М.УЯНСҮХ МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын уран зохиолд нэр, мөрөө үлдээсэн долоон Нямаагийн нэг түүнийг Хөдөөдөө дөмөг нь Ломбын Нямаа, Лут Нямаа хэмээн үзэг нэгтнүүд нь тодорхойлсон байдаг. 1960-аад оны дундуур МУИС-ийн монгол, хэл уран зохиолын ангид суралцаж ахуйдаа Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан тэргүүтэй Монголын хэл бичиг, уран зохиолын ноён оргил болсон гайхамшигт мэргэдээс номын дуу сонсож, хожмын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Ч.Билэгсайхан, нэрт орчуулагч Д.Алтанхуяг, яруу найрагч, доктор Тойсомын Галсан тэргүүтэй билэг авьяастнуудтай нэгэн ангид тохой нийлүүлэн сууж, МУИС-ийн утга зохиолын дугуйланд шүлгээ уншиж явжээ. Утга зохиолын дугуйлангийн оюутнуудын дунд зарласан таван минутын шүлгийн уралдаанд тү¬ рүүлж, нэрт яруу найрагч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн хараанд өртөж, түүний шавь болсон гэдэг. М.Цэдэндорж багш нь түүнд өөрийн хөрөг зургийн ард “Наран лугаа адил эрдмийг эрхэмлэ” хэмээн бичиж дурсгасан нь Л.Нямаа найрагчийн амьралынх нь үнэт зарчим, чин зорилго, утга учир нь болжээ
Хан Хэнтий нутагтаа багшилж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд 35 жил зүтгэхдээ уран зохиолын ертөнцөд олон шавь төрүүлжээ. Түүний шавь нар гэвэл “модернист фронт командлагч” хэмээн алдаршсан “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх, бодрол, бясалгал, гүн ухааны уянгын яруу найргийн тод төлөөлөгч, лам яруу найрагч Батжаргалын Одгэрэл, “сүнсний” хэмээх тодотголтой яруу найрагч, зураач Дамбын Одгэрэл, Ононгийн онгодтой найрагчид Дугаржавын Гансүрэн, Балдансодномын Энхжаргал тэргүүтэй 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэгчдийг нэрлэнэ. Ломбын Нямаа багш Хан Хэнтийн яруу найргийн сургуулийн тулгын чулууг тулж, олон арван шавийнхаа авьяасын очийг гал болгон бадраасан ачтан байв. Амьдралынхаа сүүлийн 20 жилд тэрбээр Улаанбаатар хотноо суурьшин, “Их засаг” олон улсын их сургуульд багшлан, олон зуун шавь бэлтгэжээ.
Яруу найрагч Ломбын Нямаа багш уран зохиол, соёл, урлагийн алдартнууд, бичгийн мэргэдтэй уулзаж, ярилцсан тэмдэглэлээ “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” хэмээх ном болгон хэвлүүлсэн юм. Яруу найргийн “Миний зуун”, яруу найраг, нийтлэлийн “Хүн танаа өргөх өчил буюу гүн ухааны алаг чулуу”, “Миний амьдардаг ертөнц” зэрэг номуудтай.
“Миний зам” шүлэгтээ
Миний зам амьдрал мэт энгийн, дуу мэт гайхамшиг
Миний зам хүсэл мэт урт, зовлон мэт ухаалаг… гэсэн бол
“Миний амьдардаг ертөнц” шүлэгтээ
“Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг” хэмээсэн байдаг.
Харж байхын зовлон гэж байдаг
Харахгүй байхын жаргал гэж байдаг
Харах сан гэсэн их хүслэн байдаг
Харахгүй их хяслан гэж байдаг...
ХХ зууны яруу найргийн бат тууштай мэт тогтонги байдлыг өвөрмөц сэтгэлгээ, танхайдуу өнгө аясаараа үлэмж доргион цочроосон нэрт яруу найрагч Н.Нямдорж, Р.Чойном нартай нэг цаг үед мөр зэрэгцэн амьдарч туурвисан эрхэм хүмүүн бол багш, яруу найрагч, нийтлэлч, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа байлаа. Тэрбээр Н.Нямдорж, Р.Чойном, Ш.Цэндгомбо нараас улбаатай “Хан Хэнтийн школ” хэмээх яруу найргийн дэг сургуулийг үндэслэгчдийн нэг мөн бөгөөд насан туршдаа эл хүндтэй үүргээ цуцалтгүй даган, нэр төртэй биелүүлсний үрээр “модернист” Д.Галсансүх, “ламайст” Б.Одгэрэл, хэлбэргүй дүрслэгч Д.Гансүрэн тэргүүтэй олон авьяаслаг залуусыг яруу найргийн замд хөтлөн, гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэн мордуулсан төдийгүй амьд ахуйдаа тэднийхээ тоосыг үзэн баяссан ховорхон хувьтай буурай байв. Тиймээс ч өөрийн шавь нартаа “Загалмайлсан эцэг” хэмээгдэн хүндлэгдсэн Л.Нямаа найрагч яруу найргийн ертөнцөд эрхэм дотно дүрээрээ мөнхөрсөн бүлгээ. Тэр тухайд нь “Хан Хэнтийн салхи” номын өмнөтгөлд “Дэлхийн уран зохиолыг өнөөдрийн Монголд нэвтэрхий сайн мэддэг хэдхэн хүний нэг нь хөдөөний энэ л нугдгар өвгөн. Нямаа багш байснаараа л Хэнтийн яруу найргийн гал дөл 1990-ээд оны ширүүн шуурганд унтраагүй” гэж бичжээ. Миний бодоход үнэхээр ч тийм бөгөөд он жилүүдийн шуурга сөрөн лүглийгч өвгөн царс мэт эл найрагчийн шүлгүүд сэтгэлгээний хувьд ямагт эрэл хайгуул хийсэн, асар тэсрэлттэй байдгаараа уриалан дуудагч чанартай. Гэсэн атлаа дотоод хүчээ үл шавхан, далд нөөж үлдээсэн мэт санагдах нь гайхам. Магадгүй, яруу найраг шавхагдашгүй байхын эх ундарга тийм байхыг шаарддаг ч юмсан уу. Чухам тэгж чаддаг яруу найрагчид хүлээх сэдэл төрүүлж, далд аазгайг өдөөдөг юм yy.
Өмнө минь зайрмагтан хөлдсөн Онон мөрөн Өнө мөнхийн түүхийг хүүрнэн мөсөн доогуур урсана
Миний зовлон, жаргалыг тээсэн ганцхан долгис
Миний үзээгүй Номхон дөлгөөн далайг зорин одлоо... (“Онон мөрөнд өргөх дуулал” шүлгээс)
Хүннү булшнаас гарсан
Хүрэл чоно ульдаггүй
Хорсол, гунигаа тэр
Биедээ хурааж хэвтэнэ
Модун хааны их гүрэн
Модоо барьсан эрт цагийг
Атилла их хаан
Авсанд орох аясыг
Хүрлээр цутгасан чоно
Хэндээ гэж улих вэ? (“Хүннү булшнаас гарсан хүрэл чононд өргөх элегия” шүлгээс)
Сэтгэлийн өнгийг зурах гэж
Бийрээ бариад
Дүрэх будаг олдохгүй юм
Их зовлон
Нулимсандаа л дүрэхээс дээ. (“Улаанбаатарын танка” шүлгээс)
Үрийнхээ дуугаар
Үүрээ олж жаргадаг
Сохор шувуу
Солир шиг тэнгэрээс буухдаа
Халсан өдөөрөө
Хүйтэн чулууг дулаацуулна (“Сохор шувуу” шүлэг)
Миний амьдардаг ертөнцөд тэнгэрт нь од түгдэггүй
Миний амьдардаг ертөнцөд ганцхан өнгийн, улаан цэцэг ургадаг
Миний амьдардаг ертөнцөд ус нь уруугаа биш, өөдөө урсдаг
Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг. (“Миний амьдардаг ертөнц” шүлэг)
Ер нь л оршихуйн үнэнийг бэдэрсэн хүн. “Амьдрал бол зовлон” гэсэн ганцхан хариу олдог гэх агаад зовлонгоос ангижрах зам нь их багш Буддагийн номлосон дагуу мөнх бусаас ангижран одох зам гэдгийг эдүгээ толгойтой бүхэн мэдэх болсон ч хүлээн зөвшөөрөхдөө хойрго, яаж зовсон ч хамаагүй амьдрах, гагцхүү амьд явахыг л илүүд үздэг. Тэгвэл Л.Нямаа абугай бидний хүлээн зөвшөөрч, даган баясах дургүй үхлийн тухай анх уншсан хүн “Юу билээ?” гэж хирдхийн цочмоор тасхийтэл онож хэлсэн нь “Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг” хэмээх шад юм. Мөн эл шүлэгт оюун санааны түнэр харанхуйг од түгдэггүй тэнгэрээр, уй гашууг дан ганц улаан өнгийн цэцэгсээр, сэтгэхүйн тэрслэн урвагч хандлагыг уруугаа биш, өөдөө урсдаг усаар дамжуулж оносон нь тодорхой болж ирнэ. Бүр тодруулж хэлбэл, “Миний амьдардаг ертөнц” шиг чингэж цочтол шүлэглэсэн ончит хүмүүн өмнө нь хараахан байгаагүй бөгөөд яруу найрагчийн тавиланд төрсөн хэн боловч цор ганц шүлгээрээ мөнхөрч болдгийн жишээ гэмээр шүлэг тул Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёр “Монголын сонгомол яруу найраг” эмхэтгэлдээ багтаасан нь магад хэмээн бодно.
Хээрийн чулууг Хүний сэтгэлээр бут цохихуй Хэний ч сонсоогүй дуу гарнам Энэ дуу эртний буриадын дуу Ган төмрийг Гурван усаар ширээсэн төмрийг Хүний амин голоор тас огтлохуй Хэний ч дуулж үзээгүй уйтгарт дуун гарна Энэ дуу эртний буриадын дуу... (“Буриадын эртний дуу” шүлгээс) -Бурхны ганцхан үгэнд тэнгэр, наран оршмуй -Хаа хүрэхийг нь мэдэхгүй замаар бүү яв! Тэр зам... там руу явсан зам байж мэднэ. (“Миний афоризм”-аас) Мянган мэлхий үсэрсэн ч Цөөрөм цалгихаа больжээ Дэлхийн цөхрөл *** Буддагийн сүмийн Хананаас унасан чулуу Хашгирах нь юу вэ? (М.Башёд зориулсан хайку шүлгүүдээс)
Амьд сэрүүндээ тэрбээр миний дотносон санаж, хайрлан хүндэлдэг цөөхөн буурайн нэг байв. Тийм болохоор би хааяа нийслэлд таарахдаа яриаг нь сонсох дуртай, Нямаа ах ч нүдээ байн байн цавчилж ирээд л дэлхийн уран зохиолын суутнуудын тухай сонирхолтой яриа өрнүүлж бушуухан шиг зугтаахын түүс байдаг болсон би номын эрхэм хүмүүнтэй дахин тухтай уулзаж амжаагүй байтал нэг л өглөө гашуудлын мэдээ түгж, өр зүрх шимшрүүлснийг санахаар цээжинд нэг их гашуун амтагднам.
Ухамсрын гүнд нойрсож буй бодлуудыг Уудам орон зайнаас түүж аваад Шаналсан бүхний тархинд суулгаж Сэтгэлийг нь амраах сан Үхэл хийгээд амьдралын тухай Өөдрөг юм хэлж өгөх сөн... (Нэргүй шүлгээс) Зовлонгийн өвс зүрхэнд ургаж, бие нялхрахын цагт Замбуутивийн нар шингэхгүй, мандах шиг санагдаад Миний болоод чиний хувь заяагаар цаг хугацаа наадахуй Мянган жил ч нэгэн агшин шиг бодогдоно. (“Итгэлт хамбын гайхашрал” шүлгээс) Ганга мөрөн нулимсаар урсана Ганга мөрөн цусаар урсана Ганга мөрөн усаар урсана Ганга мөрөн галаар урсана Ганга мөрөн зулаар урсана Ганга мөрөн сүүгээр урсана. (“Ганга мөрөн” шүлгээс)
Л.Нямаа абугайг “Өвгөн дэнлүү” хэмээсэн нь чухам оносон нэр юм. Үнэхээр л түнэр шөнийг бүдэг гэрлээрээ сүлэн сүүмийгч өвгөн дэнлүү шиг нэгэн байв. Бас их уншиж, их бодохын хажуугаар шавь нараа сургах нөр үйлсэд цаг, наргүй зүтгэсэн түүнийг цөөн шүлэг бичсэнд гайхах юмгүй. Харин ч чанартай, цөөн бичсэнд нь талархаж, зарим нь үлгэр дуурайл авбаас зохилтой мэт. Ерөөс, сайн яруу найрагч гэдэг их бичсэндээ бус, үзэл санаа, чанад агуулгаараа бүгдийн сэтгэлд хоногшиж, тэгснээрээ мөнхийн цаг хугацаанд амьсгалдаг гэлцдэг. Тиймээс би бээр Л.Нямаа абугайг чухам тийм тавилантан мөн хэмээн итгэх агаад түүний тухай яруу найрагч, гүүш Ж.Нэргүй “Хамгийн хэцүүг бичиж байж л хамгийн сайн найрагч болно. Шүлэг гэдэг угаасаа л зүрхний нулимс ч мөн, зүрхний хилэн ч мөн болой. Гэхдээ л саарал байж болохгүй. Их авьяастай хүн уянгаар зодож, их уншсан хүн ухаанаар зодож шүлэг хийдэг” хэмээсэн бол “ламайст” шүлэгч Б.Одгэрэл шавь нь “Сэтгэл хөдлөлийн хар бараан өнгүүд нэвчсэн... шүлгийн мөрүүдийг нэвтлэн өөдрөг санаа үргэлж гэрэлтэх нь мөнөөх л анагаагч гүн ухааны үзэл санаанууд нь...” хэмээсэн нь миний бодолтой яг дүйж, басхүү нотолном бус уу. Нэгэнт тиймийн тул өөрийнх нь үлдээсэн афоризмаар бол “Хаа нэг газраас шидсэн чулуу шиг бөмбөрцгийн хамгийн том зай эхийн хэвлийд ирсэн” түүний улигт гаслангуйн хүрдний түрэмгий эргэлтийг гашуун зовлонгоор сүлж, насныхаа тооноос давуулан бясалгаж тэрлэсэн цөөхөн боловч илт онохуйн ухааны шимт шүлгүүдийг сайтар нухан эргэцүүлэх нь зүйд нийцмүй.
Энэ дуу зовж үзсэн дуу
Энэ дуу үхэж үзсэн дуу
Энэ дуу үхээд боссон дуу
Энэ дуу үхэлгүй мөнхийн дуу *Л.Нямаа найрагч оросоор “поток сознания” буюу ухамсрын урсгалын тухай ярих дуртай байв.