Дэлхийн тэрбумтнуудын ертөнцөд дорвитой өөрчлөлт орж эхэлж байх шиг. Манай гаргийн баячуудын эгнээнд багтах нь саяхан болтол ховорхон амжилтад тооцогдож байсан бол одоо тэднийдотор супер тэрбумтан гэх шинэ дээд хэсэг бий болж байна гэж “Wall street journal” сэтгүүлд бичсэн байх юм. Тэдний хөрөнгө олон арван тэрбум ам.доллароор хэмжигдэнэ. Харинхуучин тэрбумтнуудын хөрөнгөчинээдаруухан гэж үнэлэгдэх түвшинд хүрч байгаа аж.
“Altrata” компанийн бүрдүүлсэн тэрбумтнуудын жагсаалтыг 419.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй Илон Маск тэргүүлж явна. Түүний дараа Жефф Безос, Бернар Арно орсон байна. Эхний аравт Ларри Эллисон, Марк Цукерберг, Сергей Брин, Уоррен Баффет нарбагтжээ. Жагсаалтад нийт хөрөнгө нь 3.3 их наяд (Францын дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү гарсан) ам.долларт хүрсэн 24 хүн орсон байв. Тэдний хөрөнгийн хувь хэмжээ нийт тэрбумтнуудынхаа дунд 2014 онд дөрвөн хувь байснаа 16 хувь болж, 16 хүн тусбүрийнхнь хөрөнгө 100 тэрбум ам.доллароос давжээ. “Altrata” компанийн дүн шинжилгээний хэлтсийн удирдагч Майя Имбергийн тэмдэглэснээс үзвэл эдний гаргасан хөрөнгийн үнэлгээ арга зүйн ялгаа хийгээд сангийн зах зээлийн хэлбэлзлээс хамаарч бусад чансаанаас зөрүүтэй байж болох аж.
“Bloomberg”, “Forbes” хоёр эхний гурван байртИлон Маск, Жефф Безос, Марк Цукерберг гурвын нэрийг бичсэн бол “Altra-ta” энэ нэрсэд Бернар Арног оруулсан байна. Түүнчлэн Ларри Эллисоны хувьд ч байр суурь нь зөрүүтэй, “Bloomberg” түүний нэрийг тавд бичсэн байхад “Forbes” дөрөвт оруулсан байх жишээтэй. “Altrata” болохоор Ларри Пейж, Сергей Брин нарыг эхний аравт багтаагаагүй. Түүнээс гадна зарим тэрбумтны хөрөнгийн үнэлгээ ихээхэн зөрүүтэй байгаа. Жишээ нь, Илон Маскийн хөрөнгийг “Bloomberg” 358 тэрбум ам.доллар гэсэн байхад “Altrata” 419.4 тэрбум ам.доллар, Жефф Безосыг “Forbes” 227.5 тэрбум ам.долларынхөрөнгөтэйгэж үнэлсэн бол “Altrata” 363.8 тэрбум ам.доллар гэсэн байдаг.
1987 онд “Forbes” нийтдээ 295 тэрбум ам.долларын хөрөнгөтэй 140 хүн байна гэж анхны чансаагаа тогтоож байжээ. Тэр үед 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Японы Ёсианки Цүцүми хамгийн баян хүн гэгдэж байсан бол өнөөдөр Маскийн хөрөнгө түүнээс 20 гаруй дахин илүү болчхоод байна. Тэрбумтны тоо нэмэгдэхийн хажуугаар тэдний амьдралын хэв маяг нь өөрчлөгджээ. Тэрбумтнууд дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөд есөн оронтой тоогоор хэмжигдэх мөнгө зарцуулах болсон байна. Безос гэхэд л Майами-Бичид олон зуун сая ам.доллароор харш худалдаж авчээ. Ларри Эллисон 173 сая ам.доллароор Флоридад эзэмшил газартай болсон бол Майкл Делл Нью-Йоркод 100 сая ам.долларын үнэлгээтэй пентхаустай болсон байна.
Тэгэхдээ тэрбумтнуудын доторх салбарын бүтцийг хамгийн гол өөрчлөлт гэж үзэж байна. XIX, XX зуунд иххэмжээнийхөрөнгийг нефть, ган, төмөр замд зориулж байж. Тэгвэл мөнгийг технологийн салбараас олон юм уу, түүнийололт амжилтаар салбар нь шинэ түвшинд гарч ирсэн үйлдвэрлэгчээс супер тэрбумтнуудын хамтлаг бүрдэх болжээ. Дэлхийн хамгийн баян 10 хүний зургаа нь ийм хүмүүс байна. 24 супер тэрбумтны ердөө гурванэмэгтэйн болон зургаагийнх нь төв байр АНУ-аас өөр улсад байна.
Баячуудын хөрөнгө тэдний компанийн хувьцааны үнээс бүрэн хамаарч байдаг гэж мэдээллийн хэрэгслүүд онцлон тэмдэглэсэн байх юм. “Tesla”, “Meta”, “Nvidia” гэх мэт аварга компанийн үнийн хэлбэлзлээс хохирол амсаж, үүнээс үүдэн үндэслэн байгуулагчдын хөрөнгө, орлого тогтворгүй болдог. Безос, Цукерберг, Женсен Хуанг нар хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанаас хамааран нэг жилд хэдэн арван тэрбумыг олж ч, алдаж ч байдаг аж. Урьд нь олон арван жил болж байж хөрөнгө хуримтлуулдаг байсан бол одоо ердөө хэдхэн жилд асар баян болцгоож байна. FTX-ийг үндэслэн байгуулсан Сэм Бэнкман-Фрид 30 нас хүрэхдээ 26 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байсан нь үүний тодорхой жишээ юм.
Технологийн секторт монополын эсрэг зохицуулалт төдийлөн үр дүнтэй бус байгаа нь хэт баячуудын тоог өсгөхөд нөлөөлж байгаа гэж эдийн засгийн салбараас Нобелийн шагнал хүртсэн Жозеф Стиглиц үзжээ. “Standard oil” мэт аваргуудтай тэмцэхээр бий болгосон Монополын эсрэг хуулиуд тооны монополын эсрэг үйлчлэхгүй байна” гэж тэрбээр тэмдэглэсэн байдаг. Орчин цагийн баячуудын хөрөнгийн зах зээлийн асар их эрх мэдэл тун сул хяналтад байдаг гэдэгт тэрбээр эргэлздэггүй юм. Түүнээс гадна татвараас эрээ цээргүй зугтдаг нь тэрбумтнуудад төлбөрөө багасгах боломж олгодог байна. “Tesla”-д өгөх Маскийн нөхөн төлбөрийн 50 тэрбум ам.долларын асуудлыг шүүх хэрхэн шийдсэн нь үүний нэг жишээ юм. “Тэд чанартай бүтээгдэхүүн хийснээс татвараас зугтах нь дээр гэж үздэг” гэж Стиглиц хэлсэн байдаг.
Тэрбумтнуудын хөрөнгө чинээ АНУ-д эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдсэн тэр үед эрс өссөн гэж WSY-д бичжээ. 2024 оны эцэст Америкийн баян гэр бүлийн нэгхэн хувь нь үндэснийхээ баялгийн30 хувийг эзэмших болсон байв. 1980-аад онд энэ үзүүлэлт 23 хувьтай байжээ. Эдийн засагчдын нэг хэсэг нь үүнийг хөрөнгө оруулалт, глобалчлалын үр дагавар гэж үздэг бол нөгөө нь эдийн засаг болон ардчилсан институтүүдийн тогтвортой байдалд аюул учруулна хэмээн болгоомжилдог.
Хөрөнгө чинээ хэт их өсөж буй нь капитализмын хямралын шинж тэмдэг гэж Чикакогийн их сургуулийн профессор Луижи Зингалес үзэж байна. Өрсөлдөх боломжгүй болтол нь арилжааны нууц, хөрөнгө оруулалтыг хамгаалах боломж олгож байна гэж тэрбээр АНУ-ын эрх зүйн тогтолцоог буруутгадаг аж.
Хурааж хуримтлуулсан асар их хөрөнгө нь эздэдээулс төрийн нөлөө бий болгож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр уламжлан олон түмний сэтгэхүйд нөлөөлөх, түүгээр ч барахгүй төрийн бодлогод оролцох боломж олгодог гэж WSJ-д тэмдэглэсэн байх юм. Илон Маск “Tesla”, “SpaceХ” болон X (twitter)-ийг эзэмшиж, Безос “Wash¬ington post”-ийг, Цукерберг дэлхийн томоохон платформуудыг хянаж байна гэж дээрх хэвлэлд сануулсан байна. Эдийн засгийн ийм эрс тэгш бус байдал улс төрийн хагаралд хүргэхийг Стиглиц сануулж, “Эдгээр хүмүүст өөрийн сургууль, эмнэлэг, санхүүгийн тогтолцоо бий. Энэ нь нийгмийн нэгдмэл байдал, үндсийг нь сүйтгэж байна” гэж тэрбээр урьдчилан анхааруулжээ.
Татварын тогтолцоонд өөрчлөлт хийхээр Засгийн газрууд бодолхийлж байх зуурт эдийн засагчид ардчилалд хэт баячуудын үзүүлэх нөлөөний талаар маргалдаж, тэдний хөрөнгө нэмэгдсээр буй. Ойрын үед дэлхий дахин эхний их наятнуудыг үзэхийг шинжээчид үгүйсгэхгүй байгаа. “Урьд нь боломжгүй мэт байсан зүйлодоо бүрэн магадлалтай болсон” гэж тэд өгүүлж байна.
Хөрөнгө нь 50 тэрбум ам.доллароос дээш гарсан бизнес эрхлэгчдийн чансааг харуулъя.
Р.Жаргалант