Дэлхий дээрх хулангийн нийт тархац нутгийн 70, популяцын 80 орчим хувь нь Монголд хамаардаг гэж үздэг. Тодруулбал, хулан 360 мянган ам км газарт идээшлэн нутагладгийн 252 мянга гаруй нь, нийт 112 мянга гаруй тоо толгой буйн 90 мянга орчим нь манай улсын говийн бүсэд бийг олон улсын байгууллагынхан судалж тогтоосон юм. Тэгвэл тус амьтны түүхэн тархац болсон Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт одоогоор Монгол дахь нийт популяцын долоон хувь буюу 6000 орчим хулан идээшилж буйг тухайн хэсгийг хариуцсан хам¬гаалалтын захиргаанаас мэдээлэв.
1970-аад оны үед манай орон 15 мянга гаруй хулантай байхад нийт нөөцийн 10 орчим хувь нь энэ хэсэгт идээшлэн нутагладаг байжээ. Өдгөө тус амьтны тоо толгой тэр үеийнхээс зургаа дахин өссөн ч нийт бодгалийн ердөө долоон хувь нь л тэнд идээшилж байна. Энэ нь мал болон зэрлэг амьтны бэлчээрийн давхцал, байгальд ээлгүй зам, дэд бүтцийн төлөвлөлт зэргээс үүдэн хулангийн шилжилт хөдөлгөөн тасарч, тааваараа идээшлэх аргагүй болсны, мөн түүхэн тархац нутаг нь эрс хумигдсаны илрэл хэмээн судлаачид дурдав. Хулангийн сүрэг өдгөө түүхэн тархац буюу эрт үеэс идээшилж ирсэн нутгийнхаа 20 орчим хувьд, маш хязгаарлагдмал орон зайд амьдарч буй аж.
Монгол орны хулан жилд дунджаар 70 мянган ам км газарт нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтдаас нэгдүгээрт бичигддэг. Тиймээс говь, цөлийн бүсийн шүхэр зүйл болсон хуланг хамгаалах нь түүний түүхэн тархац нутаг, амьдрах орчныг гаднын нөлөөллөөс хамгаалахтай салшгүй холбоотой юм.
Ж.Сувд