Тайландын олон нийт Ерөнхий сайд хатагтай Пхэтхонгтхан Чинаватыг огцрохыг шаардан жагсаж тэмцэж эхлэв. Чинаватын тэргүүлсэн Засгийн газар Камбож улстай хилийн зөрчилдөөн үүсгэснээс ард түмэн нь сэтгэл дундуур байдаг гэж хэлж болно. Эсэргүүцэл хөдөлгөөн сэтгэлийг нь тэгтэл зовоохгүй байгаа бөгөөд уг цуглааныг тайван амгалан шинж чанартай байлгахад анхаарахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон гэж Ерөнхий сайд мэдэгджээ. “Бид хүний эрхийн хүрээнд ажиллана, өшөө хонзон санахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
Хатагтай Чинават ирэх долоо хоногоос парламент нь итгэл үл үзүүлэх шийдвэр гаргах “аюултай” тулгарч болзошгүй гэх мэдээлэл эхний үед сонсогдож байв.
Тайландын бие даасан, бүрэн бүтэн байдалд эрсдэл учрах вий хэмээн болгоомжилж эвслийн нэг нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарчээ. Хатагтай Чинават Камбожийн Ерөнхий сайд асан Хун Сентэй утсаар хийсэн ярианы агуулга олон нийтэд ил болсноос зөрчил тэмцэл эхэлжээ. Хил дээр мөргөлдөөн болж Камбожийн цэргийн алба хаагч амиа алдсан талаар ярилцах үеэр Камбожийн талыг тайвшруулахын тулд Тайландын Ерөнхий сайд өөрийн улсын армийн командлагчийг буруутган шүүмжилсэн аж. “Тэр генералын үгийг битгий тоо” ч гэсэн юм байх. Цэргийнхэн үлэмж нөлөөтэй байдаг Тайландын хувьд энэ нь улаан шугам давсан үйл явдал болсон байна. Үүнийгээ ухаарсан Ерөнхий сайд уучлалт хүссэн ч Сенатын хэсэг гишүүн Ерөнхий сайдынхаа үйлдлийг шалгахыг хүсэж Үндсэн хуулийн шүүх болон Авлигын эсрэг үндэсний байгууллагад ханджээ. Эдгээр байгууллагын шийдвэр Ерөнхий сайдын эсрэг гарвал түүнийг огцруулахад хүргэж болзошгүй гэж мэдээлжээ.
Энэхүү тэмцлийг “Тусгаар байдлаа хамгаалахын төлөө эх оронч хүчнүүдийн нэгдэл” хэмээх олон нийтийн хөдөлгөөн зохион байгуулжээ. Камбожийн Сенат болон Хааны нууц зөвлөлийн дарга, эрх баригч Ардын намын удирдагчийн албыг хашиж буй Хун Сентэй утсаар ярихдаа Тайландын Засгийн газрын үйл ажиллагааны тухай нууц мэдээллийг харь орны удирдагчид өгсөн хэмээн хатагтай Чанаватыг тэд өдгөө буруутгаж буй юм. Өнгөрсөн сарын 15-нд болсон уг яриандаа Тайланд-Камбожийн хилийг хамгаалагчдыг удирдаж байдаг генералыг “нөгөө талын” хүн гээд хэлчихжээ. “Нөгөө тал” гэдэг нь 2006, 2014 онд эцэг Таксин Чинават болон нагац ах Йинглак Чинаватынх нь тэргүүлж байсан Засгийн газрыг унагасан хүчийг хэлж буй аж. Цухас тодруулахад, Таксин Чинават 2006 онд төрийн эргэлтээр огцорч, гадаад руу хөөгдсөн, түүний дүү эмэгтэй Йинглак Чинават 2014 онд шүүхийн шийдвэрээр ажлаа өгсөн, удалгүй цэргийн эргэлт болсон юм.
Харилцан тохирч тогтоосон дундын бүсийн газар нутагт тавдугаар сарын 28-нд хоёр талын цэргүүд “гар зөрүүлснээс” хойш Тайланд, Камбожийн харилцаа эрс муудсан байна. Тус хоёр улсын газар нутгийн маргаан эртнээс эхтэй аж. “Bloomberg” агентлагийн тэмдэглэснээр Зүүн өмнөд Азийн гурав дахь эдийн засаг гэгддэг Тайландад улс төрийн тогтворгүй байдал даамжирсаар байна.
Хатагтай Пхэтхонгтхан Чинават Тайландын Засгийн газрыг тэргүүлээд ердөө 10 сар болж байгаа юм. Үндсэн хуулийн шүүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед түүнийг ажил, үүргээс нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Тавдугаар сарын хилийн зөрчилдөөн, хүний амь үрэгдсэнд тайландчууд Ерөнхий сайдаа буруутгадаг юм.
Чинаватыг албан тушаалаас нь чөлөөлснөөр тус улс дахь тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлж, тэртэй тэргүй хэврэг байгаа ардчиллыг нь аюулд учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Хатагтай Чанават нь нэг гэр бүлээс Ерөнхий сайд болсон, бас бүрэн эрхээ дуусгалгүй халагдахад хүрч буй гурав дахь хүн болж түүхэнд үлдэж байна. Түүний Засгийн газрыг шүүмжлэгчид олон үйл ажиллагааг нь төдийлөн үнэлдэггүй аж.
Шүүхийн шийдвэрийн дараа Чинават Засгийн газрынхаа үйл ажиллагааг хамгаалсан байна. “Таагүй юмтай учрахгүйг, зэвсэгт тэмцлээс зайлсхийхийг, цэргүүд маань ямар нэг хохирол бүү амсаасай л гэж бодож зүтгэж ирсэн” гэж тэрбээр хэлжээ.
Гэтэл Камбожийн жирийн нэг хувь хүн биш, төр, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтэнтэй нь ярилцахдаа эцгийнхээ анд хэмээн түүнд хэт найрсаг хандсан төдийгүй нэр бүхий генералаа тун онцгүй үнэлж “Тэр мундаг хүн болж харагдахыг хичээнэ”, “Тайланд үндэстэнд ашиг тусаа өгөхгүй л юм ярина даа, тэр” хэмээн Ерөнхий сайд хүний амнаас гарамгүй үг хэлсэн байна. Байдлаас анзаарахад аливаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хил хязгаар, ард түмэн нь амгалан тайван байхад шийдвэрлэх үүрэгтэй байдаг зэвсэгт хүчинтэйгээ хатагтай Чинават эв түнжин муутай байдаг бололтой. Хун Сентэй хийсэн ярианы агуулга олон нийтэд нэгэнт хүрсний дараа өөрийн хэлснийг “бодож тунгаасан дипломат алхам” гэж мэдэгдсэн ч энэ нь түүнд төдийлөн тус болсонгүй.
Ерөнхий сайдынхаа эсрэг Тайланд орон тэр аяараа нэгдсэн гэлтэй байна. Нөгөө Хун Сен нь ч түүний эсрэг хандчихсан, хурцдаж буй хилийн маргааныг Засгийн газрын тэргүүн зохицуулж чадна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлж, Тайландын удирдлагыг солихыг уриалсан байх юм.
Хямралын цар хүрээг гадарласан Чинават шүүх асуудлыг нь шийдвэрлэхээс өмнө Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, өөрийгөө Соёлын сайдаар томилжээ. Тэгээд гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргээ хэрэгжүүлэхээ байсан ч Сайд нарын танхимдаа үлдэв. Түүнд халаагаа өгсөн Сетт Тхависан 2023-2024 онд Ерөнхий сайд байгаад мөн л ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж суудлаа орхисон байдаг. Тус улсын хувьд армийн хүчээр юм уу, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр Засгийн газрын тэргүүнээ огцруулдаг нь нэг ёсондоо уламжлал болоод буй гэж хэлж болно.
Одоо тус улсад Ерөнхий сайдын сонгууль хэзээ, хэрхэн болох, улс төрийн тогтворгүй байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ гэдэг асуудал тулгарлаа. Тайландын улс төрийн байдал хэзээ тодорхой болох бол, үйл явдал цаашид хэрхэн өрнөх бол гэдэгтээ тулаад байгаа гэж судлаач, шинжээчид дүгнэж байна. Ерөнхий сайд нь армитайгаа зөрчилдөж, эвслийн Засгийн газар нь хэврэг боллоо. Чинават руу чиглэсэн бүх алхам үнэн хэрэгтээ эцэг Таксин хийгээд түүний ард байгаа хүмүүсийн нь эсрэг чиглэж байна гэж шинжээч хэлэх болов. Чинаватын нам, сөрөг хүчнүүд, арми нь хэл амаа ололцохоо болиод байна.
Тайландын түүхийн сүүлийн жилүүдэд олон түмний дэмжлэг хүлээсэн иймэрхүү зөрчил, сөргөлдөөн аль нэг байдлаар Засгийн газраа огцруулчхаад байгаа. Зарим үед цэргийнхэн оролцоно. Хямралын эхэн үед цэргийнхэн хэсэг хугацаанд ажиглана, тэгээд хажуугаас нь оролцох хэрэгтэй боллоо гэж үзвэл тэмцэлд оролцож, эргэлт хийчихнэ. Энэ бол судлаачийн үг.
Р.Жаргалант