Ерээд оны эхээр Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн өвөрмөц содон шүлгүүдээрээ цахиур хагалан орж ирсэн яруу найрагч бол Ц.Отгонжаргал. МЗЭ-ээс зарласан анхны номын уралдаанд “Хөх морьд” түүврээрээ шалгарч байсан тэрбээр хожим “Над шиг бүсгүй чамд”, “Муруй дүрс” номоохэвлүүлж, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын эзэн болж байв. “Хувь тавилан минь намайг сонгосон Хувилах өөр хувилбар гэж үгүй…” хэмээн адарч нэг, аргадаж нэг шүлэглэдэг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ц.Отгонжаргалын бүтээлүүдээс уншигчдадаа дээжлэн хүргэе.
МУРУЙ ДҮРС
Өндөр шилбэт
Хундаганы ард
Өрөөсөн даль мэт
Халимгаа нэвсийлгэн
Хар нүдээ бүүдийлгэхэд
Хамар нь мурийна,
Зузаан уруулдаа
Зуусан тамхи нь
Хугар тусан
Хуурамч балмад үзэгдэнэ!
Алтан бөгжит гараар
Архийг чи өргөнө
Ая болоод эвийг
Аргат шар шиг олно.
Цамцандаа багтахгүй
Цамаан зан
Бардамхан үг чинь
Баян болгохгүй
Зоосоор үрдэг
Зовлого над үгүй
Эргэлзэх болоод зэрлэгших
Элдэв сургамжаар ч яахав
Өндөр хундаганы ар дахь
Өөрийн чинь муруй дүрсээс
Өөр хүнийг хайсан юм
Өр зүрхэнд үлдэцгүй
Үгээр чинь яах вэ!
Өнгөт зүүдэнд үзэгдэхгүй
Учралаар чинь яах вэ!
Өндөр хундаганы ар дахь
Өөрийн чинь муруй дүрс...
1991 он
АЛЧУУР
Өдөн эмжээрт хөвсгөрхөн том алчуур
Өөриймсөг, эвтэйхэн нуруугаар тэврэх шиг
Өчнөөн дулаан оргиулах нь хонгорхоноос ч илүү
Өвөртөө гарыг зөрүүлэн, энхэр бодлоор саатуулна
Ингэж биеэ ганхуулан, зүрхээ зайлахад
Ичгүүргүй амьдралын төөрөгдөл хэвдээ ордог
Хэн ч халдахгүй, юунд ч хөндөгдөөгүй үедээ
Хаягдаж үзээгүй зүрхээ, жинхнийг нь мэдэрдэг!
Эдлэвч баршгүй дуртай ганц-ганцаардал минь
Эрх хүүхнээ налан, сэтгэл түшдэг болохоор
Өдөн эмжээрт хөвсгөрхөн цагаан алчуураа
Өвдөж зовсон нэгэндээ нөмрүүлэхийг бодном
Ховдог тэд даанч өнгө, мөнгөнд дурлаад
Хорвоогийн башир хүмүүстэй, шүдээ ярзайн ярьдаг
Мөрөөдлийн алчуур тэнгэр лүү далавчлаад зугтахад
Мөрөн дээр тавьсан гар шиг, дотнохон дуршлаа үгүйлнэ.
ШӨНИЙН УУЛС
Шөнийн уулсыг харахад нүд харлана
Шилэнд наах шиг дух цэв хөрнө
Хэлбэр дүрээ алдсан харанхуйн уулс
Хэзээд ийм л санаагаар шөнүүдийг туулсан
Од, нүд хоёроос өөр
Орчлонд гялайх юмгүйд
Харанхуйн уулс хамгаа дэлгэж
Хавьдаа үзээгүйгээр амсхийн байдаг.
Уулс гэдэг угтаа ууц нь бөгтийж
Удтал хөллүүлсэн тэрэгний морь шиг
Өрөвдмөөр номхоныг шүлэгчид хэлээгүй ч
Өтгөн шөнийн хүйтэнд л ингэж ойлгоно.
Надаас өмнө сайхан хүүхэнтэй зугаалцгаасан,
Навчисын сүүдэрт дарсны хөөс үлээцгээсэн,
Өвсөн дээр майхны хаяа сөхөн сэрүүцэж
Өргөн голд загас үсчихийг харцгаасан.
Усны долгионд нар гижигдүүлэн жаргаж
Улбар туяа нь цэцгэн дунд шургахад
Сарны гэгээнд загасны хайрс гялтганана,
Сэхүүн тэд залуухнаараа үүрд үлдэнэ.
Дурлал надаас юу ч авсангүй дээ!
Дутуу нойр, нойтон хошуухан...
Эргүүлж чамайг хэзээ ч дуудахгүй ээ
Энэлгээтэйхэн, нөөц ихтэй нууц минь!
Сэтгэл минь надтайгаа ижилсэж
Сэргээгч нүдээр дутахгүй тайвширч
Харанхуйд шивнэгч уруулын хэлбэрийг
Хэзээ мөнхөд таньж сурсан...
Хөнгөмсөг аальгүй харагдах ч бай
Хөл алдан чамдаа би гоёдог
Хонгор биеийг налалгүй удсан аж
Хайрын шаналалд автахын хүслэн аж
Нүд чинь сар шиг зүрх рүү шагайдаг
Нүүрийг ажиж эрүүнээс өргөдөг
Бурхад шиг олон мутаргүй атлаа
Бүх биед хүрдэг хачин гартай-чи!
Орон дотроо дэмий хэвтээдл
Огцом өндийхөд толгой эргээдл
Дэмий мөрөөдөж өөрийг хуураадл
Дэрэн дээрээ гэнэт унаад л...
Жаргах ч үгүй, зовох гэж бүр үгүй
Жаахан амралт эдэлж, өдрийг аваадл
-Гэв гэнэт их дуутай бороо ороосой!!!
Гэнэн охид шиг галзууртлаа дурлаасай.
Миний арьсыг нөмрөөд
Мэдэл өгөлгүй захираад
Хамгийн зэвүүн үгсээр
Хувхай цайтал нь булдаг
-Чи хэн бэ?
-Чичирсэн дүртэй уур чинь байна.
Хямран зүдрэхийн үүдэн
Хонхилдог зүрхний авиртан
Шархдаж энэлсэн дагина!
Шаналал тээсэн зүрхтэн
-Өөрөө яг хэн юм бэ?
-Өехийд үүрлэсэн орсгой чинь байна.
Тамаас оргосон шулам
Түйвээн тарихаар гонгиноно;
Зүрхний тэнгэрүүд сэргийлэн
Зүүдийг сахин залбирна!
-Ялгаад харвал хэн юм?
-Яргиж хадуурдаг нас чинь байна.
Тэр болгон дэлгэж үзээгүй
Тэлүүр далавчаа яаран хумилаа
Амьдралаас зүүгдсэн ягаахан сарвуугаа
Амь тавих шиг дэрэн дээр задаллаа
Аальгүй хүүхнээс арай өөрөөр
Амраглаж чадахаа дандаа мартдаг
Дүрсийг чи хумсаараа зурсан
Дүрсгүй жаахан эмэгтэйг сэрээсэн!
Шидийн илбэч зүрхийг дохиж
Шинээр мэндлэх дурлалт болгожээ
Дотор зөгнөлд хуруугаа ч дүрж
Догдлон хашхирах амыг минь барьжээ.
Шөнийн салхи сэвхийхүй өвс өндийж
Шүүдэр гялсхийж цэцэгс тэргүүнээ сэгсэрнэ
Шинэ өглөөг амраах мэт цөвүүн чимээгүй
Шүлэгчийн сэрүүн нүд л энэ бүгдийг орлоно.
Хөгшид нүдээ аньсхийн нойрондоо бодлогоширход
Хүүхдийн дуу оддын тэртээгээс цангинана,
Буй бие минь зүүд-сансарт хөл алдасхийж
Бүрэнхийн дунд уусах мэт сэрлийг төрүүлнэ.
ОДОД
Хотын гэрлээс дайжсан
Хурмастын одод хаачив
Зулай дээрээс асгардаг
Зурвас туяаг нь үгүйлнэм.
Жижиг мөнгөн оддын
Жирвэгнэн алслах сацрагыг
Хөдөө талаасаа үздэг шиг
Хотын гудамжнаас харсангүй!
Буйдхан сэмхэн анивчиж
Бүдгэрэх дөхөн улалзаад
Бүрэлдэн ядах гэрлүүдийг
Би хотоос л харахсан.