь сэдэвлэн бүтээсэн түүхэн хоёр киноны тухай ярьж буй хэрэг. “Улаан цэцэг”, “Пагмадулам” киног Б.Оюунгэрэл продюсерлосон бөгөөд дэлгэцэд гарсан даруйдаа л иргэд, олон нийтээс маш их шүүмжлэл хүртсэн, одоо ч хэл ам дагуулсаар л байна. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчийн үлгэрээр мэргэжлийн холбооны ажил, үүрэгт кино бүтээх тухай нэг ч зүйл заалт байхгүй атал тэрбээр ийнхүү амбицалж явна.
“Хийх юм олдохгүй бол явж ажил хай”
МЗХ-ныхон ч өнгөрсөн хугацаанд дуугүй суусангүй. Холбооны дарга Б.Сэргэлэнбаатар гэх залуу Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй барьцалдаж авахдаа тулсан нь саяхан. Тэрбээр “УБЕГ-ын даргаар Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан У.Болдхүүг томиллоо. Дарга хийх ямар ч чадамжгүй хүнийг яагаад та сонгосон юм бэ. Энэ хүн эрх мэдлээ ашиглан, МЗХ-ны удирдлагыг сольчихсон. Гэтэл бид энэ талаар огт мэдээгүй. Дараа нь намынхаа хэдэн залуучуудыг явуулаад МЗХ-ны хаалгыг эвдэж, цоожны голыг нь солиод, эзэн суучихлаа” гэх нь тэр. Харин үүний хариуд сайд О.Алтангэрэл “Би хууль бус томилгоо огтхон ч хийгээгүй. УБЕГ-ын даргыг Хууль зүй, дотоод хэргийн сайд томилдоггүй. Залуу хүмүүс байж нам засаг ярьж, сандал суудлын араас үхэн хатан хөөцөлдөж явахаасаа ичээсэй. Хийх юм олдохгүй байгаа бол явж ажил хай” гэснээр энэ хэрүүл намжсан. МЗХ-ны үйл ажиллагаа нь энэ мэт эмэгтэйчүүдийнхээсээ ч гавьж шальдаггүй. Иргэдэд биш, үеийн үед нам, улс төрчдөд үйлчилсээр ирснийг олон нийт анддаггүй билээ. Тиймдээ ч тэдний нийслэл дэх төв байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг олон нийт уриалсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголын болоод залуучуудын хөгжилд тоймтой үүрэг гүйцэтгэдэггүй, оруулсан хөрөнгөгүй энэ байгууллагыг татан буулгаж, байрыг нь өөр зориулалтаар ашиглахыг шаардсаар буй. Сонгуулийн жилүүдэд л амь орж, сонгож болох, болохгүй нэр дэвшигчдийн “хар жагсаалт” гээчээр иргэдийн тархийг угааж, сонголт хийх эрхэд нь бүдүүлгээр халддаггаас бусдаар хийх ажилгүй МЗХ-г татан буулгавал зохилтой гэдэгт иргэд ийн санал нэгдсээр байгаа юм.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2024 оны эхний хагас жилийн байдлаар 245.8 мянган хуулийн этгээд бизнес регистрийн санд бүртгэлтэй байна. Үүний 32 мянга нь буюу 13 хувь нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо аж. Эдгээрийн 30 орчим хувь нь л тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, олонд танигдаагүй ч та, бидний тархийг угааж, нам, улс төрчдөд үйлчилдэг мэргэжлийн гэх гоё нэртэй холбоод, төрийн бус байгууллага өч төчнөөн бий.
Хуулийг хэрэгжүүлэх, хянах тогтолцоо нь алга
Манай улс уг нь ийм төрийн бус байгууллагууд болон холбоодыг цэгцлэх, гишүүнчлэл, үйл ажиллагаа, үүрэг чиглэл, зохион байгуулалтыг нь тодорхой болгох үүднээс суурь хуулийг нь шинэчлэн боловсруулж, 2024 онд баталсан байдаг. Тодруулбал, Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оноос боловсруулж, нэрийг нь Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болгон өөрчилснийг өнгөрсөн онд баталсан юм. Тус хуулийн 4.1.1-т “Мэргэжлийн холбоо гэж салбар, эсхүл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тухайн салбарын мэргэшсэн хүнээс бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоог хэлнэ”, 4.1.2-т “Мэргэжлийн нэгдсэн холбоо гэж тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилго бүхий холбоог хэлнэ” гэж тус тус томьёолжээ. Энэхүү хуулийг баталснаар холбоог татвар төлөгчөөр бүртгэн, хяналтад оруулж, ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа явуулахыг хянах, хариуцлага тооцох боломжийг бүрдүүлсэн юм. Мөн төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийг нэмэгдүүлэх замаар хуулийн этгээдийн чадавхыг бэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүй, хариуцлагыг нь сайжруулах, олон нийтийн ойлголт, дэмжлэгийг нэмэгдүүлэх тогтолцоо бий болгосон. Гэсэн ч тус хуулийн хэрэгжилтийг нь хангаж, хянадаг тогтолцоо нь одоо болтол бүрдээгүй. Дагаж мөрдүүлэхтэй холбоотой дүрэм журам нь тодорхойгүй учраас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодынхон ийнхүү дураараа авирласаар байна.
Олон улсаас суралцъя
Тэгвэл олон улсад тухайлбал, эмэгтэйчүүдийн болон залуучуудын холбоо нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, эрх ашгийг нь хамгаалах, манлайллыг дэмжих зорилготойгоор ажилладаг. Эмэгтэйчүүдийн холбоо нь гэхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш эрхийг хангах, эдийн засгийн оролцоог нь нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр олон хөтөлбөр, сургалт, менторшип зохион байгуулдаг. Мөн эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлээр санхүүжилтийн сүлжээ үүсгэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, төрийн бодлогод эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн зүйл заалт тусгуулах, бусад карьерыг нь дэмжсэн сургалт, нөлөөллийн ажлууд хийдэг аж. Залуучуудын холбоод нь ч ялгаагүй, нийгмийн асуудлуудад залуусын оролцоог нэмэгдүүлэх, инновац, старт -ап, бизнес хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сурч боловсроход нь тэтгэлэг олгох, нийгэмд чиглэсэн төслүүд, олон улсын сайн дурын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, төрийн бодлогод залуусын дуу хоолойг хүргэж ажилладаг.
Харин манай сайн дурын байгууллагууд 100 жилийн нүүр үзсэн ч намуудын нөлөөнөөс гарч чадаагүй. Тиймдээ ч сонгуулийн үеэр л олон нийтийн тархийг угааж “голоо зогоож” буй. Энэ нь иргэний нийгмийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд саад болж буй юм. Иймд холбоодыг хараат байдлаас нь гаргахын тулд гадаадаас хандив, төслийн санхүүжилт татах, гишүүнчлэлийн загвар нэвтрүүлэх, хаанаас, хэрхэн санхүүжиж буйгаа олон нийтэд тайлагнах, иргэний нийгмийн орон зайд улс төрийн намуудын оролцоог хязгаарлах, олон нийт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ашиг сонирхлын төлөөх холбоодыг ялгаж зааглах, социалист арга барилыг өөрчлөх, ингэхдээ олон улсын сайн загваруудыг нутагшуулах хэрэгцээ, шаардлага байна.