“Хаашаа явж байгаа юм хөөрхөн өө, хүргээд өгөх үү” гээд араас мөшгөн дагах, биед зөвшөөрөлгүй хүрэх, бэлгийн сэдэлтэй хошигнол, онигоо ярих, удаан ширтэх, шүгэлдэх, ус цацах зэрэг гудамж, олон нийтийн газар дахь халдлага (street harassment)-д өртөөгүй хүн цөөн болов уу. Харин ч бүр хохирогчид буруутаад үлддэг нь Монголд олонтоо. Одоо байтлаа үс, зүс, өмсөх зүүх, алхаа гишгээгээ хүртэл цэгнэж явах ёстой болох нь. Ийм бүдүүлэг, түрэмгий үйлдлээс болж олон хүн хохирдог нь эдгээрийг нийгэм хэвийн зүйл мэт хүлээн авч, гэмтнүүдэд тодорхой, хуульчилсан хариуцлага тооцдоггүйтэй холбоотойг олон жишээнээс бэлхнээ харж болно.
Нэгэн иргэн цахим хаягтаа “Гэр рүүгээ орох гэж явсан хүүг минь дөрвөн хүүхэд нийлж шоглон, өмдийг нь шувталсан байна. Тэдний эцэг, эхтэй уулзахад хэнэг ч үгүй “Сүр бадрууллаа” гэхчлэн доромжилсон. Харьяа хорооныхоо цагдаад хэлтэл “Эмэгтэй хүүхдийн өмд шувталсан бол бэлгийн дарамт. Харин танай хүүгийн хувьд арга хэмжээ авах ямар ч хуулийн заалтгүй” гэсэн. Эрэгтэй хүүхэд хүн биш юм уу. Олуулаа нийлж хүчирхийлэл үйлдэхийг багаас нь өөгшүүлэхээр юу болох вэ” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Бас нэгэн эмэгтэй “Гудамжинд алхаж байхад машин дотроосоо орилж, сигналдахаа бо¬лиосой. Бүрэнхий үдэш бусдыг айлгаж, дараа нь учиргүй инээж, бах таваа хангадгаасаа санаа зовоосой. Таксины жолооч нар мөнгө өгье, дугаараа өгөөч гэж хэлэхээсээ ичээсэй. Энэ бол бие болон сэтгэл санааны хүчирхийлэл. Нэг л мэдэхэд маш том сэтгэлийн шарх болдог. Надад хамгийн түгээмэл тохиолдсоныг л бичлээ” хэмээсэн байна. Тэрбайтугай, манайд жаахан хүүхэд танихгүй эмэгтэйн даашинзны хормойг сөхөж байгааг эцэг, эх нь “өхөөрдөн” олон ний¬тийн сүлжээнд бичлэг хэлбэрээр нийтэлсэн нь ч бий.
Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр болон өөр ямар нэг хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг бэлгийн дарамт хэмээн ойлгоно гэж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд тодорхойлсон. Үүнээс үзвэл олон нийтийн газар, гудамжин дахь энэ мэт зохисгүй үйлдлүүд бэлгийн дарамтын шинжтэйгээр зогсохгүй хүйсээс үл хамааран хэн ч, хаана ч өртөх боломжтойг санах нь зөв.
Дээрх иргэний дурдсанчлан, хэв журам сахиулах цагдаагаасаа эхлээд энэ асуудлыг төдийлөн ойшоохгүй байгаа нь хохирогчид гомдлоо татаж, чимээгүй өнгөрөхийг илүүд үзэхэд хүргэдэг нь нууц биш. Гудамжин дахь халдлагын талаар хийсэн судалгаа, хохирогчдын тоон мэдээлэл манайд тун хомс байна. Харин АНУ-ын Нью-Йорк мужийн Корнеллийн их сургуулийн эрдэмтэд 42 хотын 16 600 хүнийг судалгаандаа хамруулж, үр дүнгээ танилцуулсныг энд дурдъя. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 84 хувь нь 17 наснаасаа өмнө гудамжны халдлагад өртөж байсан гэнэ. Тэр дундаа үгээр доромжлох, ширтэх, араас дагах, биед нь зөвшөөрөлгүй хүрэх явдал түгээмэл байжээ. Үр дагаварт нь ийм эрсдэлээс сэргийлж битүү хувцаслах, маршрутаа өөрчлөх, шөнө гадагш гарахаас зайлсхийх нь нэмэгдсэнийг дурдсан байна. Түүнчлэн энэ бүхний дараа нийт оролцогч айдас, түгшүүрт автах, өөртөө итгэх итгэл буурах, урт хугацаанд стресстэх, өөрийгөө буруутгах шинж тэмдэг илэрснээ судлаачдад хуваалцсан аж. Хэн нэгний зугаагаа гаргах гэж хийж буй бүдүүлэг, гаж үйлдлүүд ийм л хар мөртэй, цагаахан зүггүйтэл огт биш гэсэн үг. Харин ч халдашгүй байх эрх, жендерийн эрх тэгш байдлыг ноцтой зөрчсөн хүний эрхийн анхаарах асуудал гэдгийг монголчууд нэг л ойлгохгүй байх шиг.
Гудамжинд халдлагад өртсөн хүнийг хамгаалах тодорхой, нарийвчилсан хуулийн зохи цуулалтманайулсадбайхгүй.Харинижилтөстэй хэргүүдийг хэд хэдэн байдлаар хуульчилсан. Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль гэж бий. Үүнд бусдыг хүйсээр ялгаварлаж, адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн, эсхүл хүргэхийг оролдсон үйлдлийг жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт гэж тодорхойлсон. Түүнчлэн жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг жендэрт суурилсан хүчирхийлэл хэмээсэн байдаг. Үүнээс үзвэл гудамжны халдлага нь хүний эрх, тэр дундаа жендэрийн эрх тэгш байдалд харш үйлдэл гэдгийг ойлгож болохоор.
Олон нийтийн газар, гудамж талбайд бусдыг гэмт хэргийн санаа зорилготой дээрэмдэж, хүчиндэх гэж оролдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар
баривчлах шийтгэл ногдуулдаг байна. Эдгээр хуулиас өөр гудамж талбай, олон нийтийн газарт бүдүүлэг загнаж, танхайрсан этгээдийг шийтгэж, хохирогчийн эрхийг хамгаалах хуулийн зохицуулалт манайд байхгүй.
Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага бол Хүний эрхийн үндэсний комисс. Тэд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлдэг. 2018 оноос хойших илтгэлүүдэд жендэрийн асуудлыг хөндсөн байдлыг авч үзвэл, “жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал, хуулийн хэрэгжилт”, “жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх”, “цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл” зэрэг агуулгын хүрээнд судалсан нь бий болохоос бус, гудамж, олон нийтийн газарт үйлдэгдэж буй халдлагын талаар хөндсөн нь үгүй байна.
Өнөөдрийн байдлаар хүйсийн тэнцвэртэй байдлыг бүрэн хангасан орон байхгүй ч Исланд Улс үүнийг 82 хувиар хангаж, жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Хүйсийн ялгаатай байдлыг арилгахаар манлайлж яваа 10 орноос дөрөв нь Скандинавын хойгийн бүлэгт хамаарах Исланд, Норвеги, Финлянд, Швед зэрэг улс байна. Харин Зүүн Ази-Номхон Далайн бүс нутгаас Шинэ Зеланд зургаадугаар байрт жагсжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 166 орны дундах нийгмийн байгуулал болон жендэрийн индексийг гаргадаг бөгөөд гэр бүлийн хүрээн дэх ялгаварлан гадуурхалт, бие махбодын халдашгүй байдал, санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж, иргэний эрх чөлөө гэсэн дөрвөн хэмжигдэхүүнийг авч үздэг гэнэ.
Олон улсад гудамжин дахь ийм халдлагыг хүний эрхийн зөрчил, нийгмийн аюулгүй байдлын асуудал гэж үзэн тусгайлан хуульчилсан жишээ олон бий. Тухайлбал, Франц улс 2018 онд “Гудамжны бэлгийн дарамтын эсрэг хууль” баталж, хүнийг гудамжинд дагаж мөрдөх, шүгэлдэх, ёс бус үг хэллэг ашиглан айдаст автуулах зэрэг үйлдлийг шууд бэлгийн дарамт хэмээн тодорхойлж, газар дээр нь торгууль ногдуулах эрхийг цагдаад олгосон. Мөн Испани 2022 онд баталсан “Си эс бол зөвшөөрөл” хуулиараа бэлгийн халдлагын бүх хэлбэрийг зөвшөөрөлгүй үйлдэл гэж үзэн ангиллаа нарийвчилж, гудамжинд тохиолддог хэл амаар доромжлох, айдас төрүүлэх зан үйлийг гэмт хэрэгт тооцож эхэлсэн байна. Харин Филиппин улс 2019 онд “Аюулгүй орон зай, гудамжин дахь бэлгийн дарамтын хууль”-ийг мөрдөж эхэл¬сэн бөгөөд ёс бусаар дохих, хүнийг мөрдөх, хүсээгүйгээр биед нь хүрэх зэрэг олон хэлбэрийг тодорхой нэрлэж, зөрчил гаргасан этгээдэд сануулга өгөхөөс эхлээд хорих ял хүртэл оноохоор хуульчилжээ.
Ийм жишээнүүд нь гудамжинд тохиолддог дарамтыг ердөө ёс суртахууны асуудал биш, хүний эрхийн зөрчил, олон нийтийн аюулгүй байдлын асуудал гэж үзэн тодорхой ангилал, хариуцлагатай болгосноороо онцлог. Харин Монголд ийм үйлдлийг одоогоор зөвхөн зөрчлийн хүрээнд авч үзэж байгаа нь бодит нөхцөлд хохирогчийг хангалттай хамгаалах чадамжгүйг харуулсаар. Мөн соёлт нийгэмд аж төрж буй бид нийтээрээ бусдын эрхийг хүндэтгэж, орк, гаж үйлдлийг давраахгүй байхад зайлшгүй анхаарах хэрэгтэй сэн.
Д.Хэрлэн