Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян нар Цагаан ордонд очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах үүрэг хүлээлгэсэн тунхаглалыг батламжлав. Хэлэлцээрт гарын үсэг зураг төлөвлөгөөг Цагаан байшинд баталжээ. “Энэ нь ердөө Армени, Азербайжанд хамаатай юм биш, бүс нутгийн асуудал гэдгийг тэд мэдэж байгаа. Уг бүс нутаг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөн дээр илүү аюулгүй, хөгжин цэцэглэж байгаа юм” гэж засаг захиргаа нь тэмдэглэсэн бол Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Анна Келли эрчим хүч, технологи, эдийн засгийн хамтын ажиллагаа, хил хамгаалал, дэд бүтэц, худалдааг хөгжүүлэх хүрээнд уг хоёр улстай гэрээ байгуулахаар Ерөнхийлөгч маань төлөвлөж байгаа юм гэж нэмж хэлсэн байна.
Зангезурын хонгил гэдэг нь Азербайжанын нутгийн нэлээд хэсгийг Нахичеванын автономит БНУ-тай Арменийн өмнөд нутгаар холбодог уулархаг газар юм. Энэ хонгилын урт нь 40 километр орчим. ЗХУ-ын үед энд төмөр болон авто зам байжээ. Уулын Карабахад зөр¬ чил тэмцэл үүссэнээс Армен төмөр замаа ашиглахаа больсноос Азербайжан одоо хэр нь Нахичевантайгаа шулуун замаар холбогдож чадахгүй байгаа юм. Нахичевань Турктэй залгаа байх тул Баку Анкаратай шулуун замаар холбогдож болох, тэгвэл энэ бүс нутаг дахь байр байдлыг нь сайжруулж, Төв Азитай худалдаа хийх боломжийг нь илүүтэй бий болгоно. Азербайжаны тал нөгөө хонгилд хяналтаа тогтоох, Армений хилчдийг бараа болон хү¬ мүүсийг шалгалтгүй нэвтрүүлж байх шаардлага тавьснаас Ереван энэ төслийг удаан хугацаанд эсэргүүцэж байв. Гэтэл Вашингтоны шахалтаар энэ замыг Америкийн хувийн компанид 99 жилийн хугацаагаар өгөхийг зөвшөөрчихлөө. АНУ-д Зангезурын хонгилыг одоо “Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн Трампын маршрут” гэж нэрлэх болжээ. Уг хонгилыг АНУын хувийн цэргийн компани хариуцах юм байна. Ингэснээр тус бүс нутагт Америкийн оролцоо эрс нэмэгдэнэ гэсэн үг. “Трампын маршрут”-ыг АНУ-д өгсний зэрэгцээ Армен, Азербайжантай өргөн хүрээтэй гэрээ байгуулснаар тус бүс нутагт бүх стратегийг өөрчлөхөд эргэлзэх юм үгүй. Уулын Карабах дахь зөрчил тэмцлээс үүдэж 1992 онд Бакутай батлан хамгаалах салбарт тогтоосон хамтын ажиллагаанд тавьсан хязгаарлалтаа Вашингтон цуцлах юм гэнэ. “Reuters” агентлагийн баримтаар бол Трампын эхний засаг захиргааны тус дэмээр Арабын нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг исламын нөлөө бүхий орнуудыг Израил хүлээн зөвшөөрсөн 2020 оны дипломат цуврал гэрээнүүдэд Азербайжин нэгдэнэ гэдэгт Цагаан ордон найдаж байгаа юм.
Тель-Авивтай цэргийн салбар дахь түншлэлээ Баку идэвхтэй хөгжүүлж, Ирантай зөр¬ чилдөхөд нь еврейн улсад шууд бусаар тусламж үзүүлсэн нь нэгэнт тодорхой болоод буй. Тегеранд үзүүлж буй шахалт Ираны байр суурийг үлэмж сулруулж, АНУ-ын зүгээс учруулах дарамтыг нэмэгдүүлж байгаа. Зангезурын хонгилын төслийг Тегеран олонтоо шүүмжилсэн нь үүнийг нотолж буй. Энэ асуудал Москватай харилцахад нь бэрхшээл учруулах эх үүсвэр болж байгаа билээ
Азербайжан, Арменд хоёуланд нь АНУ баталгаа өгч буй. Хэвлэлд тэмдэглэснээр энэ тохиролцоог Ереван эхнээс нь эсэргүүцэж, АНУ дахь арменичуудын лоббийн нөлөө зэрэг нь Арменд “хүчтэй анд”-ын тусламж үзүүлэн, Бакутай зөрчилдсөн тохиолдолд түүнийг хамгаалах амлалт өгөх зам руу Трампын засаг захиргааг түлхэв.
ОХУ-ын Төрийн Думийн нэгэн хорооны орлогч дарга Олег Матвейчев сурвалжлагчтай ярилцахдаа АНУ-тай байгуулсан тус гэрээг Арменийг сулруулах Азербайжаны стратегийн нэг хэсэг хэмээн хэлсэн байна. “Карабахыг хяналтдаа авсандаа Азербайжан сэтгэл ханахгүй, Нахичеваныг өөртөө нэгтгэхийг хүсэж буй. Өмнөд мужуудыг нь авах шаардлагыг Арменд эртнээс тавьсаар ирсэн. Кавказын чанадад Армений нөлөөг багасгаж, тэндээс түүнийг шахах үйлдлийг хийсээр байна” гэж Олег Матвейчев үзэж байгаа юм. Армений Засгийн газрын тэргүү¬ ний явуулж буй бодлого ч үүнд нөлөөлж буй гэж дүгнэв. “Армений Ерөнхий сайд Никол Пашинян үндэсний урвагч шиг ажиллаж, бүх юмаа өгч, арменчуудын соёлыг устгах болсон. Пашинян энэ мэт тохиролцоогоор өөрийн аюулгүй байдлын баталгааг л Трампаас авч магад” гэж Олег Матвейчев хэлжээ. Арменчууд хийсэн үйлдлүүдийнх нь хариуг Пашинянаас нэхнэ. Тэр үед тэрбээр зугтана. Тиймээс энхийг тогтоогч болж харагдахад нь тусалсныхаа төлөө Трампаас хувийн аюулгүй байдлынхаа баталгаа авах болно. Олег Матвейчев ийм байр суурьтай байгаа аж.
Зангезурын хонгилын асуудлаарх гэрээ Орост ашиггүй гэж “Associated рress” үзэж байна. Ирээдүйд барьж байгуулах төмөр замыг Москва л хяналтдаа авна гэж 2020 онд таамаглаж байж. Гэвч энэ төсөл хэрэгжсэнгүй. Тус агентлагийн өгүүлснээр АНУ-ын хувийн цэргийн компанийг байрлуулж, тэдний цэргийн оролцоо нэмэгдэх нь Армени дэх Оросын цэргийн баазын ирээдүйн тухай асуудлыг хурцатгах аж.
Оросын цэргийн 102 дугаар бааз Армений Ереван, Гюмри хотод байрладаг. Тус бааз Кавказын чанадын БНУ-ын энэ бүс нутаг дахь аюулгүй байдлынх нь чухал түшиц юм. Баазыг Армений газар нутагт 2044 он хүртэл байлгахаар Москва, Ереван хоёр хугацааг нь сунгажээ. Гэвч харилцаа хүйтрэхийн хэрээр Арменийн улс төрчид уг баазыг газар нутаг дээрээ байлгахаас татгалзахыг уриалах болсон гэнэ. Гэхдээ Армени нь эдийн засгийн хувьд Оросоос үлэмж хамааралтай байдгаас үүнийг хэрэгжүүлэх бодит боломж тун төвөгтэй юм байна. Түүнээс гадна Армени, Азербайжан хоёртой тохиролцсоны дараа өөрийгөө энхийн үйлстэн болгож харагдуулах хүсэлтэй Трамп Украин руу анхаарлаа илүүтэй хандуулж болзошгүй гэж Америкийн парламентын “The hill” сонинд онцлон тэмдэглэсэн байх юм. “Бүс нутгуудын энхийн хэлэлцээр байгуулахад гаргасан хүч чармайлтаа Трамп дэлхий дахинд идэвхтэй сурталчилж, Энэтхэг, Пакистан болон Конго, Руандагийн хоорондын түгшүүртэй байдлыг намжаахад гүйцэтгэсэн үүргээ онцлон тэмдэглэсэн. Тэрбээр Израил, Ираны хоорондын байлдааны ажиллагааг ч зогсоож чадсан” гэж уг хэвлэлд бичжээ. Харин ажилдаа орохоос өмнө амжуулчихна гэж сурталчилгааны үедээ амласан ч Украин дахь дайныг зогсоож чадаагүй. Гаазын зурваст ч байлдаан үргэлжилж байгаа нь хүмүүнлэгийн хямралыг гүнзгийрүүлж байна” гэж “The hill” сонинд тэмдэглэжээ.
Америкийн удирдагчийн имижээ дээшлүүлэх гэсэн оролдлогод Орос ч анхаарлаа хандуулж байна. “Трампад энэ ямар хэрэгтэйг мэдэхгүй юм. Тэрбээр Обаматай ямагт өрсөлдөж, мөн Нобелийн энх тайвны шагнал авчихыг хү¬ сэж байдаг гэж ярьдаг хүмүүсийн зөв юм шиг” гэж мөнөөх Олег Матвейчев хэлжээ.
Ираны генерал Ядолла Жавани Америкт итгэснээр Алиев, Пашинян хоёр Зеленскийн гаргасан алдааг давтлаа. “АНУ, Британи, НАТО-г Кавказын бүс нутгийн үйл явдалд татан оролцуулсан шийдвэрийнхээ хор уршгийг жаахан ч гэсэн бодсон бол Трампын бооцоот тоглоомд автагдахгүй байсан” гэж генерал үзэж байна. “Энэ харамсалтай үйлдлийнхээ төлөө тэд их үнэ төлөх болно. Иран, Энэтхэг, Орос улсууд ч үүнийх нь төлөө амаа хамхиж суухгүй” гэж тэрбээр хэлжээ. Ираны умард хилд ойртох гэсэн Америкийн мөрөөдөл хэзээ ч биелэхгүй. АНУ-ын Ерөнхийлөгчийн дэмжээд байгаа хонгилыг Тегеран бий болгуулахгүй гэж Ираны дээд удирдагч Али Хаменеин зөвлөх Али Акбар Валеяти мэдэгдэв. Уг хонгилыг Орос ч стратегийн хувьд эсэргүүцнэ гэдэгт тэр эргэлзэхгүй байгаа юм. Түүний үзэж буйгаар тухайн бүс нутагт АНУ-ын нөлөөг нэмэгдүүлэх нь Өмнөд Кавказад НАТО-гийн хүчийг зузаатгаж, Орос, Ираныг “хуваагдахад” хүргэх аж. Энхийн хэлэлцээр байгуулах ажлаа яаравчлахыг Ираны Гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи Армен, Азербайжанд уриалаад энэ нь Кавказад энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд их тустайг онцолсон байна.