Монгол, Оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулга уулзалт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо энэ сарын 4-6-нд боллоо. Энэхүү чуулга уулзалтад манай улсаас төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 12 их сургуулийн 57 төлөөлөл оролцсон юм. Харин ОХУ-аас М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль зэрэг 54 их сургуулийн 63 төлөөлөл оролцов. Чуулга уулзалтын үеэр хоёр улсын боловсролын салбарын удирдлагууд, тэргүүлэх их сургуулиудын ректорууд түүхэн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, 2029 он хүртэлх хамтын ажиллагааны зорилгоо тодорхойлон, баталгаажуулсан юм. Ингэснээр хоёр улс хооронд оюутан солилцоог идэвхжүүлж, орос хэлний багш нарын ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэх боломж бүрдлээ.
МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ТӨВИЙГ БУРИАДЫН УЛСЫН ИХ СУРГУУЛЬД НЭЭВ
Дээрх уулзалтын хүрээнд Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуульд Монгол хэл, соёлын төвийг анх удаа нээлээ. Ингэснээр Евразийн бүс нутгийн оюутнууд монгол хэл, соёлтой танилцах, судалгаа шинжилгээ хийх, хэлний бэлтгэлд хамрагдах өргөн боломж бүрдэж буйгаараа онцлогтой. Мөн цаашид ийм төвийг Оросын бусад их, дээд сургуульд байгуулах саналаа манай улсаас дэвшүүлээд буй юм.
Эл төвд Монгол орны ахуй соёлыг таниулсан гэр барьж, хананд нь Эзэн богд Чингис хааны эш хөргийг залжээ. Мөн монгол гэрт ямар тавилга байдаг, тэр бүгдийг нэгийг нь ч орхигдуулалгүй тохижуулсан байв. Морин хуур, эмээлээс эхлээд монгол хээ угалз бүхий сандал, ширээ, гүнгэрваа гээд айлд байх ёстой бүхий л зүйл тэнд бий. Бас соёл, шинжлэх ухааны олон талын ач холбогдолтой ном, товхимлуудыг ч дэлгэж, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен тэргүүтэй нэрт эрдэмтийн хөргийг залжээ.
Манай улсын докторын зэрэгтэй иргэдийн 90, дэд эрдэмтдийн 60, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн 50 гаруй хувь нь Орос, Зөвлөлтийн их, дээд сургуулиудын төгсөгчид гэх мэдээлэл бий. Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт оросуудын оруулсан хувь нэмэр ямар арвин болохыг эндээс харж болохоор. Тиймдээ ч одоо болтол тус улсад дээд боловсрол эзэмших хүсэлтэй монгол залуусын тоо олширно уу гэхээс буурдаггүй биз. Иймд Боловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И.Могилевский болон Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов нартай уулзаж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг дахин дэвшүүллээ. Тус улсад одоогоор 2000 ор¬ чим монгол оюутан суралцаж буй. Үүнээс 153 нь Буриадад суралцдаг бөгөөд тэдний 137 нь Засгийн газрын тэтгэлэгтэй аж.
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И.Могилевский “Хоёр улсын Боловсролын яам хооронд ойрын таван жилийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Евразийн улсууд руу монгол хэл, соёл түгэх давуу талтай. Эрдмийн хөдөлгөөнийг хөгжүү¬ лэх, боловсролын хамтарсан санаачилгыг хэрэгжүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүү¬ лэх хөтөлбөрүүдэд бид гол анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.
МУИС-ИЙН ШИЛДЭГ БАГШ НАР АЖИЛЛАНА
МУИС-ийн ректор Б.Очирхуяг “МУИС бол Монгол Улсаар овоглосон цор ганц эрдмийн өргөө. Бидний хамгийн чухал зорилтуудын нэг нь монгол хэл, соёлоо хамгаалах, судлах, залуу үедээ өвлүүлэх байдаг. Иймд олон жил хамтран ажилласан Буриадын улсын их сургуульд Монгол хэл, соёлын төвийг анхлан нээж, цаашид хамтран ажиллах гэж буйдаа талархаж байна. МУИС-ийн шилдэг багш нарыг эл төвд авчран, эх хэл, соёлоо сурталчлан таниулж, сургалт, судалгааны ажлыг өргөнөөр хийх болно. Түүнчлэн ОХУ-аас Монгол хэл, орон судлалаар суралцах хүсэлтэй оюутнууд МУИС-д суралцах бүрэн боломжтой” гэв. Ингээд тэрбээр эл төвийн цаашдын сургалт, судалгааны ажилд амжилт хүсэн МУИС-ийн эрдэмтэн багш нарын зарим ховор номын дээжийг гардуулсан юм.
Энэ үеэр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И.Могилевский “Уг төвийг байгуулснаар монгол хэлийг ОХУ-ын иргэд төдийгүй энд суралцаж буй 14 мянган гадаад оюутан сурах боломжтой боллоо. Оросын түүхийн нийгэмлэгийг хамтран удирддагийн хувьд Монгол хэл, соёлын төвийн үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлэхээр ажиллана. Мөн Буриадын хэд хэдэн бүс нутгийн их сургуульд ийм төв байгуулах саналыг ирээдүйд хэлэлцэж, Монгол, ОХУ-ын боловсролын салбарын харилцаа хэрхэн өсөн дэвшиж буйг бусад улсад ч харуулна” гэв.
МОНГОЛ, ОХУ ЭВ НАЙРАМДАЛТАЙ ЗЭРЭГЦЭН ОРШИХ ҮНДЭС НЬ БОЛОВСРОЛЫН САЛБАР ГЭВ
Боловсролын сайд П.Наранбаяр “Хоёр улсын их, дээд сургуулиудын ректоруудын чуулга уулзалтыг зохион байгуулснаар дээд боловсролын салбарт оюутан солилцоог эр¬ чимжүүлж, шинэ түвшинд хүргэнэ гэж харж байна. Буриад, Халимаг, Тува үндэстэнд монгол хэлийг түгээн дэлгэрүүлэх бидний саналыг ОХУ сайшаалтай хүлээн авсан. Үүний хүрээнд Монгол хэл, соёлын төвийг Буриад улсын их сургуулийн харьяанд байгуулсанд Боловсролын сайдын хувьд талархалтай байна. ОХУ нь манай улстай маш ойр оршдог ч бид одоо болтол хэл, соёлын төвөө байгуулж чадаагүй явж. Харин өдгөө монгол хэл, соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх боломж тэллээ. ОХУ бол Европ, Азийг дамнан оршдог том гүрэн. Мөн боловсролоороо дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Тиймээс Евразийн олон улсаас оюутан, залуус энд ирж монгол хэл сурах боломжтой. Монгол болон ОХУ бол мөнхийн хөршүүд учраас үргэлжид эв найрамдалтай зэрэгцэн орших учиртай. Харин үүний үндэс суурь нь боловсролын салбар юм. ОХУ-д одоогоор 2000 орчим оюутан суралцаж байна. Тэд өнөөдрийн байдлаар амьжиргааны зардалд нэг сард ойролцоогоор 120 мянга орчим төгрөг авдаг. Тиймээс эдгээр оюутны тэтгэлгийг хэмжээг нэмэгдүүлэх саналыг ч холбогдох албаныханд хүргүүллээ. Манай оюутнуудын тэтгэлгийг амьжиргаа, эрүүл мэнд, дотуур байрны зардлаас хөнгөлөх санал тавьсан. Үүний хүрээнд Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургууль 15 оюутанд их хэмжээний тэтгэлэг олгохоо илэрхийлсэн” гэсэн юм.
СЭЛЭНГЭ МӨРНИЙ ХӨВӨӨНД 500 ОЮУТНЫ КАМПУС БАЙГУУЛАХ НЬ
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын стандартад нийцсэн оюутны кампусыг 2030 онд 25, 2040 онд 50-ийг байгуулахаар болжээ. Үүний хүрээнд Сэлэнгэ мөрний хөвөөнд байгалийн үзэсгэлэнт газарт 500 оюутны хи¬ чээлийн болон дотуур байр байгуулахаар төлөвлөсөн аж. Улмаар монгол оюутнуудыг шууд хүлээн авч, хэлний бэлтгэлд сургах, бусад сургуульд зуучлах боломж бий болох нь. Өөрөөр хэлбэл, Буриад монгол хэл, соёлын төв болох юм.
Буриад улсын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденов “Буриад болон Монгол ахан дүүс эрт үеэсээ түүхийн хувьд гүн холбоотой байсан. Тиймээс ирээдүйд ч бидний харилцаа батжих учиртай. Өнөө жил бид Дэлхийн II дайныг хамтын хүчээр ялсны 80 жилийн ойг тэмдэглэсэн. Боловсрол хамгийн чухал зүйл. Эл салбарт монгол ахан дүүстэйгээ хамтран зүтгэх гэж буйдаа гүнээ талархаж байна. Манай улсад анх удаа Монгол хэл, соёлын төвийг байгуулснаар зөвхөн монгол, эсвэл орос оюутан бус, Евразийн аль ч улсаас хүссэн хүн бүр ирж, суралцах боломж нээгдлээ. Евразийн орнуудын хоёр дахь хэл нь орос хэл байдаг. Тиймээс эдгээр орны оюутнууд ямар нэгэн байдлаар хэлний бэрхшээлгүйгээр Монголын түүх, соёл, хэлийг сурч болно” гэлээ.
Чуулга уулзалтыг Монгол Улсаас ШУТИС, ОХУ-аас Буриадын улсын их сургуулийнхан хариуцан зохион байгуулсан юм. Энэ талаар ШУТИС-ийн ректор Т.Намнан “Өнгөрсөн хугацаанд хоёр орны их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа олон хүчин зүйлээс үүдэн төдийлөн идэвхтэй байж чадаагүй. Тиймээс энэхүү уулзалтаар дамжуулан дээд боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьсон. Мөн бүс нутгийн зарим асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд хоёр улсын их сургуулиудын хүч, бололцоог дайчлах, тэдний хамтарсан бүтээл туурвилуудыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой.
ШУТИС ОХУ-тай хамтран инженер технологийн дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчнийг 1959 оноос анх бэлтгэж эхэлсэн. Энэ үеэс бидний хамтын ажиллагаа бүрэлдэн тогтож, бэхэжсэн түүхтэй. Судалгааны лаборатори, материаллаг баазыг бэхжүүлж, өнөөгийн ШУТИС-ийн суурийг тавихад ОХУ томоохон үүрэг гүйцэтгэсэн” гэв.
У.Цэцэг