
Төгсгөл. Түрүүч нь ¹124 (8188) дугаарт
О.БАТСАЙХАН (Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор)
А.БАЯРМАА (Судлаач, докторант)
Хэдхэн сарын дараа хуралдсан БНМАУын анхдугаар их хуралд Б.Дорж Сангийн сайдын хувиар улсын онц чухал хуралд хариуцсан салбарын талаар илтгэл хэлэлцүүлжээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Монгол Улсын Анхдугаар Их хуралд тавьсан илтгэлдээ “гааль, санхүүгийн хэрэгт гадаадын сургагч мэргэжилтнүүдийг түр хугацаагаар урин ирүүлэх, малын татварын хэмжээг Дотоод яам хариуцаж, Сангийн яамд хураалгадаг байв. Гаалийн хорооны тухай илтгэлд 1922 онд гаалийн найман хороо, 1923 онд 13, 1924 онд 25 хороо болгож нэмэгдүүлсэн тухайгаа дурджээ.
МАН-ын III их хуралд тавьсан сайд Доржийн илтгэлд үнэт чулууны уурхай нээн малтах ажлыг гадаадын хүмүүст түрээс, концессын журмаар эдлүүлэх тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан бол улсын анхдугаар их хуралд оруулсан энэхүү илтгэлд тэр үндэслэл туслагдахын зэрэгцээ эрдэнэс, баялаг үнэт чулууны уурхайг улсын сангаас эрхлэн мэдэж үйлдвэрийн журмаар ашиглах арга хэмжээ боловсруулахыг чухалчлан заажээ.
Сангийн яамны сайд Дорж МАН-ын III их хуралд тус яаманд хавсаргаж байсан “Аж ахуйн тухай” илтгэл тавьжээ. Сайд Доржийн илтгэлдээ санал болгосон ёсоор Улсын анхдугаар их хурлын шийдвэрийн үндсэн дээр 1924 оны арванхоёрдугаар сард Аж ахуйн яамыг анх нээн байгуулжээ. 1924 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хурлаар баталсан дүрмийн дагуу тус яаманд анх ерөнхий хэлтэс, газар тариалангийн хэлтэс, мал ажлын хэлтэс, худалдаа, үйлдвэрийн хэлтэстэй байв. Тус яамны эрхлэх ажлын чиглэлд тохируулан 1925 онд Дотоод яамны харьяанд байсан мал эмнэлгийн газрыг Аж ахуйн яаманд шилжүүлжээ. Аж ахуйн явдалд чухал холбогдох тоо бүртгэлийн хэлтсийг Дотоод яамны харьяанд байгуулсан бөгөөд 1925 оны наймдугаар сард авто ба бусад төрлийн тээврийн хэргийг эрхлэх “Монгол Тээхийн төв хороо”-г байгуулж, 1926 онд Барилгын хэргийг эрхлэх газрын үндэс суурийг тавьсан юм.
Сайд Доржийн илтгэлд дурьдан буй Налайхын чулуун нүүрсний уурхай бол хувьсгалаас өмнөхөн үед Монголд байсан аж үйлдвэрийн шинжтэй цорын ганц газар юм. Ийнхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Монгол Улсын анхдугаар их хурлын VII хуралдаанд “Шинэ байгуулах Аж ахуйн яамны тухай” илтгэлийг Сангийн явдлын яамны сайд Б.Дорж тавьж, Аж Ахуйн яам болон Мал аж ахуйн яамны анхны суурийг тавилцсан байдаг билээ. Тиймээс зарим аман түүхэнд Б.Доржийг Мал тариалангийн яамны сайд хэмээн дурьдагдах нь бий билээ.
Б.Дорж Сангийн явдлын яамны сайдаар ажиллаж байхдаа Улсын бүх орлого, зарлагын төлөвлөсөн данс үйлдэх комиссын даргаар томилогдон хавсран ажиллав. Энэхүү комисс нь 1923 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс 1924 оны нэгдүгээр сарын 22-ны хооронд нийт 37 удаа хуралдаж, улсын аливаа байгууллагууд, яамдын төлөвлөсөн дансыг хянаж магадлах, хасах зэрэг улсын өмнө онц үүрэг хүлээсэн комисс байсан болох нь архивын баримтуудаар илэрч буй.
Б.Доржийг нийтдээ 19 сар 23 хоног буюу нэг жил долоон сар 23 хоног Сангийн явдлын яамны сайдын алба хаших үед С.Данзан яамны зөвлөхийн үүргийг хүлээж ажиллав. Хотын Намын Хорооны X үүрийн гишүүн Б.Доржоос Улсын иргэд овог хэрэглэж байх тухай өргөсөн саналыг Намын Төв Хорооноос Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын хуралд оруулан, 1925 оны долоодугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын 25 дугаар хурлаар авч хэлэлцжээ. Комиссын гишүүн Доржийн илтгэснээр Засгийн газраас тогтоол гаргаж, “улсын бүх ард иргэдийг эр, эм, их, бага хэмээн ялгаварлахгүй бүртгэлтэй болгож, хуучин овог бүхий нь овгийг, үл мэдэгчид нь эцэг, эх, өвөг, элэнц, хуланц ба түүнээс дээш боловч хуучин угсаа төрлийн хүний нэрээр буюу эсбээс өөрсдийн зохих тохирох овогоор овоглох ёстой” хэмээн заажээ. 1931 онд БНМАУ-ын засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулж, 13 аймаг шинээр байгуулахад Өмнөговь аймаг шинээр зохион байгуулагджээ. Тус аймгийн төвийг хаана байгуулбал алс хэтдээ сайн байх талаар санал уралдуулж, Хармагтай, Даланзадгад хоёрын аль нэгэнд байрлуулахаар хэлэлцэхэд мэйрэн Доржийн саналаар эдүгээгийн Өмнөговь аймгийн төв буй Даланзадгад хэмээх газар байгуулахаар шийдвэрлэсэн хэмээн түүний шавь Түмэн бээр дурсан бичжээ. Энэ бол Өмнийн говийн хүү, мэйрэн Доржийн нутаг хошууныхаа төлөө чилээсэн түүний зүтгэл мөн хэмээн үзүүштэй.

ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЖИНХЭНЭ ГИШҮҮН, ЭРДЭМТЭН МЭЙРЭН
1924 оны наймдугаар сард хуралдсан МАНын III их хурлын үеэр Сангийн сайд байсан, Бүх Цэргийн жанжин Солийн Данзан нарыг баруунтан хэмээн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн билээ. 1924 оны арваннэгдүгээр сард хуралдсан БНМАУ-ын Анхдугаар их хуралд “Эдийн засаг, санхүүгийн тухай” илтгэлийг тавьсан Сангийн сайд Доржийг тус хурлаас сайдын албанаас чөлөөсөн юм. Энэ бүхэн бол тайж бөгөөд мэйрэн Б.Доржийг Данзан нарын баруунтаны талын хүн хэмээн үзэж байсантай холбоотой юм. 1928 онд хуралдсан МАХНын VII их хурлаар БХК(б)Н, Коминтерны шууд зохион байгуулалт дор тэдний талыг баримтлагчид болох хэт зүүний үзэлтэй жигүүрийнхэн Засгийн эрхэнд гарч, баруунтан буюу Монголын үндэсний эх орончид Мэйрэн Б.Дорж нарыг намаас хөөх, албан тушаалаас нь зайлуулах ажлууд хийгдэж байсан юм.
1933 оноос Монгол хэлний тайлбар толь зохих комисст гишүүнээр Ринчен, Шагж, Гомбожав, Цэвэл, Дамдинсүрэн Нацагдорж нарын хамт мэйрэн Дорж бээр томилогдсон байна. Б.Доржийн үйл хэрэг нь Монгол Улсын төрийн зүтгэлтэн мэргэн сайд А.Амартай нягт холбогддог бөгөөд Амар Гадаад яамны эрхэлсэн түшмэлийн албанд ажиллаж байхад 1922 онд Дорж тус яамны хэлтэсийн эрхэлсэн түшмэлээр ажиллаж байсан юм. Дараа жил тэд хамт Засгийн газрын гишүүд сайд нараар ажиллаж байв. 1935 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн Эрхлэх Товчооны I хурлын тогтоолоор Б.Дорж нарын 12 гишүүнийг Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр сонгож, тогтоожээ. Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүдийн шалгуурыг хангаж, сонгогдсон жинхэнэ гишүүн 12 хүний нэрийг үзвэл, Ерөнхий сайд байсан, эрдэмтэн Амар, сайд бөгөөд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан, манжчи Л.Дэндэв, хожмоо алдаршсан Бямбын Ринчин, Бөрт овогт Буянчуулган, толь бичгээр овоглосон Шагж нарын зэрэг олон алдартай эрдэмтэн мэргэдтэй зэрэгцэн мэйрэн Дорж бээр орсон байгаа нь түүний хэр зэрэг чансаа өндөр, эрдэмтэн байсныг мэдэж болно.
Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байхдаа мэйрэн Б.Дорж бээр 1935 онд Монголын мал аж ахуй, биологийн чиглэлд онц чухал “Малчнаа сануулах сэдэв” хэмээх бүтээлээ туурвисан байна. Тус бүтээлд говь газрын 90 нэр, төрлийн өвс, ургамлын нэр, бүтэц агуулгыг тодорхойлж, тэдгээрийн ямар малд зохимжтой, юунд хортой зэргийг тайлбарлажээ. Мөн түүнчлэн, нутаг бэлчээрийг хэрхэн сонгох, таван хошуу малыг маллах аргын талаар нилээд үндэслэл¬тэй зүйлсийг тусгаснаараа онцлог бүтээл юм.
Монгол хэлний тайлбар толь зохиох комисст Б.Дорж ажиллаж, “монгол хэлний тайл¬бар толь”-иос А-гийн долоон үсгийг дуустал зохиосон. Энэ бүх баялаг материалыг Я.Цэвэл товчхон эмхэлж “Монгол хэлний товч тайлбар толь” зохиосон” хэмээн Академич Ц.Дамдинсүрэн дурсжээ.

ЭЛДЭВ АВЬЯАСТАЙ Б.ДОРЖ
Дорж Монголын уламжлалт сур харвах, бөмбөг намнах, хурдан морь уях зэрэг үндэсний спортод тун сонирхолтой байсан бөгөөд сур харвах нь эртний үеийн байлдах, намнах, авлах гөрөөлөх эрийн эрдэм боловсруулж тэр үеийн ийн нийгмийн чухал сургууль уламжлалаас үлдсэн бөгөөд сүүлдээ Халх монголын эрчүүдийн онц тэмцэлтэй тоглоом наадмын нэг ихээхэн хэсгийг эзэлсэн болсон билээ. Дорж Улсын сур харвах тэмцээнд 1934 онд 18-20 сумаа бүрэн онон харваж тэргүүн байрыг эзлэн “Батсуурьт улам өрнөх Идэр мэргэн” (Түмэн, 1980, хууд. 56) цол хүртжээ.
Түүний шавь Ч.Түмэн “Дорж багш дуу хөгжимд авъяастай, уртын дуу “Жонон хар” морины жороо явдал, “Өнчин цагаан ботго” гэх мэтийн аялгууг морин хуураар сайн хуурддаг байсан ба хувьсгалын эхний жилд “Хувьсгалч шинэ сургууль” гэдэг дууны үг зохиогоод ая оруулан өөрийн төрсөн охин Цэрэнханд, хүү Батнасан хоёрыг бага, дунд сургуульд суралцаж байх үед тэдэнд заан сургаж дуулуулж байсан юм. Өмнөговь аймгийн арван жилийн дунд сургуулийн багш Даваа урьд Дорж багшийн дээр үед хуулбарлаж авсан найрын 32 уртын дууны үгийг сурвалжлан олжээ” хэмээн тэмдэглэжээ.
СЭТГҮҮЛЧ, АМАН ЗОХИОЛЫН МАСТЕР
Сурвалж бичгүүдээс нягтлан үзвэл Б.Дорж бээр улсын дотоод гадаад байдал, нийгэм, улс төрийн асуудлыг зонхилон нийтэлдэг дэвшилтэт “Нийслэл хүрээний сонин бичиг” хэмээх сонинд өгүүлэл, шүүмж нийтлүүлж, сэтгүүлчийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бололтой. Академич Ц.Дамдинсүрэн дурсан бичихдээ “Дорж гуайн нэг онцлог бол Монголын аж амьдралын тухай маш өргөн мэдлэгтэй, үргэлж сонин сайхан юм ярьж байдаг монголын “хууч” нэртэй аман өгүүллийн их мастер хүн байсан” гэжээ. Академич Ц.Дамдинсүрэн “Монгол уран зохиолын дээж зуун билэг оршвой” зохиолдоо Б.Доржийн “Туулай, Төлөг, Чоно гурвын үлгэр”, “Эртэй уургач Эрэндоо” өгүүллийг оруулж ард түмэндээ түгээн, тархажээ. “Чоно их хартай амьтан байтлаа бухын уран аргад унасан нь”, “Заяатын шунал, Зүтгэлтийн бодол” өгүүллэгүүд нь “Шинэ толь” сэтгүүлийн 1938 оны дугаарт хэвлэгдснийг Ч.Түмэн номдоо оруулжээ.
ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДСЭН НЬ
Б.Дорж 1942 оны долоодугаар сарын 9-ний өдөр хилс хэргээр дайчлан баривчлагдав. Б.Доржийг Дотоод явдлын яам баривчилсны дараа хэдэн удаа байцаасан протокол эдүгээ Таг¬нуулын Ерөнхий газрын архивт байдаг ажээ. Нийтэд хэвлэгдсэн Дотоод явдлын яамны дэр¬гэдэх Тусгай комиссын хэрэг тасалсан хорьдугаар хурлын 1943 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн тогтоолд “1936 онд тайж учраас сонгуулийн эрх хасагдсан”, 1925 онд “намаас хөөгдсөн” хэмээн тэмдэглэжээ.
Харин Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байсан С.Батсүх гэдэг хүн 2013 онд нийтэд зориулан хэвлэсэн нэгэн бүтээлдээ Доржийн мөрдөн байцаалт буюу хавтаст хэрэгтэй нь танилцаж, зарим нэгэн зүйлийг товч хураангуй дурджээ. Тухайлбал, Доржийн хэргийг шийтгэсэн байдлаас харвал тэрбээр тайж язгууртнаас байцаасан байцаалтаас харж болно. Доржийн өдүүлсэн хэргийг 1.Хувьсгалын эсэргүү Панмонголизмын хуучин үлдэгдэл гишүүн. 2.Тус улсыг устгах тухай Японтой нууцаар байгуулсан гэрээ бичгийг баталсан хуралд биеэр суулцсан зэрэг шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлд зааснаар яллана. (Батсүх, 2013, хууд. 68) Хэмээн төлөвлөсөн байна.
Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын хэрэг тасалсан Хорьдугаар Хурлын тогтоолоор түүнд 15 жилийн хорих ял оноож, хөрөнгийг хураажээ. Тэрбээр 65 насандаа 1943 онд шоронд бие барсан байна. 1960 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын хурлын 70 дугаар тогтоолоор Б.Доржийг нэр төрийг сэргээн цагаатгажээ.
ДҮГНЭЛТ
Олноо мэйрэн Дорж хэмээн алдаршсан Дорж бээр Эзэн Чингис хааны алтан урагаас гаралтай төрлийн тайж, хошуу тамгын газарт бичээч, мэйрэн зангийн албанаас Монгол Улсын төрийн сайд хүртэл дэвшиж явсан, Богд хааны зарлигаар хишиг хүртсэн, Монголын төрийн улс төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн байжээ.
Тэрбээр Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө чин шударгаар тэмцэгч, Монголын бие даасан байдал, үндэсний эдийн засаг, санхүү, банк, шинжлэх ухааны хөгжилд өөрийн бүхий л хүч чадал, оюун ухаанаа зориулсан үндэсний томоохон сэхээтэн даруй мөн. Тиймээс түүний дэвшүүлсэн өртөөг халж, машин тээвэр хөгжүүлэх санал зуун дамжин хэрэгжиж, улс орныхоо эдийн засаг, санхүүг хөгжүүлэх дотоод бие даасан бодлого, гуравдахь улс гүрэнтэй харилцаатай байх гадаад төрийн бодлого нь биелэлээ олсоор уламж баяжсаар эдүгээ хүрчээ.