Аливаа байгууллагын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад хохирол учруулбал хууль, эрх зүйн орчинд хэрхэн шийдвэрлэдэг талаар хуульч О.Батхүү цахим хуудсандаа хуваалцжээ. Тэрбээр “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад хохи¬рол учруулсан бол хохирлыг тухайн компани хариуцан төлөх үүрэгтэй. Гэтэл зарим компани ажилтныхаа учруулсан хохирлыг төлөхөөс татгалзаж, бидэнд ямар ч хамаагүй гэдэг. Ингэж хуулийн мэдлэггүй хүмүүсийг нэмж хохироодог” хэмээн бичсэн байна.
Ийм хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэснийг жишээ болгоход 2012 онд нэгэн компанийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэж яваад гал алдсанаас түймэр тархжээ. Түймэрт иргэн Г-н 213 адуу өртөж шатсан байна. Иргэн Г шүүхэд хандаж хохирлоо нэхэмжилсэн бөгөөд гурван шатны шүүхээс Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу иргэний нэхэмжлэлийг хангаж, хохирлыг нь барагдуулахаар шийдвэрлэжээ. Энэ тохиолдолд гал түймрийн улмаас үүссэн хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэн гаргуулж болдог юм.
Ажилтан санаатай үйлдэл, хувийн зорилго, эсвэл дүрэм зөрчиж хор учруулсан бол өөрөө хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Харин ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч нь хүлээнэ гэж Иргэний хуулийн 498.1-д заажээ. Гэтэл манай улсад байгууллагаас нь аюулгүй байдлыг нь хангаж өгөөгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг тухайн ажилтан өөрөө барагдуулдаг явдал гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд “Дүнжингарав” худалдааны төвд болсон дэлбэрэлтийн хэрэгт шүүхээс “Дашваанжил” компанийн захирал болон хийн түлш тээвэрлэж явсан автомашины жолоочийг яллагдагчаар татсан ч оршин суугчдын хохирлыг өдий болтол барагдуулаагүй байгаа юм.
Ч.Болор