Нийслэлчүүд 2028 оноос түгжрэлд ээрэгдэж, стресстэх зовлонгүй болох гэнэ. Туул голыг эмжсэн хурдны замаар салхи татуулан давхиж, хотын нэг захаас нөгөөд хэдхэн минутын дотор торох саадгүй хүрэх юм байх. Тэр үед Улаанбаатар хотын түгжрэл одоогийнхоос 10-20 хувиар буурч, оргил ачааллын үеийн дундаж хурд 7-13 км/цаг-аас 25 км/цаг болж нэмэгдэх аж. Үүнийг дагаад түгжрэлд өнгөрүүлэх цаг хугацаа, алдагдсан боломжийн өртөг үлэмж буурах нь. Цаашлаад зам, тээвэр, худалдааны салбарын үр ашиг нэмэгдэж, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач тустай гэлцэх.
Ийм нэгэн өөдрөг тооцоолол бүхий төсөөллийг нийслэлийнхэн улаанбаатарчуудад итгэл төгс танилцуулаад байна. Энэ төлөвлөгөөг бодитоор биелүүлэхэд нь “Туулын хурд¬ны зам” хэмээх мега төсөл гол үүрэг гүйцэтгэх аж. Төсөл хэрэгжүүлэх санхүүжилтээ шийдээд, бэлтгэлээ базаагаад, гүйцэтгэгчээ тодруулчихсан тул толгой өвтгөх асуудалгүй гэж албаны хүмүүс “аархаж” сууна.
Харин үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй хөрөнгө нөөцөө барж орхивол, тооцоо, судалгаагүй хөдөлбөл нөхцөл байдал хаашаа эргэж, хэрхэн дордох вэ гэдэгт хариулт өгөх сөхөөтэй хүн алга. Бүгд дүрдээ ор¬ чих¬сон, дуул¬сандуун¬дааөөрсдөө уяраад сүйд. Тиймээс энэ чиглэлээр анхааруулга, зөвлөмж өгч буй мэргэжлийн хүмүүсийн байр суурийг нийслэлийнхэн сав л хийвэл “Ажил гацаах гэсэн хоосон шүүмжлэл, улс төрийн явуулга” гэдэг өнцгөөс харлуулж, үгүйсгэн, чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр байна. Гэтэл авто замын түгжрэлийг бууруулж, нэвтрэх чадварыг сайжруулан, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх малгайн дор өнгөрсөн хугацаанд нийслэлд хэрэгжүүлсэн, туршсан ажлуудын дийлэнх нь тооцоо, судалгаагүй хөдөлж, хөнгөн хуумгай хандсанаас бүтэлгүйтсэн байдаг. Иймд эл төслийн улмаас учирч болзошгүй бодит эрсдэлүүдийг урьтан сануулъя. Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлснээр хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг энэ долоо хоногоос эхлүүлэх товтой буй.
ТҮГЖРЭЛЭЭ ШИЙДНЭ ГЭЭД ТУУЛ ГОЛОО ЗОЛИГТ ГАРГАХ ВИЙ
Туул голын эрэг дагуу хурдны зам байгуулах нь шинэ санаачилга биш, 10 гаруй жилийн өмнөөс буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс эхтэй. Тухайн үед санаачлан баталсан “Гудамж” төсөлд хамаарах томоохон дөрвөн ажлын нэг нь энэ байжээ. Үүнийг “барьж авсан” хотын дарга Х.Нямбаатар болон түүний багийнхан “Үе үеийн нийслэлийн удирдлагуудын мөрийн хөтөлбөр, аман цэцэрхлийг дамжсан ажлыг бид л зориглон хэрэгжүүлэхээр боллоо” гэх агуулгаар пиар хийж байгаа ч яг үнэндээ эл ажил хотын экосистем, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх, ундны усны нөөц, хэрэглээ зэрэг суурь асуудалтай холбоотой учраас эрх баригчид сэтгэл шулуудан хэрэгжүүлэхээс шийрэгнэдэг байсан юм билээ. Нөгөөтээгүүр, голын эрэг дагуу сүндэрлэсэн орон сууцын хотхон, хорооллынхны эсэргүүцэл ч үүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн.
Туулын хурдны замыг Баянзүрхийн товчоо, Налайхын авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл буюу хотын зүүн хэсгээс баруун зах хүртэлх 32 км газарт тавихаар зураг төсөл боловсруулаад буй. Хамгийн гол нь тус замыг нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын эрэг дагуу, Богдхан уулын дархан цаазат газрын орчны бүсэд барих юм. Улаанбаатар хотын экосистемийг тэтгэдэг гол бүсэд цементэн байгууламж цутгана гэсэн үг. Тэгэхээр байгалийн унаган төрх, хэв шинж нь ямар нэгэн байдлаар алдагдаж, доголдох нь тодорхой. Нөлөөлөл нь их үү, бага уу, үүнийг хэрхэн зохистой хэмжээнд барих вэ гэдэг асуудал л яригдана.
Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Н.Цэнд “Хурдны зам барьснаар ингэнэ, тэгнэ гэсэн дан сайхан зүйлс ярьж байна. Үүний үр дагаварт бий болох агаар, орчин, дуу чимээний бохирдлоос эхлээд экосистемийн үйлчилгээний алдагдлыг бас ярьж, тэдгээрийг яаж шийдэх талаараа нээлттэй хэлэлцэхийг нийслэлийнхээс шаардъ¬я” гэсэн юм. Нээрэн л уг төслийг хариуцсан албаны хүмүүс бүтээн байгуулалтын өмнөх шатны бүх бэлтгэлээ базаасан, ТЭЗҮ, зураг төслөө боловсруулсан, тендерийн гэрээгээ Олон улсын зөвлөх инженерийн холбооны загвараар байгуулахаар нөхцөл тавьсан гэж сайрхаж байгаа ч байгаль орчны нөлөөллийн талаас нь яг ямар тооцоо, судалгаа хийсэн, түүндээ үндэслэн юу хийхээр төлөвлөж буй талаараа олон нийтэд өдий хүртэл дорвитой мэдээлэл өгөөгүй, тайлан, дүгнэлтээ ч ил болгоогүй байна.
Хотын төвийнхнийг үерийн эрсдэлээс хамгаална гээд Сэлбэ, Дунд голынхоо бургасыг “хя¬даад”, хамгаалалтын далан босгох нэрээр голдирол, татмыг нь дураар самарчихсан хү мүүс түгжрэлийг бууруулах нэрийдлээр Туул голоо үгүй хийчхэж мэдэх юм. Тэнэг хүн зоригтой гэдэг дээ.
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ДӨНГӨ
Туулын хурдны зам” төслийн үндсэн байршил болон үерийн байгууламж барих хэсэгт Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хамаарах нийт 115 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатайг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлсэн. Тухайн бүсэд газар ашиглах, эзэмших тусгай зөвшөөрөлтэй ийм тооны иргэн, аж ахуйн нэгж бий гэсэн үг.
Хурдны зам тавих байршил, маршрутыг тогтоохдоо газар чөлөөлөлтөөс үүдэлтэй эрсдэл, ажиллагааг тооцоолсны үндсэн дээр байж болох хамгийн боломжит чиглэлийг гаргасан гэж албаны хүмүүс тайлбарлана лээ. Тэгвэл одоогоор чөлөөлөх ёстой нийт газрынхаа ердөө 10 хувийг нь л суллажээ. Үлдсэн 100 нэгж талбарын эзэдтэй зөвшилцөх ажил үргэлжилж буй гэх. Гэтэл төслийн бүтээн байгуулалтыг өнөө маргаашгүй эхлүүлэх сурагтай.
Бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр замхарсан, олон он дамнан сунжирсан, гэрээ, хэлцэл хийсэн ч энэ л шалтгааны улмаас хугацаа, хариуцлага алдсан төсөл, хөтөлбөр авто зам, дэд бүтцийн салбарт бишгүй. Үүний сонгодог жишээ нь “Дүүжин замын тээвэр” төсөл.
Томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр улс тусгай хэрэгцээнд авсан бүсэд газар эзэмшиж, ашигладаг иргэд, аж ахуйн нэгжүүд нөхөн төлбөр олгох сургаар яаж луу унжиж, ажилд садаа болдгийг бид бишгүй харсан. Эрдэнэбүрэнгийн УЦС, Хүннү хот байгуулах төслүүд үүнээс болж багагүй хугацаа алдсан, одоо ч энэ асуудлаа бүрэн шийдээгүй байгаа. Хувийн хэвшлийнхний хөрөнгөөр байгуулсан “Мишээл” танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн зэрэг үнэ цэнтэй, томоохон байгууламжийн тодорхой хэсэг ч хурдны замын нөлөөллийн бүсэд багтаж буй гэх. Өчнөөн тэрбум төгрөг зарж, хүч хөдөлмөр гарган байгуулсан зүйлсээ томоохон компаниуд тийм ч амар сүйтгүүлэхгүй л болов уу. Тэгэхээр “Туулын хурдны зам”-д ч газар чөлөөлөлтөөс үүдэлтэй бэрхшээл нүүрлэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд тус замыг ашиглалтад оруулах хугацаа хойшилж, төсөв санхүүгээс үүдэлтэй хүндрэлүүд бий болох нь энүүхэнд. Ингэх аваас нийслэлийнхний бидэнд өгч буй сайхан амлалтууд ч салхинд хийснэ.
ӨНДӨР ЗАРДАЛТАЙ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ
Туул голын дагуу хурдны зам байгуулах ажил нь манай улсад энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл юм. Монгол Улс анх 2019 онд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу хүрэх 32 км хурдны замыг 600 гаруй тэрбум төгрөгөөр тавьсан. Тэгвэл өдгөө хотынхоо суурьшлын бүс дундуур мөн яг ийм хэмжээний урттай замыг үүнээс 3.8 дахин өндөр зардлаар тавих гэж байна. Төслийн нийт санхүүжилт нь 2.3 их наяд төгрөг. Нэг км замыг 71.8 тэрбумаар барина гэсэн үг. Энэ хоёр замын ялгаа нь нэг нь дөрөв, нөгөөх нь зургаан эгнээ юм. Төсөв нь ийн тэлсэн шалтгааныг нийслэлийнхэн илүү нүсэр төлөвлөлттэй буюу олон тооны гүүр, нүхэн гарц, хоолой зэргээс бүрдэж буйтай холбож тайлбарласан.
Манай улсын эдийн засгийн чадамж, төсөв санхүүгийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл 30 гаруйхан км зам тавих төсөлд ийм хэмжээний мөнгө зарцуулах нь асар өндөр эрсдэл, хэр хэмжээнээсээ давсан “тансаглал” гэлтэй. Тиймээс “Төслийн санхүүжилтийг нийслэл бие дааж төсвөөсөө (400 тэрбумыг нь бондын эх үүсвэрээс) шийднэ” гэж даналзахын оронд энэ бүхний төлбөр эцсийн дүндээ иргэдийн нуруун дээр ачаа болж буухыг бодолцон, хариуцлагатай хандах ёстой юм.
Түүнчлэн “Туулын хурдны зам”-ыг түгжрэлийг бууруулах нэрийн дор нийслэлд хэрэгжүүлэх “Шинэ тойрог зам”, “Хөшигийн хөндийн салбар төмөр зам” болон метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин тээвэр нэвтрүүлэх бусад төсөлтэй нарийн уялдуулах, нэгдсэн төлөвлөлтөөр хангах шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар.
Хот төлөвлөгчдийн нэгдсэн холбооны гишүүн, архитектор С.Бахатжол “Нийтийн тээврийн салбарт нэгэн зэрэг олон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь л өөрөө том эрсдэл. Хонгилын систем, зангилаа уулзвар, давхар замаас бүрдэх “Шинэ тойрог зам” төсөл “Туулын хурдны зам”-тай дэд бүтцийн хувьд хэрхэн уялдах, огтлолцох вэ гэдэг нь сонирхол татаж байна. Улаанбаатар хотын тээврийн ерөнхий систем, дотоод урсгалын зохицуулалт муу тул эдгээр төслийн үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэсэн юм.
ГҮЙЦЭТГЭГЧИД БҮХНИЙГ ДААТГАЖ БОЛОХГҮЙ
“Туулын хурдны зам”-ын тендерийг хоёр удаа зарласны эцэст Хонконгийн “ХаоЮань групп” ХХК-ийг гүйцэтгэгчээр тодруулсан. Нийслэлийнхэн сонгон шалгаруулалтынхаа дүнг өнгөрсөн долоо хоногт сүртэй гэгч нь зарлалаа. 15 жилийн туршлагатай, ашигт малтмалаас эхлээд инженер, худалдаа, зам, барилга гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг туршлагатай, томоохон компани тоож тендерт оролцсон нь олз гэх нь холгүй, ажлаа эхлүүлээгүй аж ахуйн нэгжийг ам хуурайгүй магтацгааж байна.
Ер нийслэлийнхэн сүүлийн үед Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зам, дэд бүтэц, барилга, орон сууцын аль томоохон төслүүдийг гадаадын компанийнханд ийм байдлаар найр тавьж өгдөг нь уламжлал боллоо. Үүнийгээ гаднын туршлага, чадамж, хүн хүчний нөөцийг ашиглах “мэргэн бодлого” мэтээр тайлбарладаг. Гэвч угтаа эдгээр төслийн суурь бэлтгэл, тооцоо, судалгаа, гүйцэтгэлийн шатны хяналт гээд бүх зүйл захиалагчаас хамаардгийг мартаж болохгүй. Гүйцэтгэгч бол урьдчилан боловсруулсан ТЭЗҮ, зураг төслийн дагуу үндсэн ажлаа хийгээд л мөнгөө аваад арилж өгнө. Тухайн төслийн нийгмийн шаардлага, эдийн засгийн ач холбогдол, ирээдүйн үр нөлөө зэргийг тэд төдийлөн бодолцдоггүй.
Яг ийм туйлшралаар Улаанбаатар-ДарханУул чиглэлийн авто замын их засварын ажлыг Хятадын компаниудад хариуцуулаад юу боллоо. Эцсийн дүндээ засварын ажлыг гүйцээж дуусгах “ял”-д монгол компаниуд л унасан шүү дээ. Тиймээс нийслэлийнхэнд туйлшралаа зогсоож, шат шатандаа хариуцлагатай, хянуур байхыг онцгойлон захья. Хурдны зам тавьж, хотын бүсэд зорчих дундаж хурдыг нэмэгдүүлснээрээ л түгжрэлийг шийдчихдэггүй гэдгийг харуулсан АНУ-ын Лос-Анжелес, Хьюстон хотын бэлээхэн жишээ бийг ч сануулъя. Эцэст нь “Хурдны замыг зөвхөн автомашинд зориулж биш, хотын дэд бүтэц, эдийн засаг, хүн амын өсөлттэй холбогдуулан нэгдмэл байдлаар төлөвлөх ёстой” гэсэн нэгэн мэргэжилтний захиасыг ч та бүхэнд дайя.
Н.Мишээл