Нийслэлчүүд хэчнээн уулгалан эсэр¬гүүцэж, уурсан шүүмжиллээ ч хотын удирдлагуудын ээлжит “туршилт”-ыг зогсоож хүчрэхгүй бололтой. Улаанбаатар хотын гэр хорооллынхны 2025-2026 оны галлагаанд зориулж БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр 306 мянган тонн хагас кокс буюу хөх нүүрс худалдаж авах тендерийг нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-иас өнгөрсөн зургаадугаар сарын дундуур зарласнаас хойш иргэд ээлжит “туршилт”-ын золиос болохгүй гэсэндээ эрвийх дэрвийхээрээ эсэргүүцэж, шүүмжиллээ. Эрчим хүч, байгаль орчин, инженер, техникийн салбарын судлаач, мэргэжилтнүүдээс эхлээд парламентын нэр бүхий гишүүд ч эл шийдвэрийг эсэргүүцэж, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэн, зарим нь Ерөнхий сайдад асуулга тавиад ч нэмэр болсонгүй.
Уншигчид санаж буй бол Засгийн газар 2023 онд БНХАУ-аас 177 тэрбум төгрө¬гөөр 115 мянган тонн хагас кокс худалдан авч, гэр хорооллын зарим бүсэд хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн үедээ мөн л дуулиан болж, нийгмийн зүгээс шүүмжлэл дагуулж байлаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ талаар эрс шийдэмгий мэдээлэл хийж, экспортлогч талтай юу юугүй хэлцэл, тохироо хийхээр шамдаж буйг зарласан. Гэвч эл шийдвэр иргэдийн эсэргүүцлийг давж ча¬далгүй, тэгсхийгээд замхарсан юм. Харин одоо нийслэлийнхэн үүнийг эргэлт буцалтгүй хэрэг¬жүүлэх замыг засжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “БНХАУ-аас хагас кокс нийлүүлэх тендерийн гэрээг өнөө маргаашгүй хийх гэж байна. Үүний дараа хуваарийн дагуу 50-60 мянган тонноор түлшээ импортолж эхэлнэ. Нийслэлчүүдийн ирэх өвлийн хэрэглээнд зориулж өмнөд хөршөөс 306 мянган тонн хагас кокс авч, дотоодын нөөцөөсөө 40 мянган тонн мидлингтэй түлш (сайжруулсан) нийлүүлэхээр төлөвлөсөн. Энэ хоёр төрлийн түлшийг нийслэл дэх 400 орчим борлуулалтын цэгээр дамжуулан нэг бүрийг нь буюу 25 кг-ын шуудайтайг нь 5000 төгрөгөөр борлуулна” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв.
Өмнөд хөршөөс хагас кокс нийлүүлэх тендерт “Shaanxi coal chemical industry group shenmu energy development LTD wuzhou branch” хэмээх компани шалгарчээ. Тендерийн санал хүлээн авах хугацаа дууссанаас нэг хоногийн дараа буюу долоодугаар сарын 29-нд “Тавантолгой түлш”-ээс тус компанид “Хамгийн сайн тендер ирүүлсэн, шалгарсан” гэсэн мэдэгдэл хүргүүлээд, гэрээ байгуулах эрх олгожээ. Ингэснээр дээрх “урт нэртэй” компани тендерийн баримт бичигт тусгаснаас 306 саяар бага үнийн дүнгээр буюу 25.9 тэрбум төгрөгөөр 306 мянган тонн хагас кокс нийлүүлэхээр болсон байна. Үүнээс эхний ээлжид 159.7 тэрбум төгрөгт 222 мянган тонн түлшийг энэ онд, үлдсэнийг нь ирэх жилийн эхээр нийлүүлэхээр тохиролцжээ. Тодруулбал, манай улс ирэх сард Хятадаас 51, арав, арваннэгдүгээр сард тус бүр 60, жилийн сүүлчээр 51 мянган тонн хагас кокс авах нь. Үүний гэрээг талууд энэ долоо хоногт багтаан хийж байж есдүгээр сарын 15-ны дотор эхний ээлжийн түлшээ татан авах, дараа дараагийнхыг нь хуваарийн дагуу нийлүүлэх нөхцөл бүр¬дэхийг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нэгэн мэргэжилтэн хэлсэн юм. Үндсэндээ Улаанбаатар хотын гэр хороололд шинэ түлшний “туршилт” хийх, өнгөрсөн долоон жилийн турш хэрэглэсэн “шахмал хар”-ыг хэрэглээнээс халах галт тэрэг гараанаасаа хөдлөхөд хэдийн бэлэн болжээ. Тэглээ гээд хүлцэнгүйгээр толгой дохиж, найр тавих нь хожмоо илүү их харамсал, хор хохирол дагуулж болзошгүй тул хагас коксыг иргэд яагаад эсэргүүцэж буй шалтгаануудыг доор тодорхой дурдъя.
“ЭРДЭМТЭД ЗӨВЛӨЖЭЭ” ГЭХ ҮГЭНД ИРГЭД ИТГЭХЭЭ БОЛЬСОН
Хүмүүс “эрдэмтэд баталжээ”, “эрдэмтэд зөвлөжээ” гэсэн тодотголтой мэдээлэлд илүү итгэл үнэмшилтэй ханддаг ч үндэслэл, учир зүйн нарийн холбоог нь тэр бүр анзаардаггүй, чухалчилдаггүйг тогтоосон судалгааны үр дүнгүүд бий. Хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлэх ажил яг ийм арга барил, технологи бүхий пиарт тулгуурлаж байна. Хятадаас хөх нүүрс худалдаж авах мэдээлэл ил болж, шүүмжлэл газар авах үед албаны хүмүүс “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөв¬лөмжийн дагуу энэ өвлөөс хагас кокс хэрэглэхээр боллоо” гэж арьсаа хамгаалж байв. Харин одоо ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачдыг хэвлэлүүдэд зохион байгуулалттайгаар ярилцлага өгүүлж, “Нүүрсэн суурьтай түлшний хамгийн тохиромжтой түүхий эд нь хагас кокс”, “Шахмал түлшний найрлагад мидлинг ашиглаж байгаа тохиолдолд чанарыг нь сайжруулах боломжгүй” гэдэг мэдээллийг түгээж эхлэв. Гэсэн ч барим тавим нотолгоо, судалгаа, туршилтын үр дүнг өдий хүртэл танилцуулсангүй.
Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, шахмал түлш нийлүүлж эхлэхэд манай улсын томоохон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн багш, судлаачид яг л ийм сайн сайхан зүйл ярьж байв. Харин одоо “үүн шиг хортой түлш байхгүй” хэмээн учир зүггүй ухуулах. Утаа угаар, уршиг чирэгдэл ихтэй гэж муу үзэж байгаа уг түлшийг нийслэлчүүдэд ямар ч сонголтгүйгээр долоон жил хэрэглүүлчхээд ийм зүйл ярьж буй нь аймшигтай. Уг нь шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын бохирдлыг 60-70 хувиар бууруулах баталгааг эрдэмтэд өгч байв. Гэтэл одоо хагас коксыг хэрэглэж эхэлснээр Улаанбаатарын утаа 26, гэр хорооллоос үүдэлтэй агаар, орчны бохирдол 45 хувиар буурна гэж тэд ярьж байна. Гэсэн ч нийслэлчүүд ийм үлгэрт итгэхээ больжээ.
Сайжруулсан гэх шахмал түлш үнэхээр тийм онцгой хор хөнөөлтэй юм бол Монголын эрдэмтэд өнгөрсөн жилүүдэд энэ талаар яагаад чанга дуугарсангүй вэ. Эл түлшний чанар, найрлагыг сайжруулах боломжгүй гэсэн дүгнэлтэд яагаад ийм орой хүрэв. Элдэв туршилт, үйлдвэрлэл нэрийдлээр өчнөөн мөнгө үрж байхад нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөсний учир юу вэ. Эрдэмтдийн зөвлөл гэх бүтэц эхнээсээ ийм нөлөө бүхий байсан юм бол агаар, орчны бохирдлыг бууруулах төрийн бодлогыг яагаад оновчтой, тогтвортой, уялдаа холбоотой болгоход хувь нэмэр оруулсангүй вэ. “Эрдэмтэд зөвлөжээ” гэх хоосон хийрхлийн цаана энэ мэтчилэн олон асуулт нуугдаж байна.
ТОГТООЛ, ШИЙДВЭРЭЭ ҮГҮЙСГЭСЭН ТОГТВОРГҮЙ БОДЛОГО
Монголын төр агаар, орчны бохирдлыг бууруулах нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүйн тод жишээ нь хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр юм. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг энэ оны хоёрдугаар сарын 3-нд зохион байгуулсныг уншигчид мартаагүй биз ээ. Уг сонсголын хүрээнд 16 арга хэмжээ бүхий 53 дугаар тогтоолыг парламентаас зургаадугаар сарын 5-нд баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Засгийн газарт даалгасан. Харин энэхүү тогтоолын 11 дүгээр заалтад “Агаар бо-хирдуулж байгаа аливаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, иргэн, аж ахуйн нэгжид төрөөс татаас, урамшуулал олгохгүй байх санхүүгийн механизмыг бүрдүүлэх, төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх….” гэж заасан байдаг. Гэтэл Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон 2025-2026 оны галлагааны улиралд импортын бэлэн түлш (хөх нүүрс)- ийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд нийлүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлийг эл тогтоолтой уралдан хотын болон нийслэлийн өмчит “Тавантолгой түлш”-ийн удирдлагуудад өгсөн. Үүнийх нь дагуу “Тавантолгой түлш” ХХК-иас зургаадугаар сарын 13-нд буюу дээрх тогтоолыг баталснаас ердөө найм хоногийн дараа Хятадаас хагас кокс худалдаж авах тендерийг зарласан юм. Манай улс агаарын бохирдолтой ийм л байдлаар тэмцэж байна. Хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлэхийг эсэргүүцэж буй гол шалтгааны нэг нь энэ.
Эл тендер УИХ-ын 53 дугаар тогтоол дахь “төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш худалдаж авахгүй байх” заалттай нийцэж байгаа, эсэх асуудлаар парламентын нэр бүхий гишүүн Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Харин Засгийн газрын тэргүүн эл асуудлыг эргэн харж, дотоодын компаниудаас хагас кокс худалж авах боломжийг судлахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад үүрэг болгосон юм. Нохой сүүлээ, сүүл нь хонгорцгоо гэгчээр тэднийг ийн судлах, хэлэлцэх нэрээр хугацаа алдах хооронд нийслэлийнхэн худалдан авалтын гэрээ хэлцлээ хийхээр зэхэж байна. Ингээд зогсохгүй агаарын чанарыг сайжруулах бүсийн 5000 өрхөд хийн халаагуур тараахаар бэлдээд завгүй.
ҮРЭЛГЭН ЗАРДАЛ, ҮНЭГҮЙДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Нийслэлийн болон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд 2025-2026 оны галлагааны улиралд л Хятадаас бэлэн түлш авч хэрэглэнэ гэж ярьж буй. Харин ирэх онд, түүний дараагийн жилүүдэд хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй. Зарим инженер “226 тэрбум төгрөгөөр ганц өвлийн хэрэглээний түлш худалдан авч байхаар энэ мөнгийг дотоод¬доо хагас кокс үйлдвэрлэх нөөц боломж бүрдүүлэхэд зарцуулах нь илүү үр дүнтэй хөрөнгө оруулалт болно” гэсэн байр суурийг илэрхийлж буй ч шийдвэр гаргагчид ойшоохгүй байна. 226 тэрбум төгрөг хэмнэх байтугай 370 гаруй тэрбум төгрөгөөр байгуулсан түлшний үйлдвэрүүдээ “царцаахаар” төлөвлөж сууна.
Нийслэлчүүдийг шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий гурван үйлдвэрийг “Тавантол¬гой түлш” ХХК-ийн харьяанд 2018-2020 онд 370 гаруй тэрбум төгрөгөөр байгуулсан. Уг нь эдгээрийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нь сайжруулах байдлаар хагас кокс үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болмоор. Гэтэл өдгөө эл үйлдвэрүүдийн объект, тоног төхөөрөмжүүд шахмал түлштэй хөсөр хаягдах нөхцөл үүсэв. Төвийн бүсийн үйлдвэрийг нь татан буулгаж, ажилчдыг нь хэдийн цомхотгож эхэлсэн гэх. Үүнтэй зэрэгцээд хагас коксын үйлдвэр байгуулах ажил ил, далд яригдаж байна. Түлш нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх, түгээх, тээвэрлэх зэрэгт ч тэрбум тэрбумаар мөнгө хуваарилж, тендер зарлах болов. Эндээс агаарын бохирдолтой “тэмцэгчид” татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах, өөрт буй нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах ямар ч хүсэлгүй нь харагдаж байна. Тэгэхээр магадгүй манай улс коксын үйлдвэр байгуулж, тууз хайчлах хүртлээ өмнөд хөршөөс мянга мянган тонноор хөх нүүрс зөөхийг үгүйсгэх арга алга.
НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ШААРДЛАГА
Агаар, орчны бохирдолд хяналт тавьж, иргэдийг энэ чиглэлийн бодитой мэдээллээр хангахыг гол зорилгоо болгож ирсэн “Агаарын харуул-цэвэр агаар эвсэл” НҮТББ-ынхан нийслэлийн гэр хороололд хагас кокс нийлүүлэх ажлыг нийтийн эрх ашиг, эрүүл мэндэд харшилсан, албадлагын шинжтэй шийдвэр хэмээн эсэргүүцэж, Ерөнхий сайд Г.Занданшатар, Байгаль орчин, уур амьсгалын өөрч-лөлтийн сайд Б.Батбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Төрийн худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн ЗДТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагуудад энэ сарын 22-нд шаардлага хүргүүлээд байна. Үүндээ хагас коксын урьдчилсан туршилтын үр дүн, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг олон нийтэд нээлттэйгээр ил тод танилцуулах, энэхүү шийдвэр нь айл өрх бүрийг цэвэр, аюулгүй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг урт хугацаанд бууруулах бодлоготой хэрхэн уялдах талаар баримтад суурилсан мэдээллийг өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үндсэн шаардлагуудыг тусгажээ.
Хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлснээр угаарын хийн эрсдэл нэмэгдэж болзошгүй гэсэн үндэслэлийг ч дэвшүүлсэн байна. Өндөр илчлэгтэй түлшийг багтаамж багатай зууханд хэрэглэснээр угаартах эрсдэл буурахгүй, Орчны бохирдлыг бууруулах хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “хагас коксод дээжийн нарийвчилсан шинжилгээ хийж, учирч болох эрсдэлүүдийг тооцоолсон дүгнэлт гаргуулах” зөвлөмжийг нийслэлийнхэн хэрэгжүүлээгүйг тэд дурджээ. Хэрэв эдгээр шаардлагад тодорхой хариулт өгч чадахгүй тохиолдолд нийтийн эрх ашиг, нийгмийн эрүүл мэндэд харшилсан шийдвэрээ хүчингүй болгохыг тус байгууллагынхан сайд, дарга нараас хүсэж буй. Харин тэд нээлттэй, ил тод байх зарчмыг хэзээ, хэрхэн баримталж, иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангах юм бол доо.
Н.Мишээл