Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Кодексын үндэсний зөвлөлийн хурлыг зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд кодексын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Тодруулбал, чацарганын тос, ингэний сүүний стандартыг анх удаа олон улсын түвшинд нийцүүлэн батлуулах хүрээнд төсөл боловсруулж, холбогдох судалгаа, шинжилгээг хийж байгаа талаар танилцуулжээ.
Кодексын үндэсний зөвлөл нь хүнсний аюулгүй байдал, чанарын асуудлаар олон улсын жишигт нийцсэн бодлого, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж өгдөг байгууллага юм. Манай улс чацарганын тос, ингэний сүү, сүүн бү¬ тээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахын тулд олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард байгуулсан. Ингэний сүүн бүтээгдэхүүнд “Малын түүхий сүү MNS 4228: 2025” гэсэн стандартыг шинээр нэвтрүүлсэн бол чацарганын тосны тухайд “MNS 0783: 2024”-ийг мөрдөж байна. Чацарганын тосон дээр гэхэд л хэрэглэж буй түүхий эдээс хамааран зөөлөн эдийн, үрийн, хальсны гэж гурав ангилах бол нэр томьёоны хувьд боловсруулалтын аргаас шалтгаалж дотроо тав хуваагдах зэргээр хэрэглэгчдэд төдий л ойлгомжгүй зүйлүүдийг цэгцлэх шаардлага байгаа аж.
Л.Ням