Хүүхдийн номын сан, театр, соёл, спортын цогцолбор зэрэг багачуудын хөгжлийг дэмжих төв барихаар санхүүжилтийг нь анх ард иргэдээс “босгосон” Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хийсэн ганц ч бүтээн байгуулалт өнөөдөр алга. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулсан билээ. Үүнээс хойш сангийн хөрөнгөөр чухам юу хийсэн талаар “Өнөөдөр” сонин 2023 онд хөндөж, асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл бичиж байв. Өөрөөр хэлбэл, тус санд төвлөрсөн хөрөнгийг зориулалтынх нь дагуу буюу хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулж буй, эсэхэд хяналт тавьсан юм. Гэвч тухайн үед хариуцсан яам, тамгын газрын эрх мэдэлтнүүд нь хэлэх үггүй сууж байв. Шилний цаанаас чихэр долоолгосон байдал одоо ч хэвээр. Нөхцөл байдал огт өөрчлөгдсөнгүй.
19 тэрбум төгрөг төвлөрчээ
Хүүхдийн төлөө санд өнөөдрийг хүртэлх хугацаанд 19 тэрбум гаруй төгрөг цугларчээ. Тодруулбал, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар борлуулсны орлогоос 16.9, “Хүүхдийн фонд” төрийн бус байгууллагаас буюу соёл урлаг, спортын үйл ажиллагаанаас 2.1 тэрбум, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандиваас 17.2 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Сүүлийн нэг жилд гэхэд таван тэрбум төгрөг хуримтлагдсан байх юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын тайлан, мэдээлэлд дурдсанаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уг сангийн хөрөнгөөс 590 гаруй сая төгрөгийг олон улс, тив, дэлхийн соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, наадамд амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж, урамшуулахад зарцуулсан аж. Өөрөөр сангийн хөрөнгөнд “гар хүрч”, захиран зарцуулаагүй гэх. “Шилэн данс”-ны мэдээллээс харахад, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг холбогдох журмын дагуу зарцуулахаар буюу хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, амжилт гаргасан сурагчдыг шагнаж, урамшуулахаар сүүлийн жилүүдэд төсөвт багагүй хэмжээний мөнгө суулгаж ирсэн байв. 2023 онд 9.2 тэрбум төгрөг хуваарилсан ч 328.5 саяыг нь шагнал, урамшуулал хэлбэрээр тараажээ. Өнгөрсөн онд 9.5 тэрбумыг захиран зарцуулахаар төлөвлөөд, 260.7 саяыг нь “үржээ”. Харин өнөө жил уг сангийн хөрөнгөөс 8.3 тэрбумаар нь ажил хийхээр төсөвлөсөн аж. Гэвч юу хийх, ер нь хүүхдэд зориулсан ганц ч болов бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, эсэх нь урьдын адил бүрхэг.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр тэдэнд зориулсан дорвитой ажил яагаад хийхгүй, шагнал, урамшуулал төдийхөнд зарцуулсаар байна вэ. Энэ асуултад хариулах ёстой гол байгууллагынхан нь үүнийг сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төсөл, хөтөлбөрийн чанар, ач холбогдолтой холбож тайлбарласан хэвээрээ. Өөрөөр хэлбэл, яг ямар төрлийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх нь тодорхойгүй, сонгон шалгаруулалтад ирүүлж буй төслүүд шаардлага, шалгуур хангахгүй байна гэх бэрхшээл тоочдог. Мөн томоохон бүтээн байгуулалт хийхэд хангалттай хүрэлцэхүйц хэмжээний мөнгө сангийн дансанд хуримтлагдаагүй гэж ам тагладаг. Манай улсад нэн шаардлагатай хүүхдийн номын сан, театр зэргийг байгуулахад багадаа 10 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог ч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан танилцуулсан удаатай. Тэдний тооцоолсны дагуу бол өдгөө уг сангийн дансанд томоохон хоёр ч бүтээн байгуулалт хийх хэмжээний мөнгө төвлөрчихсөн байна. Түүнчлэн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхэд хамгийн том тээг учруулсан гэх журмаа ч өөрчилсөн. Үндсэндээ одоо Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх бүх боломж нөхцөл бүрдчихлээ. Хэрэв өнгөрсөн хугацаанд тэдний тоочиж ирсэн “зовлон бэрхшээл” үнэн бол шүү дээ.
“Үхмэл” санг амь оруулсан уу
Хэвлэл мэдээллийнхэн л “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө юу болов” хэмээн үе үе асууж сураглахаас бусдаар хариуцсан албан тушаалтнууд нь ажил хэрэг болгохгүй байсаар бараг л мартуулсан. Хүүхдийн төлөө санг байгуулах үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан А.Ариунзаяа гишүүн гэнэт ийм сан байдгийг санасан уу гэлтэй одоогийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тусгай сангийн санхүүжилтийн талаар асууж “цочоов”. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн аравдугаар сарын 14-ний УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан мөнгө арвижиж, 19 тэрбум төгрөг болжээ. Сангийн санхүүжилтийг яаж зарцуулж байна вэ. Дорвитой бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахгүй байгаа нь тухайн жилийн төсөвт зарлагаа тусгаж батлуулахтай холбоотой. 2024 онд төсөвт 9.5 тэрбум төгрөг хуваарилсан байна, энэ мөнгийг зарцуулсан уу. 2025 онд найман тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ. Хэрэгжүүлэх төслүүд нь бэлэн үү” хэмээсэн юм. Л.Энх-Амгалан сайд хариуд нь “19 тэрбум төгрөг төвлөрсөн. Харамсалтай нь, 2023, 2024 онд төсөвлөсөн мөнгөө зарцуулж чадаагүй. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмаас болж тодорхойгүй байдал үүссэн. Тиймээс журмыг нь өөрчилсөн. Ингэснээр энэ санд төвлөрсөн хөрөнгийг сургууль, цэцэрлэг, тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролын байгууллага барих, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах эрх зүйн боломж бүрдсэн” гэв. Удалгүй УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр мөн л А.Ариунзаяа гишүүн “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг юунд зарцуулах юм бэ, татан буулгах асуудал яригдаж байна уу” хэмээн лавшруулан асуусан билээ. “Хүүхдийн төлөө сан юу ч хийж болдоггүй, чөдөр тушаа болсон журамтай л байсан. Одоо өөрчилж, Засгийн газраар батлуулан, “амь” орууллаа. Сангийн мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулна” хэмээн Л.Энх-Амгалан унтууцангуй хариулсан. А.Ариунзаяа гишүүн сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байхдаа хуруугаа ч хөдөлгөөгүй байж өөр хүний мэдэлд шилжсэнийх нь дараа ихэд санаа зовж буй бололтой. Харин одоогийн сайд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг урьдын адил хав дараад суух уу, шаардлагатай бүтээн байгуулалтад зарцуулах уу гэдэг нь тодорхойгүй.
“Үхмэл” санг амь оруулсан мэтээр дөвийлгөсөн журмыг хэрхэн шинэчлэв. 2021 онд Засгийн газрын 172 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг анх баталсан. Үүнд тодорхой гурван зүйлийг л санхүүжүүлэхээр тусгасан байв. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, олон улс, тив, дэлхийд соёл урлаг, спортын тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг урамшуулах, мөн тухайн чиглэлд амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжихээр заасан. Тэгвэл 2024 оны аравдугаар сард Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчилсэн. Үүнд сангийн санхүүжилтээр хүүхдэд зориулсан барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах тухай тусгажээ. Энэ нь хүүхдэд зориулсан томоохон цогцолбор барих анхны зорилгоосоо хазайж, хөрөнгийг нь тал тал тийшээ тарамдуулахад хүргээд байна. Мөн олон улс, тив, дэлхийн наадамд амжилттай оролцсон хүүхдийг 1-5 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах, энэ төрлийн наадамд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх заалт нь хэвээр үлджээ. Түүнчлэн тус журамд сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа гаргах, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаас бусад арга хэмжээнд урамшуулал, дэмжлэг, тусламж хандив олгохыг хориглосныг сануулахад илүүдэхгүй биз.
Тусгай сангийн “эзэд”-ийг хариуцлагажуулъя
Манай улсын томоохон хэвлэлийн газарт хүүхдийн номын зураачаар ажилладаг нэгэн эрхэм “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Хүүхдийн фонд” байгуулах нэрийдлээр хүүхдийн нэр барьж мөнгө цуглуулан, шоу хийсэн. “Ковид-19” цар тахлын үеэр мөн л хүүхдийн нэр барьж, вакциныг өндөр үнээр дамлан зарласан. Боловсролын хөтөлбөр шинэчлэх нэрийдлээр бас л хүүхдүүдээр түрээ барьж, олон тэрбум төгрөг завшиж байгаа. Энэ Засгийн газар хүүхдэд үнэхээр ээлгүйг бид харж байна” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичсэн нь үнэний ортой “зарга” байв. Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаанаас л энэ нь маш тодорхой харагддаг. 2021 онд Хүүхдийн төлөө санг байгуулахад Засгийн газрын тэргүүн, сайд, дарга нар хэчнээн сайн сайхан зүйл ярьж байлаа. Гэвч ярьсан шигээ ажилласангүй. Сангийн удирдлага болон өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцсан байгууллага, албан тушаалтнууд ч сэтгэлгүй, хариуцлагагүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих журамд “Сангийн удирдлагыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ”, “Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэж заасан. Энэ дагуу бол Хүүхдийн төлөө санг өдгөө Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан удирдаж, өдөр тутмын үйл ажиллагааг нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан хариуцаж буй. Гэвч тус яамныхан сангийн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн талаар нэгдсэн мэдээлэлгүй, өмнөхийн адил өөрсдөөсөө холдуулж, харьяа агентлаг руугаа “бултуулсан”. Сангийн үйл ажиллагааг хариуцаж буй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, харьяа Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга нараас мэдээлэл авахаар холбогдсон ч “Орон нутагт явна” хэмээн хариулт өгөхөөс цааргалав. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга нь ажлаа хүлээж аваад нэг сар л болж байгаа учраас Хүүхдийн төлөө сангийн тухай дуулснаас биш, танилцаж амжаагүй гэдгээ ч нуусангүй. Сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийн төлөө бүтээн байгуулалт өрнүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд ийм хариуцлагагүй, хайхрамжгүй байхад багачууд юу хүлээх вэ.
Хүүхдийн бүхий л эрхийг ноцтой зөрчдөг Монгол Улсад Засгийн газар гар хумхиж суух нь үл хайхрах хүчирхийлэл юм. “Шилэн данс”-нд байршуулсан Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө 19 тэрбумд хүрсэн нь үнэн бол хүүхдийг хөгжүүлэх ганц төв ч болов бариад өгөөч. Ийм төв барина гэж цуглуулсан хөрөнгийг зориулалтынх дагуу ашиглах нь чухал болохоос “мөнгө нь байгаа” гэчхээд суух нь утгагүй. Засгийн газрын сангуудаас Хүүхдийн төлөө сан л бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, санхүүжүүлэх зохицуулалттай. Үүнийг сангийн “эзэд” мартаагүй байлтай. Энэ онд төсөвлөсөн 8.3 тэрбум төгрөгийг өмнөх жилүүдийнх шиг “царцааж”, цаг хугацаа үрэхгүй гэж найдъя. Ийм хэмжээний мөнгөөр томоохон хэмжээний бүтээн байгуулалт эхлүүлэх боломжтой. Түүнээс сургууль, цэцэрлэг, эмнэлэгт тоног төхөөрөмж авах төдийгөөр үрэн таран хийвэл хүүхэд хөгжүүлэх төв барих ажил лөөлөө болно. Нийгмийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг нь авч үзвэл хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ажлыг хойш тавих цаг бидэнд байхгүй.
Ч.Болортуяа, Ж.Сувдмаа