О.БАТСАЙХАН (Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор)
А.БАЯРМАА (Судлаач, докторант)
Богд хаант Монгол Улсын хошууны мэйрэн, Богд хаанд зөвлөх эрх бүхий Улсын Доод хурлын гишүүн, Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны түшмэл, Монгол Ардын Засгийн газрын улс орныхоо алтан сан хөмрөгийг бүрдүүлэх комиссын дарга, Эдийн засгийн үндсэн бодлого боловсруулах комиссын гишүүн, МАН-ын Төв хорооны гишүүн, Сангийн явдлын яамны тэргүүн сайд, зөвлөх, Монгол банкны үүсгэн байгуулагч, Банкны хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга, Хоршоодын ерөнхий хорооны дарга, гишүүн, Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн зэрэг монгол төрийн ийм өндөр албан тушаалууд хашиж байсан эрхэм хүмүн бол олноо Мэйрэн бөгөөд сайд хэмээн алдаршсан Бунибазарын Дорж абугай билээ.
ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГААС ГАРАЛТАЙ ТАЙЖ
Тэрбээр Монгол тооллын XV жарны Шар (Шороон) БАРС жилийн Хаврын эхэн хөх барс сарын барс өдөр буюу 1878 онд Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошууны Жаргалант гэдэг нутагт (Өмнөговь аймгийн Баян-Овоо сум) тайж, төрлийн дарга Бунибазар, гэргий Дарам (зарим эх сурвалжид Бадам) нарын хүү болон төржээ. Мөн ХХ зууны Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн бээр яг энэ бар жилийн барс сарын барс өдөр төрсөн хэмээдэг бөлгөө.
Бадаруулт төрийн тэргүүн онд (1875) төрлийн дарга Бунибазарын үйлдэж өргөсөн цэс болон Төрлийн даргын харьяат тайж Б.Доржийн гэрийн үеийн бичмэлээс үзвэл Эзэн Чингис хааны алтан ургийн залгамжир, Боржигэд овогтой, хошууны мэйрэн занги, дөтгөөр зэрэг тайж байжээ. Төрлийн дарга Бунибазарын өргөсөн цэсэнд нийтдээ 69 тайжийн нэр байх бөгөөд бүгд дөдүгээр (дөрөвдүгээр) зэрэг тайж хэмээн тэмдэглэгдсэн бол Б.Доржийн гэрийн үеийн бичмэлд “харьяат тайж дөдүгээр зэрэг тайж Юм (Юүм)” хэмээн эхэлж, “тайж дөдүгээр зэрэг тайж Ламжав, Хоёрдугаар хөвгүүн харьяат тайж дөдүгээр зэрэг тайж Бунибазар, Гудугаар хөвгүүн мэйрэн занги харьяат тайж дөдүгээр зэрэг тайж Дорж, Үүний хөвгүүн харьяат тайж Батнасан” хэмээн цөм дөрөвдүгээр зэрэг тайж хэмээн бичжээ.
Дөрөвдүгээр зэрэг тайж хэмээх нь Манж Чин улс ба Богд хаант Монгол Улсын үед тайж нарын дөрвөн зэрэг байжээ. Тэргүүн, дэд, гуравдугаар тайж нарын хөвгүүдээс нэг нь эцгийн хэргэмийг залгамжилж, үлдсэн хөвгүүд нь дөрөвдүгээр зэрэг тайж болдог байна. Харин дөрөвдүгээр зэргийн тайжийн хөвгүүд бүгд дөрөвдүгээр зэрэг тайж байжээ. Эндээс үзвэл, Бунибазарын Дорж дөрөвдүгээр зэрэг тайж бөгөөд Эзэн Чингис хааны алтан урагтай холбоотой болох нь тодорхой байна.
Тайж Б.Дорж тухайн үеийн уламжлалын дагуу багшид шавь орж, гэрийн боловсролтой болсон төдийгүй төвд эмнэлгийн сайн эмчид тооцогдож явжээ.
Монгол төрийн мэйрэн бөгөөд түшмэл Дорж гэрийн боловсролтой болж, улмаар хошууны тамгын газар, аймгийн жасаанд туслах ба жинхэнэ бичээчийн албыг хааж явсаар 1911 оноос Нийслэл хүрээнд ирж Түшээт хан аймгийн чуулганы даргын дэргэдэх жасаанд түшмэлийн алба хааж байжээ.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монгол төр улс, тусгаар тогтнолоо сэргээн байгуулж, Бурханы шашны тэргүүн наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, сэргэн мандсан Монголын шинэ түүх эхэлжээ. Эл үйл хэрэгт Түшээт хан аймгийн Говь Түшээт засгийн хошууны засаг ноён, Түшээт хан аймгийн чуулган дарга, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, түшээт ван Гадинбалын Чагдаржав хамгийн идэвхтэй оролцож, Богд гэгээнтнээ шадарлаж байсан билээ. Түшээт ван Чагдаржав өөрийн хошууны мэйрэн занги Б.Доржийг Нийслэл хүрээн дэх Түшээт хан аймгийнхаа чуулганы жасаанд суулгаж, улмаар тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт идэвхийлэн оролцуулсан байна.
Халхын Хүрээний хэргийг ерөнхийлөн шийтгэх газар бол 1911 оны зун Богд гэгээнтний удирдлага дор нууц зөвлөгөөн хийж байгуулагдан эхэндээ нууц байсан Монголын түр Засгийн газар бөгөөд 1911 оны зунаас мөн оны арванхоёрдугаар сарын 29 хүртэл амсхийх завгүй, өдөр шөнөгүй ажилласан байдаг билээ.
Түшмэл Доржийн өргөсөн бичигт гарч буй “их хэргийг эрхэлсэн ноёд” бол Богд гэгээнтэн, Түшээ гүн Чагдаржав, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж тэргүүтнийг хэлжээ. Улмаар “ихсийн харилцан зөвлөлдөх” гэдэг нь Монголын тусгаар тогтнолын төлөөх үйл хэргийг хэрхэн явуулахын нууцаар зөвлөлдөж байсныг хэлж байна. Мөн бичигт гарч буй “айлтгах нийтээр ухуулах, тунхаглах” хэмээсэн нь дээр өгүүлсэн “Халхын Хүрээний бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газраас гаргасан “1911 оны арванхоёрдугаар сарын 1-нд Монголын үндэсний төрийг сэргээн мандуулах тухай ухуулан зарлах тунхаг бичиг”-ийг хэлжээ.
Цаашилбал, “манж сайд түшмэдийг хөөн зайлуулах, өртөө буудлыг татах бэлтгэх зэрэг чухал нууц” албанд өдөр, шөнө амралтгүй зүтгэж байсан хэмээх нь мэйрэн Дорж бээр Түр засгийн газар, түүний дарга, түшээ гүн Чагдаржавын өгсөн үүргийн дагуу Манж сайдыг Монголын нутгаас хөөн зайлуулж, тулгар төр байгуулах бүхий л хэрэгт чармайн зүтгэсэн болохоо товч тодорхой илэрхийлсэн байна.
Ийнхүү Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд мэйрэн Б.Дорж бээр оролцож, өөрийн хувь нэмрээ оруулсан нь тодорхой байна.
Тиймээс Богд хааны зарлигаар “бидний монголчуудыг анх шинэ төр байгуулах тухайн хэрэг дор тус тус энэ мэт үнэн сэтгэлээр хичээн зүтгэж явсан нь үнэхээрийн сайшаалтай” тул өмнө шагнагдсан “давхарга” дээр “дэс түшмэл дэд зэрэг жинс, тогосын отго, дөдүгээр зэрэг тайж, нягт дайчин Дорж”-ийг “нэгэн зэрэг дэвшүүлэн” хишиг хүртээжээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр сэргээн мандсан Монгол Улсын Эзэн хаан Богд Жавзандамба хутагтын зарлигаар байгуулагдсан Засгийн газрын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаа мэйрэн Б.Дорж бээр эх зохиогч түшмэлээр тохоон томилогдон ажиллажээ. 1919 оны есдүгээр сарын 19-нд Богд хаан зарлигаар Түшмэл мэйрэн Доржид Эрдэнэ дарсан жуух олгож, Гадаад яамны эх зохиогч түшмэлээс дэс түшмэл дор дэвшүүлжээ. Мэйрэн Дорж бээр Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яаманд эх зохиогч түшмэлээр ажиллаж байхдаа, Богд Эзэн хаанд зөвлөх эрх бүхий Доод хурлын гишүүн болж, улмаар Улсын Дээд, Доод хуралд “өртөөг халж цахилгаан тэрэг хэрэглэх тухай” саналаа бичгээр өргөсөн байна. “Автономитийг цуцлах үед Улсын Доод хуралд Дорж мэйрэн ганцаараа урвагч шийдвэрийн эсрэг мэдэгдэл хийж, хэрхэвч үүнийг дэмжиж болохгүй хэмээн эсэргүүцсэн юм” хэмээн Элбэгдорж Ринчино тэмдэглэсэн нь Мэйрэн Доржийн Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хичнээн тууштай тэмцэгч байсаны тод илрэл хэмээн үзэж болно.
ЭДИЙН ЗАСАГЧ, САНХҮҮЧ, САНГИЙН САЙД
Ардын засгийн газрын Ерөнхий сайд Бодоогийн үед Засгийн газрын туслах түшмэлийн албанд томилж ажиллуулж байв. Хожмын баримтаар Б.Дорж нь Засгийн газрын туслах түшмэлийн албанаас 40 хоногийн түр чөлөө гуйж нутаг буцсан байжээ. Говь Түшээт вангийн хошууны мэйрэн Б.Доржийг хошуундаа байхад нь Монгол Ардын Засгийн газраас удаа дараа дуудаж, авчран Ардын Засгийн газрын Гадаад явдлын яамны хэлтсийн эрхэлсэн түшмэлээр тохоон тавьжээ. Эхний удаад татгалзсан ч Амар сайдын хүсэлтээр Нийслэл хүрээнээ ирж, дээрх албанаа орсон байна.
Ийнхүү Засгийн газрын туслах түшмэлээр ажиллаж байгаад 1922 оноос Гадаад явдлын яамны хэлтсийн эрхэлсэн түшмэл, Ардын Засгийн газрын улс орныхоо алтан сан хөмрөгийг бүрдүүлэх комиссын дарга, мөн Засгийн газрын Эдийн засгийн үндсэн бодлого боловсруулах комиссын гишүүн, 1923-1924 онд МАН-ын Төв хорооны гишүүн, Сангийн явдлын яамны тэргүүн сайд, Монголбанкны үүсгэн байгуулагч, Монголбанкны Ерөнхий хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга, 1924 оноос Сангийн явдлын яамны зөвлөх түшмэл, 1925-1929 он он хүртэл Харилцан туслалцах хоршооны ерөнхий хорооны гишүүнээр сонгогдон ажиллажээ.
1922 онд Б.Доржийг Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны дэс түшмэлийн алба хааж байсныг харгалзан Гадаад явдлын яамны хэлтсийн эрхэлсэн түшмэлийн албанд томилжээ. Төв Хорооноос Сангийн яамны сайд С.Данзан Бүх цэргийн жанжин дор сонгогдсоны учир түүний оронд Сангийн яамны сайдын албанаа Төв хорооны дарга А.Данзан болон хэлтсийн эрхэлсэн түшмэл Б.Дорж нарын нэрийг дэвшүүлснийг Төв хорооны бүгд хурлаар хэлэлцээд гишүүдээс санал хурааж Доржийг сонгох гишүүд ес, Данзанг сонгох гишүүд зургаа болсон тул Б.Доржийг Сангийн явдлын яамны сайдаар сонгож, Засгийн газрын 1923 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хурлаас томилжээ. Япон Данзан хэмээн алдаршсан намын даргатайгаа өрсөлдөөд гурван хүний санал илүү авч ялан, Сангийн сайдаар тохоон томилогдсон явдал мэйрэн Доржийн санхүү, эдийн засгийн талаарх мэдлэг чадвар, төрийн албаны туршлага нөлөөлсөн байх, нөгөөтэйгүйгээр Гадаад явдлын яамны сайд Амар, жанжин Данзан нар түүнийг дэмжиж байсан хэрэг юм.

Б.Дорж бээр Сангийн явдлын яамны сайдын албыг хүлээн авмагц улсынхаа орлогыг нэмэгдүүлэх, санхүү, эдийн засгийн тулгур олон чухал дүрмийг боловсруулан батлуулсан байна. 1923 онд “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх Монгол Улсын хөгжлийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичиг боловсруулах комисст “Цэвээн Жамсранов, Цэрэндорж, Жамьян, Гомбожав, Баяндэлгэр нарыг” томилж, удалгүй мэйрэн Доржийг нэмэн оруулсан байна.
Дорж нарын боловсруулж, Монгол Ардын Намын нэгдүгээр хурлаас сайшаан баталсан “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх сэдэв бол Монгол Улсын хөгжлийн үндэсний ардчилсан чиг шугамыг тодорхойлсон стратегийн шинжтэй баримт бичиг бөгөөд тус хөгжлийн бодлогын баримт бичигт Богд хаант Монгол Улсын үед эх суурь нь тавигдаж, 1990 оны дараа Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд суусан гурав дахь хөршийн бодлого тусгалаа олсон билээ.
1924 оны гурав болон дөрөвдүгээр сард болсон Хувь нийлүүлсэн Монголын Худалдаа ба Аж үйлдвэрийн банкны үүсгэн байгуулагчдын хуралд Сангийн сайд мэйрэн Б.Дорж бээр Монгол Улсаа төлөөлөн Засгийн газрын зөвлөх Элбэгдорж Ринчино, Гадаад явдлын яамны сайд Амар, Хянан байцаах төв комиссын дарга Цэдэн-Иш нарын хамтаар оролцож, Монгол банкийг үүсгэн байгуулалцжээ. Дээр дурьдсан хурлаас мэйрэн Дорж Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн даргаар томилогдсон байна. 1924 оны наймдугаар сард хуралдсан МАН-ын гуравдугаар их хуралд Сангийн явдлын яамны сайд Дорж Улс орны эдийн засаг, санхүүгийн тухай үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн байдаг. Улсын санхүүг бүрдүүлэхдээ олон зүйлийн уурхай нээлгэх дүрмийг тогтоож мөрдүүлж байгаа зэргийг тэмдэглэсэн буй.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт