Бурхан буудай, Хантайшир, Хар азаргын нуруу дүнхийх, халтар манан уулсын орон гэгдэх Говь-Алтай аймаг нь уужим тал, хөндий, тавиун хотгор, хонхор, аараг толгод хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар билээ. Засаг захиргааны 18 сумтай, Алтайн уулсын бүсэд хамаарах тул байгалийн бүс, бүслүүрийн хувьд цөлөрхөг. Нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол бий. Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуур, Хөнхөр, Улаанхайрхан, Аргалант хэмээх рашаан устай. Түүнчлэн дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай амьдардгийг гадаадын жуулчид ихээхэн сонирхдог. Аймгийн төв нь Улаанбаатар хотоос 1028 километрийн зайтай ба автомашинаар зориход амарч, буудаллах хугацаагаа тооцвол ойролцоогоор 14-16 цаг зарцуулна. Тайшир сум дахь усан цахилгаан станц, Талын хүрхрээ, Бигэрийн элс, ходоод, элэг, цөс, дотор эрхтний өвчнийг анагаадаг Хүнхэрийн голын рашаан зэрэг энэ нутагт үзэж, сонирхох зүйл их. Өдөртөө халуун, шөнөдөө хүйтэн тул салхины хамгаалалттай цув, дулаан цамц, нарнаас хамгаалах малгай, шил, тос болон бусад аяллын хэрэгсэл бэлтгэх шаардлагатайг сануулах нь зөв. Ингээд бичгийн мэргэд төрдөг нутаг хэмээх ГовьАлтай аймгийн зарим үзэсгэлэнт газрыг танилцуулъя.
ДОМГИЙН ЭХ УУЛ
Цогт сумын нутагт орших өвөрмөц дүр төрхөөрөө ялгардаг, есөн тогоон хонхортой, түүний эхэнд бяцхан баянбүрдтэй Ээж хайрхныг домгийн эх уул хэмээн нэрлэхээс гадна нэгэн даяанч ламын зуслан гэлцдэг аж. Энд орших хаднуудад мөргөн залбирсан хүн есөн үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явж, үр хүүхэдтэй болдог гэнэ. Түүхийн ухааны доктор Д.Очирбат Ховог торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос эхлэн нэлээд хэдэн жил энэ ууланд амьдарч байсныг тогтоожээ. Ээж хайрхан уул нь Монгол Алтай, Говь-Алтайн нурууны хооронд орших бөгөөд аргаль, янгир, ирвэс, хярс, мануул, үнэг, чоно, хахилаг, ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгций, жороо тоодог элбэгтэй.
СУТАЙ ХАЙРХАН
Далайн түвшнээс дээш 4234 метр өргөгдсөн, 60 километр сунаж тогтсон Төрийн тахилгат Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховдын Цэцэг, Дарви сумыг дамнан оршдог. 2000 онд эл уулын оргилд нэгэн жуулчин авирч энэ өндрийг хэмжсэн гэж үздэг аж. Эмэгтэй савдагтай учраас бүсгүй хүнд ээлтэй гэгддэг энэхүү уул нь мөнх цаст оргилтой, сарлаг, үхрийн сүүгээр арвин сайхан нутаг хэмээн нутгийнхан онцолдог. Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авдгийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Мөрөнгийн голын хөндий. 500 гаруй километр үргэлжлэхдээ Хөвхөрийн хойд үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугыг тэтгэдэг гэнэ
МОНГОЛ ЭЛС
Энэ бол Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт, Завханы Алдархаан, Дөрвөлжин сумын нутагт оршдог, 3000 километр квадрат талбайг эзэлсэн, бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхор бүхий Монгол орны хамгийн том, шовх оргилтой элсэн тарамцаг юм. Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нууртай. Монгол элсэн дээр яаж ч гишгэлсэн мөр үлддэггүй бөгөөд элсэрхэг хөрсний бэлчээрийн ургамал болох хар, цагаан суль нь ган гачгаас үл хамааран ургадаг тул нутгийн иргэд Монгол элсээ ган, зудын аюулаас хамгаалдаг хэмээн эрхэмлэдэг аж.
Д.Сэлэнгэ