Ихэнх хүн амарч, зугаалахдаа халуун дулаан, таатай уур амьсгал эрдэг билээ. Гэвч энэ жил олон оронд түүхэн дээд амжилт тогтоосон аагим өдрүүд үргэлжилж, жуулчид гэртээ буцахад, аяллаа цуцлахад, тэр байтугай эмнэлэгт хүргэгдэхдээ тулсан юм. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хямрал аялал жуулчлалын эдийн засагт нөлөөлж буй дохио хэмээн салбарын мэргэжилтнүүд анхааруулсан. Тус салбар дэлхийн хүлэмжийн ялгарлын 10 хувийг дангаар бүрдүүлдэг ба 2030 он гэхэд энэ тоо 25 хувиар нэмэгдэх төлөвтэй. Үүнээс болж Африк тивийн Сафари, Тайландын Майя булан, Малайзын Сипадан арал, Филиппиний Боракай руу зорих аялал ихээхэн эрсдэлд орж буй гэнэ. Тиймээс хүмүүс халуун зуны оронд таатай уур амьсгалтай хавар, намрын улиралд сэрүүн бүсийг зорих хандлагатай болж байгаа аж. Дэлхийн дулаарал улс орон бүрд нөлөөлж буй ч сэрүүн, хүйтэн уур амьсгалтай орнуудад энэ нь аялал жуулч¬ лалаа эрчимжүүлэх томоохон боломж гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.
Тухайлбал, манай улс энэ шинэ чиг хандлагыг өөрсдөдөө нийцүүлэн ашиглах бүрэн бололцоотой. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллахаар болсон ч манайхыг зорих аялагчдын тоо энэ хугацаанд 650 мянгаас хэтрэхгүй байгаа юм. Тэр дундаа өвлийн улиралд цас, мөсний, Бүргэдийн баярыг эс тооцвол тогтсон, уламжлалт үйлчилгээ, үйл ажиллагаа гэж үгүй. Түүнчлэн энэ улиралд манайд жуулчид хамгийн бага зочилдог билээ. Эл хандлагад нийцүүлэн халуун орнууд сүүдрэвч, агааржуулалттай аялал жуулчлалын дэд бүтэц байгуулж байхад байгалиасаа сэрүүн уур амьсгалын өгөгдөлтэй Монгол шиг улс нохой чарганы аялал, мөсөн загасчлал, цасаар хучигдсан хээр талд хонох, Цагаан сар тэмдэглэх, өвлийн бэсрэг наадам үзэх тэргүүтэй үйл ажиллагаагаа баяжуулж, цас, мөстэй өвлөө ашиглан, эдийн засгаа тэлэх боломж уг нь их л бий сэн.
Д.Сэлэнгэ