Хэнтий аймгийн нутаг, Онон голоос найман тул загас барьж, тээвэрлэж явсан хүмүүст тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сум дундын анхан шатны шүүхдээ шилжүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын хавсралтаар тулыг Ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Гэтэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай А.Түвшинжаргал, Х.Бат-Эрдэнэ нар тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэж явсан аж. Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 24.5-1 дэх хэсгийн “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тээвэрлэсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Нэг ширхэг тул загасны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 211 000 төгрөг байдаг бөгөөд гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол уг төлбөрийг хоёр дахин нугалж төлүүлэхээр Амьтны тухай хуулийн 37.2-т заасан байдаг. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, уурга, дэгээ зэргийг устгадаг, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай. Үүнээс өмнө Булган аймгийн нутаг, Эгийн голоос дээрх тооны тул загас агнасан 53 настай иргэн Б.О-д зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэж, экологид учруулсан хохиролд 3.3 сая төгрөг төлүүлж байсан юм.