АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 36 улсын иргэдийг улсдаа нэвтрэхийг онцгойлон хориглох шийдвэрийнхээ хүрээг тэлэх боломжийг судалж байна. Урьд нь тэрбээр Ерөнхийлөгч байсан эхний бүрэн эрхийнхээ хугацаанд хэд хэдэн орны иргэдэд ийм хориг тавьж, түүнд нь Туркменистан улс багтаж байсан билээ. Одоо Афганистан, Мьян¬мар, Чад, БНКонго, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсад хориг тавиад, тэр нь хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Бурунди, Куба, Лаос, Сьерра Леон, Тонго, Туркменистан, Венесуэл гэсэн долоон улсын иргэдэд хэсэгчилсэн хориг тавьсан. Эдгээр улсын иргэдэд айлчлах болон оюутны виз олгохыг хориглосон. Ажил хийх юм уу, садан төрлийн америкчуудтайгаа уулзахыг нь хориглоогүй.
Дональд Трампын хэлснээс үзвэл Колорадо мужийн Боулдер хотод еврейн эсрэг довтолгоон болж, АНУ-д эхнэр, хүүхдийнхээ хамт хууль бусаар амьдардаг Египетийн иргэн 45 настай эр “Палестинд эрх чөлөө олго” гэж хашхираад, шатах шингэнийг бөөн хүмүүс рүү шидсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Египет иргэний үйлдэлд өртөж 15 хүн шархадсаны дотор Холокостын гашуун явдлыг биеэр туулж гарсан тэтгэврийн хөгшин байсан аж. “Дэлхийн өнцөг булан бүрийн аюул осолтой газраас ирсэн гадаадын хүмүүс удаа дараа алан хядах ажиллагаа үйлдэж байгааг бид энэ зуунд үзэж харсаар байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Ийм хүмүүс тус улсад олон сая бий гэнэ. Тэрбээр “Европт болж буй үйл явдал Америкт тохиохыг зөвшөөрөхгүй” гэж хэлсэн аж.
Ерөнхийлөгч байсан эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Куба, Чад, Иран, Ливан, Умард Солонгос, Сомали, Судан, Сири, Венесуэл, Йемений иргэдийг АНУ-д ирэхийг хориглосон шийдвэр Трамп гаргасныг Жо Байден цуцалсан байдаг. Энэ удаад уг хоригт Умард Солонгос, Сирийн иргэдийг хамруулсангүй.
Иргэдэд нь хорио тавихаар төлөвлөж буй улсын тоонд Ангол, Антигуа Барбуда, Камбож, Камерун, Кабо-Верде, Ардчилсан БНКонго, Доминикан, Этиоп, Египет, Гамби, Гана, Киргиз, Либери, Малави, Мавритани, Нигер, Нигери, Сент-Китс, Невис, Сент-Люси, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Вануату, Замби, Зимбабве багтжээ.
Трампын засаг захиргааны үед аюулгүй гэж тооцогдох олон үзүүлэлтээ сайжруулах 60 хоногийн хугацааг эдгээр улсад олгосон байна. Тэднийг уршигтай үр дагаврыг арилгах төлөвлөгөөгөө танилцуулахыг тушаагаад, эс биелүүлбэл хоригт орох эрсдэлтэйг мэдэгджээ гэж “Daily Mail” сонинд тэмдэглэжээ. Түүнчлэн тухайн хувь хүнд найдвартай биеийн байцаалт олгох, эсвэл түүнийг шүүхээр хэрэг шийдүүлж байсан тухай нь АНУ-ын Засгийн газарт мэдээлэх төв байхгүй улсыг Трамп бүр онцолсон байна. Мөн иргэд нь алан хядах болон АНУ-д еврейн хийгээд Америкийн эсрэг үйл ажиллагаанд татагдан оролцсон орнуудыг бас онцлон анхаарчээ. Дээр өгүүлсэн Боулдер хотод Египетийн иргэний хийсэн эмгэнэлт явдал нь “Зохих шалгалтаар оролгүй манай улсад нэвтэрсэн гадаадын иргэд ямар аюултай болохыг харууллаа” гэж Трамп мэдэгд¬жээ. Египет улсыг хязгаарлалт тавих орнуудын жагсаалтад оруулах, эсэхийг судлахыг үн¬дэсний аюулгүй байдлын албаны дээд удирдлагын хүмүүстээ Трамп үүрэг болгожээ. Америкийн эрх баригчид өөрийн улсаас гаргахыг хичээгээд, төрөлх оронд нь буцааж өгч чадаагүй гурав дахь улсын иргэдийг хүлээн авахыг зөвшөөрвөл тухайн улсыг энд өгүүлээд буй жагсаалтаас хасаж болох аж. Сальвадор, Панам, Коста-Рика улсууд болон тухайн үедээ тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан Косово Трамптай шинээр хийсэн тохиролцооныхоо хүрээнд гурав дахь орны иргэдээс жил бүр 50-ийг түр хугацаагаар авахыг саяхан зөвшөөрчээ. Афганистан, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гайти, Иран, Ливи, Мьянмар, Сомали, Судан, Йемен улсын иргэдийг АНУ-д очихыг хориглосон шийдвэр энэ сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн юм.
“Манай улсад ирж бидэнд гэм хор учруулахыг хүсдэг гадаадын аюултай субъектүүдээс америкчуудаа хамгаалах амлалтаа Ерөнхийлөгч Трамп хэрэгжүүлж байна. Эрүүл саруул ухаанд үндэслэсэн энэ хязгаарлалт зохих шалгалтад өртдөггүй, тухайн хүн, түүний учруулж болох аюул заналын талаар мэдээлэл өгдөггүй тодорхой улс, газар орноос хамаарч байгаа юм. Ерөнхийлөгч Трамп Америкийн ард түмний ашиг сонирхол, аюулгүй байдлын төлөө ямагт ажиллах болно” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Эбигейл Жексон нийгмийн сүлжээнд тэмдэглэжээ. Зарим улсын хянаж шалгах боломж нь Америкийн Ерөнхийлөгчийн стандартад нийцэхгүй байгаагаас иргэдийг нь АНУ-д нэвтрүүлэхгүй байх орны тоонд багтаажээ. Шалгалтын тогтолцоогоо сайжруулах арга хэмжээг улс орнууд авах юм бол нэрсийн жагсаалтыг эргэж харж болно гэж Трамп хэлжээ. Бас үүний эсрэг шалтгаанаар нэрсийн жагсаалтад багтах орны тоог ч нэмэх боломжтой аж. Харвардын их сургуульд гадаад оюутан суралцуулахыг хориглохоор Трамп шийдвэрлэснийг бид уншигчд¬адаа нэгэнт мэдээлсэн билээ.
“Эхний бүрэн эрхийнхээ үед гадаадын иргэд АНУ-д орж ирэхийг би хязгаарласнаар манай улсын хил хязгаар, үндэсний аюулгүй байдалд аюул занал учрахаас амжилттай сэргийлсэн. Дээд шүүх ч дэмжсэн” гэж Трамп мэдэгдэж байлаа. Дээр нэр дурдсан орны иргэдээс АНУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй, хоёр улсын давхар харьяалалтай, гэр бүлийн хувьд Америкийн иргэнтэй хэлхээ холбоотой хүмүүст энэ хориг, хязгаарлалт хамаарахгүй юм.
Африкийн 25 улс шинэ хязгаарлалтад хамрагдаж болзошгүй байгааг хэвлэлүүд цухалзуулж эхэллээ. Эдгээр улсад Египет, Жибути болон Төв Ази, Карибын бүс нутгийн орнууд ч багтах бололтой. Энэ тухайгаа өгүүлсэн албан бичигт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гарын үсэг зурж, тухайн улсуудын холбогдох дипломат ажилтнуудад нь хүргүүлжээ. Трампын авч буй эдгээр арга хэмжээ нь цагаачлалын талаар баримтлах бодлогынх нь нэг хэсэг юм. Өөрийнх нь иргэдийг АНУ-аас буцаахад зарим улс хамтран ажиллахгүй байгаа гэнэ.
Ташрамд өгүүлэхэд, Колумбын төрийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэнд хорио тавьснаа энэ оны нэгдүгээр сард АНУ мэдээлж байв. Тус улсын иргэд АНУ-ын хил дээр ихээхэн хатуу шалгалтад орж байхаар болжээ. Америкаас сайн дураар гарч явах хууль бус цагаачид буцах унааны тасалбар үнэ төлбөргүй олгож, 1000 ам.доллар өгөхөө АНУ-ын эрх баригчид тавдугаар сард амласан юм. Өгч буй төлбөрийг нь тооцлоо ч ийм хөтөлбөр хууль бус цагаачдыг улсаасаа гаргахад зарцуулах хөрөнгийг АНУ 70 хувь хямдруулах аж.
Р.Жаргалант