Хагас зууны өмнө 1975 оны долоодугаар сарын 15-нд ЗХУ “Союз-19” сансрын хөлгөө хөөргөсөн юм. Хоёр хоногийн дараа уг хөлөг Америкийн “Аполлон”-той залгагдсан байдаг. Манай гаргийг хоёр лагерьт хуваасан хүйтэн дайн тэгэхэд хэдэн цаг мартагдсан гэдэг. Энэ нь ердөө л техникийн туршилт төдий биш, итгэл найдварын бэлгэ тэмдэг, хоёр ертөнцийн хоорондын гүүр, агааргүй орон зайд атгалцсан гар байсан юм. ...Дөрөвдүгээр сарын 15-нд ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Алексей Косыгин АНУ-ын Ерөнхийлөгч Ричарт Никсон руу цахилгаан утас илгээж “Аполлон-13” хөлгөө аврахад нь туслахад бэлнээ уламжлав. Тэгээд хамгийн гол нь зарим түүхчийн үзсэнээр “Аполлон-13”-тай тохиолдсон явдал америкчуудын хувьд сансрын хөтөлбөрт ЗСБНХУ-тай хамтран ажиллах эхлэлийг тавьсан, нэг ёсны сэтгэл санааны түлхэц болжээ. “The New-York” сонинд “Москватай хэлэлцээр хийх замаар л сансрыг эзэмших үйлсэд жинхэнэ дэвшилд хүрнэ” гэж бичиж байв.
Хамтарсан нислэг хийх тухай Оддын хотхонд ч, Хьюстонд ч ярих болсон байна. Ийм санааг анх Хрушев 1958 оны гуравдугаар сард, дараа нь арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХIII чуулганы тогтоолын төсөл болгож тавьжээ. Энэ үед ЗСБНХУ “морио эмээллэчихсэн” байлаа. Зөвлөлүүдийн орон 1957 оны аравдугаар сарын 4-нд “Спутник-1” нэртэй анхны хиймэл дагуулаа, арваннэгдүгээр сарын 3-нд “Лайка” нохойг сансарт хөөргөв. Хрушевийн зүгээс тавьсан санал сайн сэтгэлийн дохио байсан ч америкчууд хүлээж авсангүй. Энэ нь уг салбарт хоцорч яваадаа эмзэглэсэн явдал байсан аж. 1962 оны Карибын хямралаас хойш хоёр улсын харилцаа хурцдаж, ямар ч салбарт, тэр дундаа сансарт хамтарч ажиллах талаар ярилтгүй болсон байна. 1969 он болтол зэвсэглэлээр эрчимтэй хөөцөлдөв. Сансар нь спортын адил хэн эзэн болохыг энхийн аргаар харуулдаг боллоо. 1960-аад оны эцсээс намжмал байдал бий болж эхэлснээр ажил хэрэг зогсонги байдлаас хөдлөв. 1961 онд Гагарин “Восток-1” хөлгөөр сансарт хөөрсний дараа ЗСБНХУ энэ салбарт тэргүүлэх боллоо. 1968 онд америкчууд саранд хүрснээр энэ байрыг булааж авчээ
“Аполлон-13” саран дээр буухад бүхээгт нь ЗСБНХУ-ын төрийн далбаа байсан, Нил Армстронг дэлхий дээр буцаж ирээд ЗХУ-ын хүндэт зочин болж байсныг мартаж болохгүй. Ямар ч байлаа гэсэн АНУ-ын эрдэмтэд, олон нийт, тодруулбал, түүний нэлээд төлөөлөл ЗСБНХУ-ыг сансар судлалын салбар дахь холбоотны нь хувьд хараанаасаа огт гаргахгүй байв. Америкт сарыг бэлэглэсэн “Аполлон” хөтөлбөрийн эрч 1970-аад оны эхээр суларсан байлаа. Сарны гадарга дээр хөл тавьсан сүүлчийн хүн Южин Сернаныг эх дэлхийдээ эргэж ирэхэд “Аполлон” хөтөлбөрт ажилласан 300 мянган хүнээс 14 мянга нь үлдсэн байв. Хөтөлбөрийн төсөв 3.5 тэрбум ам.доллар байснаа 128.7 сая болж хорогджээ. 1959 онд НАСА (Агаар мандал, сансрын орон зай судлалын үндэсний газар) сансарт нисгэхээр 73 хүнийг багтаа сонгож авснаас “Аполлон” хөтөлбөрийн төгсгөл болоход 39 нь үлдсэн байжээ. АНУ-ыг ЗСБНХУ-тай хамтарч ажиллах шаардлагатайг олон зүйл харуулж байлаа. 1962 онд эхлүүлсэн “Союз” хөтөлбөр сарыг тойрох хөлөг бий болгох ажил ид оволзож байлаа. Тээврийн “Союз” хөлөг бүтээж ашиглах явдлыг үндсэн зорилтоо болгосон уг хөтөлбөрийн гуравдугаар шат 1969-1981 онд хэрэгжих ёстой хэмээн судлаачид үзэж байв. Үүнд АНУтай хамтарч ажиллах хэрэгцээ, шаардлага ЗСБНХУ-д байв уу? Сансрын түүхч зарим хүний бодлоор ийм шаардлага байжээ. Тойрог замд удаан хугацаагаар, ээлжлэн солигдож ажиллах багтай станц бүтээх ажил 1970-аад оноос ЗСБНХУ-д эхлэв.
Мстислав Келдыштэй захидлаар харилцаж байгаад НАСА-гийн захирал Томас Пейн 1970 онд хамтарч ажиллах талаар санал бодлоо илэрхийлэв. Ингээд ажлын хэсэг байгууллаа. Америк, Зөвлөлтийн сансар судлалын мэргэжилтнүүд 1970 оны аравдугаар сард Москвад анх удаа уулзав. Тэд янз бүрийн системийн хөлгүүдийг залгах асуудлыг ярилцжээ. “Союз19”, “Аполлон”-уудын хооронд ижил төстэй юм нь ЗСБНХУ, АНУ хоёрын харилцаатай адил хол байлаа. Оргилсон их ажил чухам энэ үеэс эхлэх нь тэр. “Сансрын орон зайг энхийн зорилгоор судлах, ашиглахад хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т 1972 оны тавдугаар сарын 24-нд Москвад ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Алексей Косыгин, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон нар гарын үсэг зурав. “Аполлон”, “Союз”-ын туршилтын нислэг (ЭПАС) хэмээх төсөл ийнхүү бий боллоо. Америкчууд орос хэл, оросууд англи хэл сурч эхлэв. 1974-1975 онд Зөвлөлт, Америкийн нисгэгчид Оддын хотхон болон Линдон Жонсоны нэрэмжит Сансар судлалын төвд эрчимтэй бэлтгэл хийлээ. Хөлгүүдийг залгах системтэй танилцаж, жингүйдлийн нөхцөлд хамтран хийх үйлдлээ боловсруулав. Шийдвэрлэх шат 1975 оны долоодугаар сард тохиолоо. Багуудын бүрэлдэхүүнийг эцэслэн бий болгов. “Аполлон”-ы багийг Томас Стаффорд, “Союз”-ын багийг Алексей Леонов удирдахаар болжээ. Энэ удаагийнх Станффордын дөрөв дэх, Леоновын хоёр дахь нислэг байлаа. Алексей Леонов гэдэг орос залуу хөлгөөсөө гарч задгай сансарт “хөвж” санаанд багтамгүй үйлдэл хийсэн байв. Тэрбээр 2015 онд “Родина” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Би “Восток”, “Восход” хөлгүүдээр хөөрөх бэлтгэл хийсэн, тойрог замын станцуудын бүх төрлийг мэддэг, задгай сансарт гарсан, тооцоолоогүй нөхцөл байдалд зөв үйлдэл хийсэн, сансрын хөтөлбөрт оролцсон, анхны багийг удирдаж байсан зэрэг нь энэ нислэгт намайг сонгоход хүргэсэн байх” гэж хэлсэн байдаг. “Союз-19” хөлгийн багийн өөр нэг гишүүн нь инженер Валерий Кубасов байв.
“Правда” сонин ТАСС-ын мэдээллээс эш татан нислэгийг удирдах төвөөс дамжуулахдаа “Алексей Леонов, Валерий Кубасов нарын сансар дахь ажлын хоёр дахь өдөр 09.00 цагт эхэллээ. Нисгэгчид унтаж сэрээд “Союз-19” хөлгийнхөө бүхээгийн системийг шалгав. Тэднийг унтаж амарч байхад сансрын “Союз19” хөлөг нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт байрласан радио ажиглалтын бүсэд явж байв. Энэ цаг мөчид Канадын эргийн дэргэд болон Карибын тэнгисийн Гондурасын буланд байрлаж байсан ЗСБНХУ-ын ШУА-ийн эрдэм шинжилгээний “Сансрын нисэгч Юрий Гагарин”, “Академич Сергей Королёв” хөлөг онгоцнуудын тусламжтайгаар сансрын хөлгийн бүхээгийн системийг хянаж байлаа” хэмээн мэдээлж байжээ. Сансрын нисэгчид өглөөний хоолоо идчихээд хоёр өдрийн хөтөлбөрөө биелүүлэх ажилд орсныг уг сонинд мөн тэмдэглэсэн байв. “Союз-19” хөлөг дотор температур, даралт хэвийн, сансрын нисэгч Алексей Леонов, Валерий Кубасов нарын биеийн байдал сайн. Нислэг үргэлжилж байна”.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн ийм л өнгө аясаар өөрийн нисгэгчдийн талаар мэдээлж байжээ. Суртал ухуулгад ямар нэг өрсөлдөөн, тэмцэл байсангүй. Зөвлөлтийн сэтгүүлчид өөрийн нисгэгчдийн талаар, Америкийн сэтгүүлчид ч өөрийн нисгэгчдийн тухай илүүтэй мэдээлж байсанд юуны нь буруу байх билээ. Дэлхийн II дайны үед ЗСБНХУ, АНУ хоёр холбоотон байсан 30 жилийн өмнөх мартагдах шахсан уур амьсгал хэвлэлүүдэд ноёрхож байв.
Долоодугаар сарын 17-ны 19.12 цагт 36 дахь тойрог дээрээ “Союз-19”, “Аполлон” хоёр залгагдав. Ярослав Голованов “Аполлон” хөтөлбөрийн тухай үнэн” номдоо уг үйл явдлыг “Аполлон” маш итгэлтэйгээр, чиглүүлж байгаа нь ч үл анзаарагдам тэнгэрийн төмөр замаар “Союз” руу гулгаж байгаа юм шиг ойртож байлаа” гэж дүрслэн бичсэн аж. Залгагдах төхөөрөмжүүд огт чимээ гаргалгүйгээр бие биедээ яв цав алгуур шургаж оржээ. Дэлхийн газрын гэрэлтүүлсэн аварга том зураг дээрх Нислэгийг удирдах хоёр төвийн хоёр дэлгэц дээр 22 тонн жинтэй сансрын “Аполлон-Союз” цогцолбор нэг хөлөг болон нийлж буй нь харагдав.
Энд хамгийн тэмдэглэлтэй нь бэлгэдэл байлаа. Аугаа их эх орны дайн дуусаад 1975 онд 30 жилийн ойг нь тэмдэглэсэн байв. Эльба мөрөн дээр домогт уулзалт болоод дөрөвдүгээр сарын 25-нд 30 жил өнгөрсөн байсан юм. Залгагдах агшинд хөлгүүд яг Эльба дээгүүр нисэж явав.
2015 онд Алексей Леонов “Би үйл явцыг хянаж, цагаа хараад, яагаад тэгснээ ойлгодоггүй юм, нээлхийг товлосон хугацаанаас нь өмнө онгойлголоо. 1945 оны тавдугаар сард холбоотнууд Эльба дээр уулзсан бол 1975 оны долоодугаар сард орос, америкчууд мөн Эльба дээр гар гараа атгалцсан юм” гэж хэлсэн байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд хөлгүүд хөөрөхийг телевизээр үзжээ. Тэгээд “Сансарт ч намжмал байдал ойртож байна” гэж хэлсэн гэдэг. “Аполлон”-ыг буух үед багийн бүхээг руу хөдөлгүүрээс тос орж ирээд шүхрээр буух үедээ нисгэгчид түүний хийгээр хордож, Вэнс Бранд хэсэгхэн хугацаанд ухаан алдсан аж. Золоор хүн амиа алдсангүй. 1975 оны долоодугаар сарын 19-нд хөлгүүдийн залгаасыг салгав. “Союз-19” шууд л дэлхий дээр бууж. Зөвлөлтийн энэ хөлөг сансарт тав хоног, 22 цаг, 31 минут болсон байна. “Аполлон” нь сансрын замдаа үлдэж, судалгааны ажлаа үргэлжлүүлжээ. Хоёр хөлөг 46 цаг, 36 минут залгаатай байжээ. Залгах төхөөрөмжийн инженер-нисгэгч Дональд Слейнтос “Хэцүү байв уу?” гэж асуухад “Висконсинд байгаа 91 настай эмээ маань ч төвөггүй хийчих ийм ажил би ер хийж байсангүй” гэж хариулсан байдаг.
Тэр жил хоёр орны сэтгүүлчид ойрын онд энэ мэт ажил үйлс ердийнх болох биз хэмээн найдаж байсан ч ийм явдал болсонгүй. 1970- аад оны эцэс рүү намжмал байдал алга болж Зөвлөлтийн цэрэг Афганистан руу орсноор 1979 оны арванхоёрдугаар сарын 25-нд бүр төгсгөл болсон байна. Хэт их гүрнүүдийн зөрчил тэмцэл шинэ эрч хүчтэй боллоо. Харилцаа дулаарах дараагийн үе шат өөрчлөн байгуулалт руу шилжсэн, гэхдээ энэ бол огт өөр түүх юм. 1995 оны зургаадугаар сарын 27- нд Америкийн олон дахин ашиглах “Атлантис” Оросын тойрог замын “Мир” станцтай залгагдсаныг орос, америкчуудын “оддын дундах” шинэ хамтын ажил гэж хэлж болно. Тэгэхдээ энэ үйл явдал өөр цаг үед өөр нөхцөл байдалд тохиолдсон юм. ЭПАС хөтөлбөр нь хүйтэн дайны үед тохиож, сөргөлддөг гүрнүүд нэгдмэл зорилго, нэгтгэх эхлэл байвал санал зөрөлдөөнөө мартаад хэл амаа ололцож болохыг харуулсан хосгүй гайхам үйл явдал байлаа.
Р.Жаргалант