2020 оны гуравдугаар сарын 2-нд Михаил Горбачевын нас 89 хүрэв. Тэгш ой биш, түүнд хүрэхэд дахиад нэг жил үлдээд байв. Харин төрийн өндөр эрх мэдэлд очсоноос нь хойш гуравдугаар сарын 12-нд яг 35 жил болсон байлаа. Зөвлөлтийн төрийн дээд удирдагчид 2.5 жил болоод л хорвоог орхиод байсан жилүүдийн дараа удахгүй “яваад өгнө” гэж бодох аргагүй залуу хүн эрх мэдлийн толгойд гарч ирсэн юм. Михаил Сергеевич ямар нэг илэрхий өвчнөөр шаналаагүй, эрүүл нэгэн байлаа. Гэлээ ч Горбачевын намтрыг нийтэлсэн сониныг сурагч охин цааш нь тавихдаа “Түүнийг нас барахад намтар нь хэрэг болно” гэж байсан гэх шог яриа гарсан л байсан билээ. Гэхдээ ихэнх хүн Горбачевыг “удна” гэж бодож байсан. Түүнийг өндөр суудалд ердөө зургаахан жил болно гэж хэний ч толгойд ороогүй. Аварга том орны сүүлчийн удирдагч байна гэж хэн ч бодоогүй. Нэг хэсэг түүнийг ЗСБНХУ-ыг булшлагч гэж нэрлэж, зарим нь тухайн үеийн тогтолцоог “хүнлэг болгох”-ыг хүсэгч, “Холбооны төлөө сүүлчийн тэмцэгч” гэнэ хэмээн хэн бодох вэ дээ.
Горбачевын намтрыг анзаарахад энэ хүнийг том дүрд тоглуулахаар бэлтгэж байжээ гэдэг нь илт байдаг. Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ)-ны дарга Юрий Андропов түүнийг эртнээс халамжилж байсан нь тодорхой. УАХХ-ны дарга өөрийн захиргаанд байдаг итгэмжит хүн Вячеслав Кеворковтой хувийн чанартай яриа өрнүүлж байхдаа Ставрополийн хязгаарын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Горбачевыг ихэд магтсан гэдэг.
Горбачев албан тушаалын шатаар асар хурдтай өгссөн талаарх нэгэн таамаглал ЗХУ-ын КН-ын гол үзэл сурталч Михиал Сусловтой холбоотой байдаг аж. Горбачев ч Сусловыг асар их үнэлдэг, тэдний гэр бүлийнхэнд өндөр үнэтэй бэлэг өгдөг байж. Төв хорооны нарийн бичгийн дарга байгаад нас барсан Фёдор Кулаковын оронд дэвшүүлэх хүнээр Горбачевыг сонгохын тулд түүнийг шалгахаар Суслов охины хамт Старвопольд очсоныг хүргэн Леонид Сумароков нь дурссан байдаг. Энэ тухайд Михаил Сергеевичийн өөрийнх нь ярьснаас эш татья. “Михаил Андреевичийг би эртнээс мэднэ. Старвополийн хязгаарт олон танилтай хүн. Тэрбээр 1939 онд Ростовоос хязгаарын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон очсон байдаг. Тэнд байхад нь Ставрополь нутаг Сталины харгис хэлмэгдүүлэлтээс мултарсан байдаг. Байдал хүнд, алдааг засах гэсэн эхний алхмуудыг ч боловсон хүчний зарим хэсэг эсэргүүцэж байсан талаар тэрбээр надад ярьж байсан. Сусловын тэргүүлсэн хязгаарын намын хороог ардын дайсан гэж зарласан шийдвэрийг Ставрополь хотын Кагановичийн дүүргийн намын хорооноос гаргаж байсан юм билээ”.
Суслов, Горбачев хоёр биендээ гойд итгэсэн харилцаатай байсан нь энэ хэдэн өгүүлбэрээс тодорхой байна. Магадгүй тэднийг Ставрополь нутгийн хүмүүс гэх харилцаа холбодог байсан ч байж болох. Суслов, Александр Яковлев хоёр ихээхэн дотно харилцаатай байсан бөгөөд Хрущевыг огцруулах тухай сэдвээр “Правда” сонины тэргүүн өгүүлэл бичихийг Суслов нь 1964 онд хүсэж байсан удаатай. Үүнээс бүр хожуу Яковлевыг Канадад Элчин сайдаар сууж байхад нь түүнийг бас албан тушаалаас нь авч хаях тухай асуудал хөндөгдөхөд мөн л Яковлев асуудлын сүүлийг мушгиж “Канадад суух Элчинг УАХХ томилоогүй” гэж хэлж байжээ. Сусловыг нас барсны дараа Яковлевийг Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлаар Андропов томилсон байна. Андропов, Суслов хоёр юун дээр зөрчилддөг байсан нь тийм ч жирийн асуудал биш байсан шиг. Гэхдээ бид түүнийг ердөө либерал, консерватор үзэлтэй хүмүүсийн хоорондын тэмцэл байсан гэж үзсэн нь дээр байх. Харин эд Горбачев, Яковлев мэтийн хүмүүсийг яагаад ивээлдээ аваад явдаг байв? Суслов 1982 оны арваннэгдүгээр сард боловсон хүчний хувьсгал маягийн юм хийхийг дэмжиж байсан гэж мөнөөх Сумароков нотолдог. Тэр үедээ Суслов өндөр настай удирдагчдад үлгэр үзүүлж, 80 нас хүрсэнтэйгээ холбогдуулж ажлаа өгөхөөр төлөвлөж байжээ. Брежнев Украины КН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Владимир Щербицкийд ажлаа өгч мөн арваннэгдүгээр сард чөлөөнд гарах гэж байсан тухай баримт байдаг. Энэ завшаанаас олз шүүрэх хүмүүсийн тоонд Юрий Андропов орж байв.
Од нь гийж байсан Төв хорооны нарийн бичгийн дарга Горбачевын эргэн тойронд 1983 оны зунаас үүл хуралдаж эхлэв. Дотоод хэргийн яам, Ерөнхий прокурорын газар Ставропольд өргөн хүрээтэй шалгалт эхлүүлж, худалдаа, нийтийн хоолны салбараас нь зөрчил дутагдал илрүүлжээ. Эдгээрийг анзаарахгүй өнгөрөөсөн, эсвэл өөрөө хутгалдан оролцсон юм уу гэх таамаглал аппаратын удирдлагатай нөхцөлд зайлшгүй гарч ирснээс илэрсэн дутагдал зөрчлийн сүүдэр Горбачевт тусахгүй яах вэ дээ. Энэ таамгийг хэн сэдэв. Мэдээж хэн нэг маш нөлөө бүхий хүн. Щербицкийн тавиул, Константин Черненко гэх өөр ивээгчтэй Виталий Федорчук Дотоод яамыг удирдаж байв. Тэгэхдээ Андроповын үгийг сонсохгүйгээр ийм “малтлага” хийж чадахгүй байсан гэж мэдээллийн зарим эрх сурвалж үзэж байлаа. Үүнийг ч үгүйсгэх аргагүй. Гэвч 1984 оны хоёрдугаар сарын 9-нд Андропов өөд болсноор эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд эрс өөрчлөлт оруулж орхив.
Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албанд очих боломжтой хүмүүсийн тоонд Черненко, Горбачев, Щербицкий, Романов, Гришин нарыг оруулж байлаа. Эднээс Щербицкий, Романов, Гришин нар нь хоорондоо хэл амаа ололцож чадахгүй байлаа. Горбачев болохоор өөрийгөө дэмжих эвслийг бий болгож чаддаггүй. Андропов өөд болсноор Горбачев хүчирхэг дэмжлэгээ алдсан байна. Гэлээ ч Улс төрийн товчооны гишүүн, Батлан хамгаалахын сайд Дмитрий Устинов гэдэг ивээгчтэй болжээ. Брежневийн үед ч бүх асуудлыг шийдэж байсан Улс төрийн товчооны “Гурвал”-ыг чухам Устинов, Андропов болон Гадаад хэргийн сайд Андрей Громыко нар бүрдүүлж байсан юм. Эндээс л хамгийн сонирхолтой юм эхэлнэ. Устинов Горбачевыг ивээн тэтгэж байлаа. Громыког Горбачев төдийлөн үнэлэхгүй байв. Эцэст нь, Брежневийн гол холбоотон Константин Черненко ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Гэвч 1984 оны хавар болоход түүний бие илт муудсан байв. Зун болоход Черненко амьд байсан ч үүнийг үл хайхран янз бүрийн бүлгүүд ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө өөр хоорондоо бараг л ил тод өрсөлдөөд эхэлсэн байв. Улс төрийн товчооны гишүүн Григорий Романов, Виктор Гришин нарын бүлэг онцгой идэвхтэй байлаа. 1984 оны намрын сүүлч, өвлийн эх болоход энэ тэмцлийн үзүүр Гришиний зүг хэлтийгээд эхэлжээ. Черненко болохоор уг тэмцэлд тэнцвэрийг хадгалахыг хичээж байв.
1984 оны арванхоёрдугаар сарын дунд үе болоходэнэ“үзүүр”Горбачевруудаялж,түүнийг Лондон руу домогт томилолтоор явуулж, Маргерет Тэтчертэй уулзуулахад хүрчээ. Энэ айлчлалын тухайд сонирхолтой яриа их байдаг юм. Тэгэхдээ энэ удаад нэгдүгээрт уг айлчлал Андроповыгор шуулах ёслолын үеэр Зөвлөлтийн удирдлагаас хэн нэгийг нь Лондонд очуулахаар Тэтчер, Черненко хоёр тохиролцсоны үр дүн, хоёрдугаарт Горбачевын нэрийг дэвшүүлэхийг Черненко өөрөө зөвшөөрсөн байсан гэдгээр хязгаарлая. Гришиний бүлэглэл довтолгоонд орж, ерөнхий нарийн бичгийн дарга Черненко ч гэнэт түүнийг идэвхийлэн дэмжих болсон 1985 оны нэгдүгээр сарын эхний өдрүүдэд байдал хурцадлаа. Горбачевыг Лондонд байхад 1984 оны арванхоёрдугаар сарын 20-нд Батлан хамгаалахын сайд Димитрий Устинов таалал төгсөв. Горбачев тун чухал тулгуураа алдах нь тэр. Ийм байдалд Горбачев Парис руу явах ээлжит томилолтоос татгалзав. Байдал бүр эгзэгтэй боллоо. Черненко Москвагийн нэг дүүргээс Оросын холбооны Дээд Зөвлөлд нэрээ дэвшүүлэхээр шийджээ. Өөрөөр хэлбэл, Гришинийг дэмжиж буй гэсэн үг. Гэхдээ Черненкогийн хоногийн тоо гүйцэж буйг явцуу хүрээнд нэгэнт яриад эхэлсэн байлаа. Ямар ч байлаа гэсэн өвчнөөр өөд болсон ч, огцорсон ч тэрбээр улс төрийн тавцангаас зайлах нь то¬дорхой болжээ. Өөрчлөгдөн байгуулагдах Улс төрийн товчооны гишүүдийн нэр цөөн хү¬ний дунд бэлэн болоход Горбачев тэр дотор байсан¬үй.
1985 оны хоёрдугаар сарын эцсээр Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал ЕвгенийПримаковШинжлэх ухааны академийн Африкийн хүрээлэнгийн захирал Анатолий Громыко дээр хүрч ирлээ. Тэдний яриа удалгүй нүд аних Черненкогийн суудал дээр хэн очих талаар бодох хэрэгтэй болсон гэх асуудалд чиглэв. Хэдэн өдрийн дараа Анатолий Громыко өөрийн эцэг, Гадаад хэргийн сайд Андрей Громыкотой ярилцаж, ерөнхий нарийн бичгийн даргад Гришин, Романов, Горбачев гурав өрсөлдөнө гэдэгт санал нийлсэн ч тодорхой тохиролцоонд хүрсэнгүй. Өөр нэг хүрээлэнгийн захирал Александр Яковлевийн нэрийг энэ тоглоомд оруулахыг Примаков хүсэж байлаа.
Эцэг Громыко, Горбачев хоёрын хооронд яриа хөөрөө хийхэд зуучлахыг Яковлеваас тэрбээр хүсэв. Примаков, хүү Громыко хоёрын анхны “тандсан” яриа Устиновыг амьсгал хураасны дараа 1984 оны арванхоёрдугаар сарын 20-ноос хойш болсон, тэгэхдээ 1985 оны хоёрдугаар сарын 17-24-нд их идэвхижсэн гэж зарим шинжээч үздэг. Өөрөөр хэлбэл, ерөнхий нарийн бичгийн дарга амьд сэрүүн байхад. Эдгээр ярианы эцэст “наймаа” явж, Горбачев ерөнхий нарийн бичгийн дарга, Громыко Дээд зөвлөлийн тэргүүн болсон аж. Энэ бүхний зэрэгцээ өөрт нь залуу, туршлагагүй гэж санагдсан Горбачевын дэргэд “ахлах халамжлагч” нь болохыг Громыко мөрөөдөж байсан гэх яриа байдаг. Харамсалтай нь, бодит байдал огт өөрөөр эргэж, Громыко ар тийш түлхэгдэж, 1988-1989 онд болсон улс төрийн өөрчлөлтийн дараа тэтгэвэртээ гарсан байна. 1989 онд тохиосон түүний үхэл бүхэл бүтэн эриний хаалгыг хаасан юм.
...Суслов, Андропов гэх ивээгчид нь чиглүүлж байх үед түүнд төвөгтэй байсангүй. Харин өөрийн нь толгой дээр бүх юм ирж, бие даах болоход Горбачев юу хийхээ мэдэхгүй байлаа. Түүний хийсэн өөрчлөлтийг нэхэн санавал эхлээд 1985-1987 онд тэрбээр эдийн засгийг барьж авах гэж оролдоод, дараа нь 1988 онд улс төрийн өөрчлөлт хийх гэсэн. Эдийн засгийн өөрчлөлт хийж чадаагүй. 1989 он болоход улс төрийн өөрчлөн байгуулалт нь эмх замбараагүй байдал руу хазайсан, тэгэхээр нь эдийн засгийн асуудал руу эргэв. Яваандаа Горбачев янз бүрийн хүчнээс хамааралтай болсон. Тэр хүчнүүд ивээгчид нь байгаагүй, ердөө л түүний хүрээлэл дэх хүмүүс, тэднээс арай хүчирхэг нь Егор Лигачёв, Александр Яковлев. Аппаратын доторх тэмцэлд Яковлев ялж, Горбачев түүний нөлөөн дор ЗХУКНыг үрэн таран хийж эхлэхдээ өөрийнхөө эрх мэдлийг сүйтгэж буйгаа ойлгоогүй...
Р.Жаргалант