Байгаль хамгаалагчдын ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага дэлхий дахины тулгамдсан асуудал болж буйг Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо (IRF)-ноос анхаарууллаа. Тус холбооныхон Төв Флоридагийн их сургуулийн судлаачидтай хамтран “Байгаль хамгаалагчдын нөхцөл байдлын дэлхийн анхны тайлан”-г боловсруулаад буй юм.
Судалгаанд 81 улс, бүс нутгийн, байгаль орчны салбарт таваас дээш жил ажиллаж буй 1300 орчим байгаль хамгаалагчийг хамруулсан бөгөөд тэдний 40 хувь нь ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай анхан шатны багаж хэрэгсэл, харилцаа холбооны төхөөрөмжөөр хангагдаагүй гэж мэдүүлжээ. Мөн 45 хувь нь таваас доош хүнтэй багт харьяалагддаг, ачааллаас шалтгаалан 2-3 хүний ажлыг нэгэн зэрэг хийдэг, 60 хувь нь аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт хангалттай авч чаддаггүй хэмээн хариулсан байна. Судлаачид үүнд үндэслэн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдлын баталгаа маш сул гэж үнэлжээ.
Ажил олгогчид буюу удирдах түвшний хүмүүс байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалтад хангалттай хамруулдаг гэж мэдээлсэн ч судалгаанд хамрагдагсдын үнэлгээ үүнээс зөрүүтэй гарчээ. Байгаль хамгаалагчдын олонх буюу 80 гаруй хувь нь үүргээ биелүүлэхийн тулд нэмэлт сургалтад хамрагдах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол 60 хувь нь хангалттай сургалт авч байгаагүй, 65 нь эрсдэлтэй нөхцөлд бэлтгэгдээгүй хэмээн хариулжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 65 хувь нь өөрсдийгөө “нэн чухал үйлчилгээний ажилтан” гэж үздэгээ хэлсэн бол жирийн иргэд буюу олон нийтийн 60 орчим хувь нь байгаль хамгаалагчдыг “үйлчилгээний ердийн л ажилтан” хэмээн үнэлсэн байна. Энэ нь байгаль хамгаалагчдын ажлын онцлог, үнэ цэнийг нийгэмд илүү өргөн агуулгаар таниулах, хүлээн зөвшөөрүүлэх зүй ёсны шаардлага тулгарсны баталгаа гэж уг тайланд бичжээ. Ташрамд дурдахад, Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо дэмжигч байгууллагуудтайгаа хамтран “Эмэгтэй байгаль хамгаалагчдын долоо хоног” арга хэмжээг энэ сарын 23-30-нд дэлхий дахинд анх удаа зохион байгуулж байна.
Н.Мишээл