Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд сүүлийн үед “Мега төслүүд хэрэгжүүлж, том ажлуудаа урагшлуулж байж л тулгамдсан бэрхшээлүүдээ шийднэ” гэх сэнхрүүлгийн шинжтэй зүйл ярьж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын тоймгүй олон, толгой эргэм төсөл, хөтөлбөр танилцуулах боллоо. Нийслэлд гэхэд авто замын түгжрэлийг бууруулж, нэвтрэх чадварыг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг ая тухтай амьдрах, зорчих боломжоор хангах гэсэн малгайн дор ойрын жилүүдэд есөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөө зарлаад буй. Заримынх нь тендерийг хэдийн зарласан, ТЭЗҮ, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, судалгаа, үнэлгээний ажлыг нь тал талд хийж байгаагаа ч мэдээлсэн билээ. Метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин тээвэр нэвтрүүлнэ л гэнэ. “Шинэ тойрог зам”, “Туулын хурдны зам”, “Хөшигийн хөндийн салбар төмөр зам” зэрэг төсөл хэрэгжүүлж, нийслэлд олон түвшний уулзварууд байгуулах юм байх. Албаны хүмүүсийн зураглан ярьж, төсөөлөн “үзүүлж” байгаагаар бол Улаанбаатар хот 2028-2030 он гэхэд түгжрэл хэмээх толгойн өвчнөөсөө салчихсан, иргэд олон төрлийн тээврийн хэрэгслээр зорчих сонголттой болчихсон, зам, гудамжууд нь ачаалалгүй, цэлгэр, сэлүүхэн болох аж. Харин энэ олон төслөө хэрэгжүүлж чадахгүй талын нэг тарамдаж, хөрөнгө мөнгө, хүн хүчээ барж орхивол, судалгаа, тооцоогүй хөдөлбөл нөхцөл байдал одоогийнхоос улам дордож, түгжрэлийг шийдэх ажил жинхэнээсээ мухардалд орох эрсдэлтэйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болох эрсдэлтэй гэсэн үг. Жишээлбэл, нийслэлийн төвийн дүүргүүдийн авто замын нэвтрэх чадварыг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой “Шинэ тойрог авто зам” хэмээх төслийг хамгийн их эргэлзээ, эрсдэл дагуулж буй санаачилгаар нэрлээд байна.
Улаанбаатар хотод ийм төсөл хэрэгжүүлэхээр болж зөвлөх үйлчилгээний олон улсын тендер зарласнаа нийслэлийн холбогдох албаны хүмүүс өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлсэн. Төслийн хүрээнд 4-6 эгнээтэй, 13 км зам барихаар төлөвлөж буйгаа тухайн үед танилцуулсан юм. Ингэхдээ авто замаа дагалдуулан явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогц гудамж бий болгохоор тооцоолсон гэж байв. Харин нийслэлийн удирдлагууд өнгөрсөн сарын сүүлчээр төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөх үйлчилгээний компанийг шалгаруулснаа мэдээлэхдээ Улаанбаатар хотын “Шинэ тойрог авто зам”-ын нийт урт нь 23.7 км байна гэж мэдэгдсэн. Наадамчдын гудамжнаас ажлыг нь эхлүүлж “Өнөр” хороолол, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монел, Чулуун овоо, Туулын хурдны зам гэсэн маршрутын дагуу үргэлжлүүлж, тойрог үүсгэхээр зураг төсөл гаргаснаа ч танилцуулсан билээ. Харин дараа нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод барихаар төлөвлөсөн тойрог замын нийт урт нь 58.8 км үргэлжилнэ гэж мэдээлсэн. Анх танилцуулсан 13 км гэдэг тоо нь зөвхөн хотын төв хэсэгт, Их тойруугийн гудамжинд барихаар төлөвлөсөн замын хэмжээ аж. Харин дээрх маршрутуудын дагуу үргэлжлүүлснээр төслийн хүрээнд тавих нийт замын хэмжээ анхны тооцооллоос нь 4-5 дахин нэмэгдэх гэнэ. Одоо ярьж байгаа 23.7, 58.8 км гэдэг хэмжээ нь ч урьдчилсан тооцооллынх, ТЭЗҮ, зураг төслийг нь боловсруулсны дараа, ижил төрлийн бусад төслийн ажлаас хамаараад өөрчлөгдөж болзошгүй бололтой. Ямартай ч уг төслөөр Улаанбаатар хотын төвийн хэсгийн замын сүлжээг шинэчилж, одоогийнхоос нь эрс сайжруулах зорилт тавьжээ. Тэгвэл үүний цаана ямар эрсдэл байна вэ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Шинэ тойрог авто зам” төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал дунджаар 23.3 хувиар буурах тооцоотой байна. Иргэд хөдөө, орон нутгийг зорьж, нийслэлийн авто замын хөдөлгөөн эрс багасдаг зуны улирлынх шиг үр дүн гарна гэсэн үг” хэмээн ярьсан. Тэгвэл төслийн хүрээнд барих хэсэгхэн замын төлөвлөлтөд алдаа доголдол гаргахад л Улаанбаатар хотын хөдөлгөөний урсгалд үлэмж хэмжээгээр нөлөөлөх эрсдэлтэй гэнэ. Олон улсын байгууллагуудад төслийн шинжээч, мэргэжилтнээр ажиллаж байсан нэгэн залуу энэ талаар “Нийслэлийн авто замын сүлжээг эхнээс нь алдаатай, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй байгуулсан учир маш эмзэг. Төрийн айлчлал тохиолдуулан хэсэгхэн газрын замыг түр хугацаанд хаахад, засвар, шинэчлэлтэй холбоотой өөрчлөлт оруулахад хотын хөдөлгөөний урсгалд яаж нөлөөлдгийг бид мэднэ. Энэ нь манай хотын авто замын сүлжээ ямар эмзэг, нягт байгааг харуулдаг. Тиймээс зам, гүүр төлөвлөхдөө маш болгоомжтой хандах ёстой. Улаанбаатарт тойргийн загвараар буюу үргэлжилсэн байдлаар маршрут үүсгэж зам тавих бараг боломжгүй. Нэг л уулзварыг оновчгүй байршилд байгуулахад олон ажлын үр дүн салхинд хийснэ. Хэсэгхэн газарт төлөвлөлтийн алдаа гаргахад л хотын замын сүлжээнд илт анзаарагдахуйц хэмжээнд сөргөөр нөлөөлнө” гэсэн юм.
Аливаа ажлыг судалгаа, тооцоололд үндэслэж, шат дараатай, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр хэрэгжүүлдэг туршлага, сайн жишиг манай улсад байхгүй. Үүнээс болж бүтэлгүйтсэн, амжилтгүй болсон төсөл, хөтөлбөрийг тоолж барахгүй. Тэгэхээр тооцоо, судалгаанаас үүдэлтэй дээрх эрсдэлүүд бидний хамар дор бий гэсэн үг. Трамвай буюу хөнгөн галт тэрэгний шугамыг Зунжингаас Д.Сүхбаатарын талбай хүртэл тавина хэмээн ярьж байснаа хоёрхон сарын дараа Яармагаас эхлүүлэхээр өөрчилчихсөн шүү дээ. “Шинэ тойрог авто зам” төслийн маршрут, замын уртыг нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд хэдэн ч удаа өөрчилж, хэчнээн янзаар мэдээлэв. Францын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр зөвшилцөж, хөнгөлөлттэй зээл хүртэл авсан дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг газар чөлөөлөх ажлаас болоод гараан дээр нь хэрхэн гацаасан билээ дээ. Тэгэхээр дээрх төсөлд ч ийм эрсдэлүүд ойрхон гэсэн үг. Иргэд ч нийслэлийнхнийг ийм ажил хийж чадна гэдэгт итгэхгүй, “Мөнгө идэх гэсэн бас л нэг явуургүй арга” хэмээн шүүмжилж, хардаж байна.
“Шинэ тойрог авто зам” төслийн гол онцлог нь хонгилын систем, зангилаа уулзвар, давхар замаас бүрдэж буй. Тодруулбал, гүүр, давхар замаар нийслэлийн гол авто замуудыг огтлолцуулах үндсэн төлөвлөлттэй. Одоогийн авто замуудын дээгүүр, боломжит байршлуудад давхар зам тавина гэсэн үг. Олон сая хүн амтай, зам, тээврийн сүлжээ хөгжсөн орнууд гүүрэн гарц, зангилаа уулзвар байгуулах замаар түгжрэлээс сэргийлж, хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлдэг юм билээ. Харин манайх шиг авто замын эмзэг сүлжээтэй, хэт төвлөрөл, барилгажилттай бүсэд энэ шийдэл тохиромжтой, эсэх нь маргаан дагуулж байна. Хотын хамгийн их нягтралтай, хөдөлгөөний эрчим өндөр Их тойруугийн бүсэд давхар зам байгуулбал Улаанбаатар өнөөдрийг хүртэлх хугацаанд хадгалж, хамгаалж ирсэн “бетонон хот” хэмээх тодотголдоо жинхэнэ утгаараа хүрэхийг зарим нь сануулж буй. Энэ чиглэлээр хийсэн дорвитой ажил, хуримтлуулсан туршлага байхгүй учраас ийн болгоомжилж байгаа биз. Агаарт битгий хэл, газар дээр зам, гүүр байгуулах гэж хөгөө чирдэг улс шүү дээ, бид. Нийслэлийнхэн “Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр Баруун болон Зүүн дөрвөн зам, Баянбүрдийн тойрог, Их Монгол Улсын гудамжны авто замын нэвтрэх чадвар 10-23 хувиар сайжирна” гэхчлэн сайн сайхныг амлаж, эергээр төсөөлж буй. Гэхдээ үүнийгээ биелүүлж чадахгүй тохиолдолд учрах эрсдэл, хор хохирлыг тэд тооцоолж байгаа, эсэх нь эргэлзээтэй.
“Шинэ тойрог авто зам” хэмээх төслийн үндэслэл, бодит үр нөлөөний талаар байр суурийг нь сонсохоор нэгэн мэргэжилтэнтэй өчигдөр холбогдоход “Уг төсөл хотын ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн үзэл баримтлалтай хэрхэн уялдаж байгаа вэ гэдэг нь хамгийн чухал. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг эцэслэн батлаагүй, ид хэлэлцэж байгаа үед нийслэлд ирэх жилүүдэд хэрэгжүүлэх дэд бүтцийн ажлуудаа түрүүлж “хөдөлгөж”, ярьж эхэлснийг ойлгохгүй юм” гэсэн нь анхаарал татав. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг бол хот байгуулалтын толгой баримт бичиг юм. Энэ талаас нь харвал, өдгөө яригдаж байгаа зам, дэд бүтцийн төслүүд хотын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж буйг анхаарч, хэлэлцэх нь зүйн хэрэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Хот, хөдөөгийн сэргэлт” зэрэг баримт бичгүүдэд Улаанбаатар хотыг тэлэх, задлах байдлаар хөгжүүлж, түгжрэл, төвлөрлөөс үүдэлтэй тулгамдсан бэрхшээлүүдийг шийдэх талаар тусгасан байдаг. Гэтэл “Шинэ тойрог авто зам” хэмээх төслийн төлөвлөлт нь дотогшоо чиглэсэн, тээврийн хөдөлгөөний урсгалыг төвийн бүсэд төвлөрүүлэхээр байгааг учир мэдэх хүмүүс шүүмжилж буй. Энэ мэтчилэн дурдвал Улаанбаатар хотыг түгжрэлээс ангижруулах зорилготой эл төсөлд шүүмжлэлтэй хандах, анхаарах зүйл олон байна. Хэрэв тооцоо, судалгаагаа сайтар хийж, төлөвлөсөн ёсоороо хэрэгжүүлж чадахгүй бол энэ төсөл түгжрэлийг бууруулах биш, харин ч өрдөх эрсдэлтэй. Давхар зам барих санаачилга нь “агаарын” амлалт болж үлдэх магадлалтай юм.
Н.Мишээл