
“Ардын эрх”-ийнхэн. Зүүн гараас, өвөр эгнээнд Д.Цоодол, До.Нямаа, Д.Цэдэн-Иш, И.Рэнчинханд, арын эгнээнд С.Батбаатар, Д.Заяабат, Н.Баярсайхан, Б.Пүрэвдаш, Ө.Энхтүвшин, Шаг.Цэнд-Аюуш
Анд нөхрийнхөө алдрыг тодосгох хэдэн үг
Бямбажавын ӨВГӨНХҮҮ
Завхан нутгийн эгэл ард Ядамын Намсрай гуайн хүү Баярсайхантай, нэг нь статистикч, нөгөө нь санхүүч мэргэжлээр МУИС төгсөөд, “Эдийн засаг” сонины утга зохиолын ажилтан болж, хатан зоригт эх оронч сэтгүүлч, нийтлэлч Дуламсүрэнгийн Сүрэнжав эрхлэгчийн “атганд орсон” маань азтай учрал. Энэ бол 1981 он. Ийнхүү Баяраа бид хоёр оюутны ширээнээс одоог болтол бичиг номын ажилд гар, санаа нийлж, салалгүй явсаар 50 жилийн босго алхжээ.
Манай Н.Баярсайхан одоо Монголын сэтгүүл зүйн салбарын гарцаагүй сайн редакторын тоонд багтана. Олон жилийн туршлагаас үзвэл, сонин, сэтгүүл, номын редактор хэмээх ажилд гаршсан хүнд нэг онцгой содон чанар харагддаг. Зохиогчийн итгэмжит гарын хүн болж бичсэн, хийснийх нь алдааг засаж, найруулгыг тэгшлэн санааг нь гүйцээн төвшитгөдөг гавьяатай хүмүүс. Манай Баярсайхан энэ ажилд нэн зохицсон хүн. Оновчгүй ганц үг, утга хоёрдмол нэг өгүүлбэрийн учрыг олж хужрыг тунгаах гэж цаг нараа харамгүй зарах, цаана нь гарахдаа өөрөө бичиж туурвисан мэт жаргалантай суух, редактор гэдэг үнэхээр манай Баяраа шиг хүний төлөө халуун сэтгэлтэй, огтхон ч хуурмаггүй зан төрх, ёс жудагтай нэгний л чадах ажил юм билээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн “Охиндоо бичсэн аавын захидлууд” (Letters from a fa¬ther to his daughter)-ыг Монголын уншигчдад бүрэн эхээр нь анх хүргэж, тусыг бүтээсэн хүн бол манай Н.Баярсайхан. Юу гэвэл, тээр жил Ц.Балдорж эрхлэгчийн багийн гишүүн, “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагчдын нэг, сэтгүүлч Н.Баярсайхан Энэтхэгт түр сургалтад очих үедээ Элчин сайдын яамаараа хааяа үзэгдэхэд монголчуудтайгаа тааралдана. Нэг удаад академич Ш.Бира гуай ирчихсэн байж. Орой нь Ш.Бира академич, Элчин зөвлөх Ё.Отгонбаяр гурвуул цайлж суугаад Энэтхэг, Монголын өнө эртний харилцаа, Ж.Неру гуай монголчуудад ихэд элгэмсэг тахимдуу хүн байсан, 1989 онд орос хэлнээс дам орчуулан гаргасан Ж.Неру гуайн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” (Glimpses of world history) номыг тойрсон яриа өрнөж байтал Ш.Бира гуай “Уг нь энэ гурван боть номын удиртгал болгож Ж.Неру-гийн Охиндоо бичсэн захидлуудгэдэг нимгэн номыг орчуулж гаргавал манай хүүхэд багачуудад их нэмэртэй юм сан” гэж ярьжээ. Манай Баяраа угийн сониуч соргог хүн болохоор өвгөн академичийн тэр үг чихний нь хажуугаар өнгөрсөнгүй. Олж үзэхийн хүслэн болж хоноод маргаашаас нь эхлээд хэдэн өдөр, хэчнээн ч удаа явсан юм бүү мэд, хуучин номын худалдааны хоёркм үргэлжлэх урт захыг нэг үзүүрээс нөгөөг хүртэл шувталж байж уг номыг олж эх орондоо авчирсан байдаг. Охиноороо орчуулгасан, өөрөө ч засвар найруулга сайтар хийгээ биз, номоо гаргачхаад авчрав. Сайтар анзаарч, уншчихаад, хэд хоногийн дараа утасдаж, “Баяраа, чи энэ номыг яаж ашгүй олж ирэв ээ, хүүхэд багачуудад тун тустай ном юм даа, англи-монгол хадмалаар гаргая” гэвэл, Баяраа өнөөх л шинэ зүйлд тусгалтай зангаараа уухайн тас зөвшөөрч “Тэгвэл чи нягтал” гэв. Орчуулга, найруулгад бага сага засвар орсоон.
Жавахарлал Неругийн тухайтад Лодонгийн Түдэв гуайн үгийг сонсож номынхоо өмнөтгөлд оруулах санаа Баяраагийн ой ухаанд дорхноо л төрнө. “Номын эхийг хэдхэн хором эргүүлж харснаа тэр дор нь л үг бичээд өгчихсөн” гэж Л.Түдэв гуайн гайхамшгийг Баяраа бахархан ярьж байж билээ.
Тэр үед Шинжлэх ухаан, боловсролын сайд болчхоод байсан өнөөх Ёндонгийн Отгонбаяр номын маань орчуулгыг бидний хүсэлтээр уншиж дэлгэрэнгүй оршил бичиж өгсөн юм. Ийнхүү энэ номыг Монголын хүүхэд, залууст хүргэх замнал түүхийг манай Баярсайхан дан ганцаараа бүтээсэн хүн. Үүнийгээ их зүйл хийчихлээ гэж огтхон ч дөвийлгөөгүй, харин хүүхдэд ямар чухал хэрэгтэйг нь бахархан хүн хүнд одоо хэр нь яриад явдаг юм. Аль тэртээ 2010 онд гаргасан энэ ном одоо олдохоо байсан. Жавахарлал Неру гуайн “Охиндоо бичсэн аавын захидлууд” номоо Баяраа маань дахин хэвлүүлэхээр хэдэн сарын өмнөөс эхийг нягталж гүйцээд, хэвлэх үйлдвэрт бэлэн болгочхоод хүлээж байгаа, нэг их удахгүй уншигчдад очно.
Н.Баярсайхан сэтгүүлч монголчуудын оюуны ертөнцөд хүртээлтэй бас нэгэн чухал үйлс бүтээсэн юм. Намсрайн Баярсайхан болон “Бимэкс холдинг”-ийн ерөнхий захирал Цэндхүүгийн Бат-Өлзий хоёр эцэг өвгөдөөсөө нэг нутаг усныхан юм билээ. Юмны уг мөн чанарыг олох, нарийн учир зүйг нь тунгаан тайлахыг мэрийж санаа нэгддэг нь аргагүй л нэг өвөлжөөнийхөн мөн дөө гэж би нөхдөө цаашлуулдаг юм.
Нэг мэдэхэд, өнөөх хоёр нэг сонин эрэлд гарчээ. Хүн сэтгэлийн амгалан эдэлж аж төрөх арга ухааны тухайд гэх юм уу даа. Эрээд л байж, яваад л байж, ярилцаад л байж эцэст нь Випашяна бясалгалыг олж мэдээд мань хоёр бясалгажээ. Нэг өдөр бясалгалын багш Д.Ширэндэв: Випашяна бясалгалын аргыг Өрнөдийн уншигчдад тайлбарлан хүргэсэн Уиллям Харт гэж америк хүний бичсэн “The Art of living” номыг орчуулбал зүгээр юм сан гэх үг манай их эрэлч Баярсайханы чихийг шүргэж, оюуныг гижигдсэн байна. За тэгээд Австралид охиныхоо хүүхдийг хэсэг зуур харахаар очсон хойноо Сиднейн шинэ, хуучин номын дэлгүүр хэссээр өнөөх “The Art of living” номоо олоод авчээ. Нутагтаа ирээд үзүүлэхэд нь номын садан Ц.Бат-Өлзий дүү тэр дор нь АНУ руу захиалж хэд хэдэн ном авчраад бид хамтарч орчуулсан юм. Яг орчуулах дээр хүрээд, би сүрхий амьтан эхний бүлгийг орчуулж дуустал Баяраа “Орчуулахын тулд чи өөрөө эхлээд бясалгалд суу” гээд намайг шахаж 10 хоногийн бясалгалд чихдэх нь холгүй хөтөлж аваачив. Бясалгал өндөрлөсний дараа орчуулснаа эргэж харвал уг ухагдахууныг бараг ойлгоогүй байснаас олон өгүүлбэрийн санааг буруу буулгажээ. Нээрээ ч энэ номыг анх орчуулахдаа бид их зүдэрсэн юм даг. Тэгсээр манай Баярсайханы их эрчим зоригийн хүчээр монгол уншигчдын хүртээл болсон Уиллям Хартын “The Art of living” хэмээх “Амгалан амьдрахуйн арга ухаан” ном англи-монгол хадмал болон дан монголоор дөрөв дэх удаагаа хэвлэгдээд байна.
Энэ номыг хэвлүүлэхийн өмнөхөн, 2010 онд Ц.Бат-Өлзий, Н.Баярсайхан бид гурав ярилцаад нийгмийн оюун санаанд нааштай зөв нөлөөлөх, соён гэгээрүүлэх чиглэлтэй ном орчуулах, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулах “Ухаарлын хөтөч” ТББ байгуулсан юм.
Түүнээс хойш бид Саяажи У Ба Кин “Випашяна-Амин чухал эрдэнэ”, Саяажи У Ба Кин “Випашяна дэлгэрэх цаг нэгэнт болсон”, С.Н.Гоенка “Түмэн олны тусын тулд”, С.Н.Гоенка “Бүтээл туурвил”, Их багш С.Н.Гоенка “Хариулт айлдварын өв сан” гээд Випашяна бясалгалын их мэргэдийн туурвисан алдарт бүтээл таван номыг англи-монгол хадмалаар болон дан монголоор гаргаж уншигч, бясалгагчдын хүртээл болгов. Хамгийн сүүлд Их багш С.Н.Гоенкагийн “Хариулт айлдварын өв сан” (“A store-House of Answers”) номыг Н.Баярсайхан орчуулаад нүүрэнд нь инээмсэглэл тодорчихсон, олон хоног сэтгэл нь нэн ханамжтай явж билээ. Эдгээр номыг аанай л нөгөө номын садан дүү Ц.Бат-Өлзийн сэдэл санаачилгаар хэвлүүлсэн юм. Гаргасан бүх номоо “Ухаарлын хөтөч” ТББ маань монголчуудынхаа оюуны мэлмийг нээгдүүлэхэд нэмэр болгож, Буддагийн айлдвар Дхамма-Ном жам ёсоороо түгэн дэлгэрэх ариун үйлст зориулан Дхамма Махаана бясалгалын төвд бэлэглэсэн билээ.
1980-аад оны шувтаргаар Баярсайхан бид хоёр үндэсний монгол бичгээ сурахаар зориг шулуудлаа. Алдарт орчуулагч Паламын Чойжил гуай нэг удаа хамт олны хурал дээр манай залуус монгол бичгээ сурмаар байна, үндэсний соёл цаанаа л нүнжигтэй сайхан шүү дээ. Та бүхнийг залхуурахгүй гэвэл би өглөө бүр ажил эхлэхээс өмнө нэг цаг монгол бичиг заая гэснээр бид монгол бичгээ үзсэн. Эхлээд 10 гаруй хүн байсан, яваандаа цөөрсөөр Баяраа бид хоёр үлдэв. Өндөр настай, эрт залуугаасаа сонсголгүй болчихсон энэ нэрт гүүш өөрөө зааж өгье гээд байхад хоёулаа ухрахгүй юм шүү гэж үзсээр л байсан. Монгол бичиг даамай сурсныхаа үр шимийг Н.Баярсайхан жинхэнэ ёсоор хэрэгжүүлж байгаа хүн. Хэдэн жилийн өмнөөс эхлээд мань эр 2025 оноос бүх нийтээр монгол бичигт шилжих юм байна. Ач, зээ нартаа монгол бичиг сурахад нь тус болно гээд огт хойш тавилгүй үзсээр л ирлээ.
Таван жилийн өмнө буюу 2020 оны өвөл Дхамма-Номын аяллаар бид олуулаа Энэтхэг орноор бүтэн сар Буддагийн түүхэн чухал дурсгал бүхий л газраар аялж, автобусаар 2000 км явахад манай Баяраа арын суудалд шигдчихээд, байн байн “шоглох” хурд сааруулагчид тээглэх автобус тар няр хийхийг ч үл анзааран замын турш монгол бичгээр таталган бичээд л явж билээ. Эх орондоо ирсэн хойноо мань хүн “Мьянмар-Энэтхэг-Балба орноор (Аян замын тэмдэглэл) 2020.01.02-31” тэмдэглэл бичсэнээ бидэнд цахимаар өгсөн юм. Аян замын явдлыг нэгбүрчлэн багтаасан яг үүн шиг тэмдэглэлийг Намсрайн Баярсайханаас өөр ийм нарийн нягт, бүрэн гүйцэд чадварлаг бичих сэтгүүлч санаанд орохгүй л байна шүү.
Үндэсний монгол бичгээ ингэж шамдан оролдсоноор бид “Ухаарлын хөтөч” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй нэлээд цараатай төслийн хүрээнд Өвөр Монголын ахмад түүхчийн таван боть номыг монгол бичгээс хөрвүүлэх ажлыг Баярсайханыхаа идэвх оролцоотойгоор бүтээлээ. Түрүүчийн ном хэвлэлээс гарахад бэлэн болоод байна.