“Хятад ногоо аль зах, дэлгүүр, лангуунд нэр дэвшинэ, тэр тойрогт нь халз өрсөлдөнө. Энэ жилийн “сонгуульд” ялна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол ногоочид эвсэн нэгдэж чадвал “гаднын нөхөд”-ийг дотоодын зах зээлээс хүч түрэн гаргана. Тэгж байж бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна” гэсэн хөгжилтэй бичвэрийг одоогоос яг нэг жилийн өмнө нийгмийн сүлжээнд оруулж байсан агрономичтой холбогдож сонгуульт ажил нь хэр үр дүнтэй болсныг асуулаа. Тэрбээр “Бид жил болгоны энэ үед ийм дэврүүн сэтгэл, өөдрөг бодолтойгоор шинэ ургацын бүтээгдэхүүнээ худалдаанд гаргадаг юм. Эрүүл, баталгаатай хүнс хэрэглэхийг боддог, хаанахын хөрсөнд ургуулсан ногоо авбал айх айдасгүй идэж болох вэ гэдгийг мэддэг хувь хүн, албан байгууллага, үнэнч үйлчлүүлэгч жилээс жилд аажмаар нэмэгдэж байгаа нь бидний хувьд ялалт. Харин массаар нь дүгнэвэл ялалт одоохондоо өрсөлдөгч талд байна. Тэд хямд үнийн бодлогоор сонгогчдыг олон жил хуурлаа. Дотоодын тариаланчид, ногоочид маань хүртэл тэдний замаар алхаж эхэлсэнд харамсдаг” хэмээн ёжлонгуй хариулсан юм.
Түүний яриад буй сонгууль нь хүнсний ногооны зах зээл дэх өрсөлдөөн гэдгийг гярхай уншигчид хэдийн анзаарсан байх. Харин нэр дэвшигч нь Монголын хөрсөнд ургуулсан болон импортоор оруулж ирсэн хүнсний ногоо юм. Олон жил үргэлжилсэн “тулаанд” ялахын төлөө хоёргүй сэтгэлээр, үнэнч шударгаар зүтгэж буй ногоочид олон байхад ашиг олох зорилгоор элдэв зүйл хийдэг нь ч бий гэдгийг тэрбээр хэлсэн юм. Үүнээс үүдэн монгол ногоо амтгүй, чанаргүй, баталгаагүй гэж яригдан, жишигдэх болсныг ч дурдсан. Түүний хэлсэнчлэн хүнсний ногооны зах зээл дэх “халз тулаан” өдгөө ид эхэлж байна. Томоохон зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрийн лангуунаас эхлээд гудамж, талбайд ил задгай худалдан борлуулж буй монгол, хятад, шинэ, хуучин ургацын, бордоотой, бордоогүй хэмээн ангилагдах болсон хүнсний ногооны аюулгүй байдалд хэн, хэрхэн хяналт тавьдаг, төр бодлогын түвшинд яаж анхаардгийг судаллаа.
ЭРГЭЛЗЭЭ ДАГУУЛСАН ТОО
ХХААХҮЯ-ныГазар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхны мэдээлснээр Монгол Улс сүүлийн жилүүдэд төмс, лууван, шар манжингийн хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангаж буй гэнэ. Харин бусад төрлийн хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос, үлдсэнийг нь импортоор хангаж байгаа гэх. Гэвч энэ хувь хэмжээ баталгаатай, эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, өнгөрөгч онд манай улс 20.2 мянган га талбайд хүнсний ногоо тарьж, 282.3 мянган тонн ургац хураан авсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Энэ нь 2023 оныхоос 73.9 мянган тонн буюу 35.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэтэл Гаалийн ерөнхий газрын тайланд манай улс өнгөрсөн онд 120 орчим мянган тонн хүнсний ногоо импортолсон гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, тухайн онд тарьсан хүнсний ногооныхоо 40 гаруй хувьтай дүйцэхүйц хэмжээний бүтээгдэхүүнийг гадаадаас худалдаж авсан гэсэн үг. Тэгэхээр бид хүнсний ногооны хэрэглээний дийлэнхийг дотоодоосоо хангадаг гэж үзэхэд эргэлзээтэй. Хүн амын тоо, жимс, хүнсний ногооны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тариалалтын хувь хэмжээг ч үлэмж өсгөх, тогтвортой хангах хэрэгцээ тулгарч буй. Гэтэл нөгөө талд нь байгаль, цаг уурын нөлөөллөөс болж ургацын хэмжээ жил тутам буурсаар байна. Энэ онд гэхэд манай улс өнгөрсөн жилийнхээс 6.2 мянган га-гаар бага талбайд төмс, 5.9 мянган га-гаар бага талбайд хүнсний ногоо тарьсан. Өнгөрсөн жилүүдийнхээс бага ургац авах нь тодорхой атал үүнд гангийн эрсдэл нэрмээс болж байгаа. Монголчууд энэ жил өмнөхөөс илүү их хэмжээний хүнсний ногоог импортоор авах нь нэгэнт тодорхой болж байх шиг.
ЦААСАН ДЭЭРХ ХЯНАЛТ
Холбогдох журам, стандартад зааснаар бол томоохон дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд борлуулж буй хүнсний ногоо лангуун дээр болон хэрэглэгчийн гарт очих хүртлээ шат шатны хяналт, шинжилгээг давах ёстой. Тухайлбал, импортын хүнсний ногоог хилээр оруулж ирэхээс өмнө лабораторийн үзлэг, шинжилгээнд заавал хамруулж, экспортлогчдод нь олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн, баталгаажсан үйлдвэр, аж ахуйн нэгж байх журмын шаардлага тавьдаг гэнэ. Хэрэв шинжилгээгээр ургамлын өвчин, хортон шавж илэрвэл, бусад шаардлагад нийцээгүй тохиолдолд хориглох зохицуулалттай. Хилийн бүсэд тээвэрлэн авчирсан ногооны 10-20 хувийг нь ийм шалтгаанаар буцаадаг гэж Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Харин дотоодод нэгэнт оруулж ирсэн хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хуучин МХЕГ-ын байцаагчид хяналт тавьдаг байсан бол өдгөө энэ чиг үүрэг ХХААХҮЯ-ны Салба¬рын хяналтын газарт шилжээд байна. Тус газрын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хийж, экспортлогч орны гэрчилгээ, чанар, эрүүл ахуйн үзүүлэлттэй холбоотой бүртгэл, мэдээллийг тогтмол нягтлах үүрэгтэй. Томоохон дэлгүүр, худалдааны төвүүд дотоодын аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн хүлээж авахдаа ч дээрхтэй ижил шаардлагыг тавих журамтай юм билээ. Мөн Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийнхон ч тодорхой хэмжээнд хяналт тавьж ажилладаг аж. Тэгвэл энэ нь бодит байдалд хэрхэн хэрэгждэг вэ?
ХӨРСӨН ДЭЭРХ БОДИТ БАЙДАЛ
Хамгийн наад захын жишээ дурдвал томоохон, сүлжээ гэгдэх дэлгүүр, худалдааны төвүүд хаанахын, ямар газраас нийлүүлсэн нь тодорхойгүй, хаяг, шошгогүй хүнсний ногоог худалдан борлуулдаг нь энгийн үзэгдэл болсон. Үүнээс болоод хэрэглэгч худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ талаар шаардлагатай мэдээллийг авч чаддаггүй. Уг нь албан ёсны бүртгэлтэй, татвар, шимтгэл төлдөг бизнесийн байгууллагын худалдаалж буй хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн хаяг, шошготой байх ёстой. Ялангуяа импортын бүтээгдэхүүн, тухайлбал, Монголд тарьдаггүй нарийн ногоо ийм мэдээллийг зайлшгүй агуулж байх ёстой аж. Гэтэл энэ нь ил тод бус, холбогдох байгууллагаас хянаж шалгадаг, эсэх нь бүрхэг байдгаас дэлгүүр, худалдааны төвүүд нь гар дээрээс наймаа хийдэг иргэдээс ялгаагүй болчихдог. Шинэ, хуучин ургацынх, хятад, монгол ногоо гэж иргэдийг хуурдаг, хаяг, шошго давхар бичдэг гээд будилаан их.
Хил, гаалиас эхлээд дотоод дахь байгууллагынхны үе шаттай шинжилгээ, хяналт шалгалтыг давсан гэх хүнсний ногоонуудаас нитрит, пестицид хүлцэх хэмжээнээс ихээр илэрсээр ирсэн. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийнхон өнгөрсөн тавдугаар сард зах, худалдааны төвүүдэд борлуулж буй төмс, хүнсний ногооноос 79 дээж авч шинжлэхэд 28-аас нь пестицидийн үлдэгдэл илэрсэн юм билээ. Нийт дээжийн 35 хувиас нь хортой бодис илэрсэн гэсэн үг. Энэ нь манай улсад хүнсний аюулгүй байдал ямар түвшинд буйг илтгэх нэг төрлийн индикатор юм. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн нэгэн судлаач “Барс” захад худалдаалж буй жимс, жимсгэнэ, хүнсний ногоогоор дамжин харь зүйлийн шавж манай оронд олноор орж ирэх болсныг ч хэлж байлаа. Энэ нь монголчууд импортын хүнсний ногоонд хэр зэрэг хяналт тавьдгийн бас нэг нотолгоо юм.
Түүнчлэн дотоодын тариаланч, ногоочид пестицид, химийн бордоог хэрхэн зохистой хэмжээнд хэрэглэх талаар ярьдаг, бие биедээ сургаал айлддаг болоод удлаа. Үүнийгээ “ургамал, хөрс хамгааллын ажил” гэж зөвтгөдөг. Тэгэхээр Монголын хөрсөнд ургуулсан ногоо л эрүүл, шимтэй, импортынх хортой гэж туйлшрахгүйгээр хяналт тавих ёстой аж. Дээрх агрономичийн “Монголын заримтариаланч ашгийн сэдлээр элдэв зүйл хийх болсон” гэсэн нь ийм учиртай. Импортын хүнсний ногооны хэмжээ жилээс жилд нэмэгдэж буйн хэрээр өөр нэг бүтээгдэхүүний нийлүүлэлт өсөж байгаа нь химийн бордоо гэнэ. Манай улс 2024 онд 150 мянган тонн бордоог 170 сая ам.доллароор импортолжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ жил тутам бараг 10 хувиар өсөж байгаа гэх
СҮРЖИГНЭХЭЭС ЦААШГҮЙ БОДЛОГО
“Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой” гэсэн уриатай “Хүнсний хувьсгал” аяныг Ерөнхийлөгчийн ивээл дор Монголд хэрэгжүүлээд гурван жил болж байна. Үүний зорилго нь гол нэр, төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах юм. Эдгээр бүтээгдэхүүнд сонгино, байцай, хүрэн манжингаас эхлээд хүлэмжид тарьж ургуулдаг нарийн ногоо хүртэл багтсан. “Хүнсний хувьсгал”ын дэд хөтөлбөр болох “Хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газар ногоочдод хөнгөлөлттэй зээл өгөх, шаардлагатай үрийн нөөцөөр хангах, урамшуулал олгох гээд олон ажил хийж буй. Гэвч хүнсний аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал нөлөөтэй хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр төдийлөн үр дүнтэй ажилласангүй. “Импортын хүнсний ногоог халж, үйлдвэрлэгч төдийгүй экспортлогч болно” гэж хий хоосон хөөрцөглөж байгаа ч импортын ногоог халах гол шалтгаан болсон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодитой, дорвитой ажлууд хийсэнгүй. “Хүнсний ногооны хэрэглээний 80 гаруй хувийг дотоодоосоо хангадаг боллоо” гэж 2023 оноос хойш сурталчилж буй ч байгаль, цаг уурын нөлөөллөөс үүдэлтэй эрсдэлүүд, цаашид тохиож бол¬зошгүй сорилтуудыг хязгаарлах чиглэлд анхаарахгүй байгаа нь харамсалтай.
Ганц жишээ дурдахад, манай улс дээрх хөдөлгөөний хүрээнд хүнсний ногооны хангамжийг сайжруулах зорилгоор ногоочдод урамшуулал олгож байгаа. Тодруулбал, өнөө жил байцай, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, навчит ногоо, шар лууван, хүрэн манжин тариалж, зах зээлд нийлүүлсэн иргэдэд тонн тутмыг нь 100 мянган төгрөгөөр тооцон урамшуулал олгохоор болсон. Гэтэл энэ боломжийг танил тал, “ар, өврийн хаалга”-тай хүмүүс голдуу булаачихдаг гэх. Шар лууван, хүрэн манжин зэргийг зөвхөн боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн тохиолдолд урамшуулал олгоно гэж заасан байдаг ч нөгөөдүүл нь импортын ногооноос доогуур ханшаар авна гэж гүрийгээд тоодоггүй юм байх. Тэрчлэн урамшуулалд хамрагдахын тулд Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, уриншийн мэдээллийг цахим системд оруулсан, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байхыг шаарддаг ч сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс эхлээд гол зах зээл бүхий газруудад нийлүүлэхийг зөвшөөрдөггүйг ногоочид шүүмжлэн ярилаа. Энэ мэт бодлогогүй шийдвэрүүдээс эхлээд эргэж харах зүйл хүнсний ногооны зах зээлд өчнөөн байна.
Н.Мишээл