Хүн яагаад зүүдэлдэг вэ, зүүд бидний бодол, ой санамжтай хэрхэн холбогддог тухай, цаашлаад түүнийг удирдах, тайлбарлах боломж бий, эсэх нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны сонирхолтой сэдвүүдийг нэг болоод буй. Нойрсох бол тархиа амраах төдий зүйл бус, өдрийн турш цуглуулсан мэдээлэл, туршлагаа эвлүүлдэг тоглоом шиг “өрөх”, ач холбогдлыг нь жинлэх хугацаа байдаг аж. Ингээд 2024-2025 онд гарсан зүүд, бодол, нойр судлал дахь шинэ нээлт, ойлголтуудыг нэгтгэн хүргэе.
Зүүд ойлгомжгүй, эмх замбараагүй мэт боловч түүнд төстэй зүйл олонтоо тохиолддог гэнэ. Өөрөөр хэлбэл, шөнийн зүүдний нэг хэсэг түлхүү дүрслэл, өрнөлтэй, түүнээс төрсөн сэтгэл хөдлөл хүнд тод үлддэг бол өөр үед зурвасхан, “бүдэг” байх нь элбэг. Эдгээрийн ялгааг тодруулах нь зүүдийг нойргүйдлийн эмчилгээнд ашиглах, сэтгэл засалд хэрэглэх гол түлхүүр болох боломжтой аж. Унтах нь аливаа дурсамжтай холбоотой мэдрэмжийг “зөөллөх”, хүнд мэдрэмжийг саармагжуулахад чухал үүрэгтэй. Нөгөөтээгүүр, тархи муу, таагүй дурсамжийг шууд “устгах” биш, түүнийг эерэг агуулга бү¬ хий өөр мэдээлэлтэй холбон, засварлаж байгаа нь тэр гэнэ. Энэ талын туршилтыг гүнзгийрүүлбэл айдсын эмгэгтэй, тогтмол хар дардаг хүмүүсийн асуудалд дэм болж мэдэхээр байгаа юм.
Нойр, зүүдийг бүтээлч сэтгэлгээтэй холбож судалбал их сонин. Өдрийн цагаар бидний анхаарал сулрахад бодол “тэнүү¬ чилж”, бүтээмж буурах нь бий. Ийм үед тархины дотоод сүлжээ идэвхжиж, өнгөрснийг санан дурсах холбоос ажилладаг нь бүтээлч, шинэ санаа олоход түлхэц өгдөг гэжээ. Өөрөөр хэлбэл, хэт шаргуу ажиллалаа гээд таны бүтээмж нэмэгдэж, шинэ санаанууд ундрахгүй. Харин хааяа уйдах, дугхийх, ажлаасаа түр холдож цонхоор ширтэх, алхах, кофе ууж, цайлах нь тархийг амрааж, зарим асуудлынхаа шийдлийг тэр дор нь олоход тусалдаг гэнэ.
Японы Киото их сургуулийн профессор Юкиясү Камитанигаар ахлуулсан эрдэмтдийн багийнхан хүний зүүдийг сэргээж, нойрны хийсвэр ертөнцийг дүрсжүүлэх MRI технологи зохион бүтээсэн нь өнгөрсөн жилийн томоохон үйл явдал.
Тус машин нь унтаж байх үеийн тархины үйл ажиллагааг шинжилж, хүний оюун санаанд өрнөж буй үзэгдлүүдийг зургийн кадр мэт цуглуулдгаараа онцлог. Сэрэхэд хуримтлуулсан өгөгдлөө видеонд хувиргаж, өөрийн зүүдээ кино мэт үзэх боломж олгодог байна. Уг нээлтийг технологийн ололтоос гадна далд ухамсар, сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл судлалын шинжлэх ухаанд томоохон ахиц боллоо хэмээн эрдэмтэд үзэж буй. Харин одоо судлаачид зүүдний үүсэл, энэ нь хүмүү¬ сийн сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй хэрхэн холбогддогийг нарийвчлан судлах л үлдээд буй. Энэхүү технологийг ирээдүйд архаг ядаргаатай, эсвэл нойргүйдэлтэй хүмүүст эмчилгээний зорилгоор ашиглаж магадгүй хэмээсэн нь энэ талын асуудалтай хүмүүст “бяцхан” итгэл найдвар болсон юм.
Хүн унтаж байхдаа “Би одоо зүүдэлж байна” хэмээн ухамсарлахыг люсид зүүд гэдэг байна. Тэгвэл хүнийг нойрсож байхад дохио өгөх, зүүд дундаас нь өдөөх замаар түүний өрнөл, агуулгыг өөрчилж, зүүдэлж буйгаа ухамсарлах мөчийг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжийг эрдэмтэд судалж байгаа аж. Тэр байтугай, туршилтад хамрагдсан хүнийг лабораторид унтаж байхад нь амьсгал, нүдний хөдөлгөөнд нь нөлөөлөх байдлаар зүүдэлж байх үед нь асуулт асууж, “тийм”, “үгүй” гэсэн хариулт авч чаджээ. Энэ бүхний зорилго нь хар дарсан зүүдийг “зөөллөх”, нойрны чанарыг сайжруулах гэнэ шүү. Гэхдээ энэ бол найдвартай бус, аюулгүй байдлын стандарт нь бүрэн тогтоогүй туршилтын шат гэдгийг санах хэрэгтэй. Ийм байдлаар зүүдэлдэг хүмүүсийн бодлоо хянах, анхаарлаа чиглүүлэх, сэтгэл зүйгээ удирдах чадвар дунджаас арай өндөр байх магадлалтай гэнэ. Хэрвээ тэд эл чадвараа хөгжүүлбэл зүүдээ ухамсарлах дадалтай болох ч боломжтой аж.
Зүүдийг дүрсжүүлэх MRI технологитой төстэй нэгэн нээлт бол Нидерландад төвтэй “REMspace” хэмээх лабораторийн эрдэмтдийн хийж буй хиймэл оюуны арга зүйг тархины дүрслэлтэй хослуулан зүүдний нэгээхэн хэсгийг текст хэлбэрээр буулгах оролдлого юм. Одоогоор өндөр нарийвчлалтай, уран дүрслэлтэйгээр зүүдийг буулгах хэмжээнд очоогүй ч сэдэв, объектыг дүрслэх, дараалалд оруулахад өндөр ахиц гарсныг судлаачид онцолж буй. Үүнтэй зэрэгцэн хүний дотоод ертөнц, хувийн нууцыг технологиос хэрхэн хамгаалах вэ хэмээх асуудал маргаан дагуулж байна. Гэсэн ч эрдэмтэд энэ туршилт зөвхөн сайн дурын, хатуу хяналттай нөхцөлд, шинжлэх ухааны эрхэм зорилго дор явагдаж буйг дахин дахин тодотгожээ.
Өдрийн цагаар сайхан мэдрэмж төрүүлсэн үнэр, дуу чимээг ч зүүд, нойрны чанарыг сайжруулахад ашиглаж буй өнөө үед тогтмол цагт унтах, хангалттай хугацаанд амрах л тархины эрүүл мэнд, нойр, зүүдийг хэвийн, эрүүл байлгахад чухал нөлөөтэйг эмч нар сануулж байна. Нойр дутвал баруун, зүүн тархины ажиллагааны зохицол алдагдаж, өдрийн турш эмзэг, тогтворгүй сэтгэл зүйтэй байдаг нь судалгаагаар нь нэгэнт тодорхой болсон. Энэ бүх алхам, оролдлого, туршилт нь хүний нойрны чанар, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэж буй ч хүний дотоод ертөнц, хувийн бодлын өгөгдлийг цуглуулж буй нь аюулгүй байдал, тэр дундаа судалгааны ёс зүйн асуудлыг хөндөж байгаа юм. Эцэст нь, зүүд, нойрны ертөнцийг тойрсон асар их тайлагдаагүй нууц бий нь тун чиг сонирхолтой.
Д.Тамир