Нэгэн эмэгтэй урьд шөнө нь маргааш өмсөх хувцсаа хичээнгүйлэн зэхэж, нямбай гэгч нь бэлдээд унтжээ. Өглөө өнөөх хувцсаараа гангарч явтал хажуугаар нь өнгөрсөн машин тогтоол ус, шавхай нялайтал цацчих нь тэр. Харамсалтай нь, энэ бүсгүй зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар мэдээлэл өгч, дүрс бичлэг хийж, “E-Police” аппликейшнээр гомдол мэдүүлсэн ч торгуулийн мөнгийг нь төр авах тул эргэн харьж, хувцсаа солихоос өөр сонголтгүй байгаа нь өнөөгийн бодит байдал. Учир нь дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Гэвч таны бохирдсон хувцас, мэдүүлсэн гомдол, алдсан цаг хугацаанд хэнд ч хүртээлгүй. Жолоочид тор-гуульногдуулах 100 мян¬ган төгрөгийг төр “халаасална”. Харин бохирдсон хувцсаа угаалга, ариутгал, хими цэвэрлэгээнд өгөх та, бидний зардал төрд хамаагүй, хохирогчийн хохь болоод л дуусах нь. Ийм л элэг хөшөөм, ойлгомжгүй, гаж хуулийн зохицуулалт манайд бий.
Зам талбайгаа засахдаа ус зайлуулах хоолойгоо таг саначихдаг дарга нартай нийслэлчүүдэд бороо бол “эморол” бус, бөөн санаа зовнил дагуулдаг нь нууц биш. Түүний нэг нь жолооч санаатай, санам-саргүй явган зорчигч руу ус, шавхай цацах явдал билээ. Зам ус ихтэй үед жолооч нарыг ан-хааралтай зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас байнга л сануулдаг. Санаа, зорилготой ийм үйл-дэл хийх хүн цөөн биз. Гэхдээ хүний дотоод бодлыг тааварлаж суухаар нэгэнт ус, шавхайтай холилдсон хүнийг хохиролгүй болгоход анхаарах нь чухал баймаар. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээсэн. Тиймээс ийм нөхцөлд аль болох биеэ хичээж явах нь жолоочийн үүрэг. Ийм зүйл хэнд ч тохиолдохыг үгүйсгэхгүй тул анхнаасаа хоёр хүнийг хэрэлдүүлж суухаар хохирогчоо хамгаалдаг болохсон.
Д.Хэрлэн