Цаг уур, орчны шинжилгээний байгууллагынхан бэлчээрийн ургамлын төлөв байдлыг үнэлэхэд ийм үр дүн гарсныг танилцууллаа. Өдгөө Монгол орны нийт нутгийн 51 хувь нь гангийн эрсдэлтэй байгаа бол үлдсэн хувьд нь зуншлага хэвийн, бэлчээрийн ургамлын гарц жигд сайн буй гэнэ. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Төв аймгийн зарим, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын цөөн сумд бэлчээрийн ургамал тааруу байна. Харин Говьсүмбэрийн нийт, Архангайн ихэнх, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Говь-Алтай, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын цөөн сумын нутагт бэлчээрийн ургамлын гарц хэвийн, бусдад нь дунд зэрэг гарсан аж.
Зургаадугаар сарын сүүлийн 10 хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу 1.1-4.7 хэмээр дулаан байсан бол 70 хувьд нь дунджийн түвшинд болон түүүнээс бага, 30 хувьд нь ахиу хур тунадас оржээ. Говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нийт, газар тариалангийн зарим нутагт энэ үеийн ихэнх хугацаанд агаарын температур 30 хэмээс давж халсан нь таримал болон бэлчээрийн ургамал муудах, гандах нөхцөлийг бүрдүүлсэн гэж цаг уурчид тайлбарлав.
Манай орны нийт нутгийн тэн хагас нь гандуу, гантай байгаа нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж буйг ч онцгой байдлын байгууллагаас анхааруулсан юм. Өчигдрийн 11.00 цагийн байдлаар гэхэд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн гурван түймрийг цурамд оруулж, дөрвийг нь унтраахаар ажиллаж байгааг тус байгууллагаас мэдээлсэн. Улсын хэмжээнд он гарснаас хойш ой, хээрийн 151 түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50.3 хувиар өссөн дүн болохыг дурдлаа.
Ж.Сувд