Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай уржигдар уулзахдаа нэгэн сүржин мэдэгдэл хийлээ. Тэрбээр нийслэл хотынхоо бодит нөхцөл байдлыг гэнэт анзаарсан уу, эсвэл иргэд, олон нийтийн шахалт шаардлагаар дуугарав уу, зах замбараагүй барилгажилттай цаашид хатуу тэмцэхээ илэрхийлэв. “40, 50 мянгатын байруудыг буулгаж, суурин дээр нь 16-20 давхар барилгууд барьж байна. Хотын төв хөрөөний ир шиг янз бүрийн өндөртэй барилгаар дүүрлээ. Цаашид Их, Бага тойрууд долоогоос дээш өндөр барилга бариулахгүй. Энэ хэсгийн барилгын өндрийн стандартыг нийслэлийн ИТХ-аар батлуулах ажлыг яаралтай зохион байгуулна” хэмээн эрс шулуун мэдэгдсэн юм.
Үүнийг сүржин хэмээн тодотгосон нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, тэр дундаа Их, Бага тойрууг газрын наймаачид, барилгын компаниудаас хамгаалах бодлого, төлөвлөгөөг нийслэлийн үе үеийн удирдлага ёс юм шиг ярьж, баатарлаг үйлстэн, тэмцэгчийн дүрээр нийгэмд өөрийгөө тодруулж байв. Хамгийн сүүлд гэхэд Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга байхдаа “Хотын төвийн бүсэд зургаагаас дээш давхар барилга бариулахгүй” гэж мэдэгдэн, барилга, орон сууц, үйлдвэр, технологийн асуудал хариуцсан албан тушаалтнуудад үүний биелэлтийг хангах үүрэг даалгавар өгсөн. Даанч тэд уламжлал ёсоор энэ шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй, дорвитой ажил хийхгүй байсаар суудлаасаа буусан юм. Зориулалтыг нь өөрчилсөн, хууль зөрчин барьсан хэмээн олон нийтэд танилцуулсан 122 байршил дахь барилгыг нураах амлалтдаа ч хүрээгүй. Газрын наймааны үндэс сүлжээг таслах, хатуу стандарт тогтоох хотын дарга нарын амбиц бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаатай нь хамт дуусгавар болж ирсэн учир үүнтэй холбоотой зөрчил, маргаан тасрахгүй, өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Магадгүй Х.Нямбаатарын үед оргилдоо хүрч байх шиг. Барилгын компаниуд хотын төв дэх сул орон зай, халдаж болох газруудыг эзлэн түрэмгийлж, энд тэндгүй суурь цутгаж, “араг яс” босгосоор.
Манай хот хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалтаараа метрополис хотын эгнээнд хэдийн шилжсэн ч иргэд нь аятай таатай амьдрах наад захын шалгуур, шаардлагыг хангахаа болиод удаж байгаа. Тиймээс хүмүүс “бетонон ширэнгэ” гэж муугаар цоллодог. Энэ “ширэнгэ” жилээс жилд улам өтгөн, шигүү болж байна. Хэдийгээр хотын төвлөрлийг задлах, тэлэх, төвөөс гадагшаа чиглэсэн урсгалыг бий болгох зорилгоор дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын бүсэд олон мянган айлын орон сууц барих, дэд төв байгуулах төслүүд хэрэгжүүлж байгаа ч нийслэлийн А зэрэглэлийн бүсэд хамаардаг Их, Бага тойрууд барилгажилт үүнээс ч эрчимтэй үргэлжилсээр. Ялангуяа нийтийн эзэмшлийн гудамж, талбай, төр, хувийн хэвшлийн хууль ёсны өмчлөлийн газарт халдаж, хүч түрэмгийлэх, зориулалтыг нь өөрчлөх байдлаар олон давхар барилга барьдаг, төмөр суурь босгож “эзэмшил”-ээ дархалдаг явдал газар авлаа.
Төрийн ордон, нийслэлийн төв талбай тойрсон хэсэг, тэр дундаа, “Монгол шуудан” ХК, УДЭТ орчмыг ажиглахад л Улаанбаатар хэр эрчимтэй барилгажиж буй нь тод томруун харагдана. “Индустр” ХХК өндрөөрөө Монголд хоёрт буюу “Шангрила”-гийн дараа эрэмбэлэгдэх “Соёмбо тауэр” хэмээх 32 давхар барилгыг УДЭТ-ын урд ашиглалтад оруулахтай уралдан “Эко констракшн”-ынхан худалдаа, үйлчилгээний зориулалттай 25 давхар “Эко интернэйшнл тауэр”-аа “Монгол шуудан”-гийн эсрэг талд “босгоод” авсан. Одоо тус компани үүнтэй залгуулаад, хуучин НАХЯ-ны гэгдэх гурван давхар орон сууц байсан газарт 55 давхар барилга барихаар ажлаа үргэлжлүүлж буй.
МУИС хичээлийн III байр буюу Хууль зүйн сургуулийн байраа шинэчлэх нэрээр хоёр блок, долоон давхар бүхий нүсэр барилгыг төв талбайн чанх хойд талд барьж байна. Үүнээс хэдхэн гудамжны цаана буюу М.Горькийн нэрэмжит номын сангийн ойролцоо гэхэд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай 10-20 давхар хоёр ч барилга сүндэрлэчихсэн буй. Үүний нэгийг нь “Таван булаг хөгжил констракшн”, “Криетив Монголиа” компани нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар дахин төлөвлөлтийн хүрээнд хуучны гурван давхар орон сууц байсан газарт барьсан. Гүйцэтгэгч компанийнхан тухайн газартаа орон сууцаар зогсохгүй худалдаа, үйлчилгээний зориулалттай блок нэмэлтээр барьчихсан юм билээ. Харин нөгөөхийг нь “Асар өргөө” хэмээх компани Сүхбаатар дүүргийн ЗДТГ байрлаж байсан газарт барьсан. Тус компанийнхан нийслэлийн өмчид тодорхой хэмжээний зай талбайг шилжүүлэх гэрээтэйгээр тэнд ажлаа эхлүүлсэн ч хуурамч бичиг баримт бүрдүүлэн ашиглаж энэ тохирооноосоо буцсан асуудал үүссэн гэдэг.
Үүнээс зүүн тийшээ хэдхэн алхвал “Хүнсний IV дэлгүүр”-ийн замын урд, тэндхийн оршин суугчдын нэрлэж заншсанаар “Бээжин гуанз”тай, нийтийн зориулалттай 26 дугаар байрыг “Азийн идэр цамхаг” компани буулгаж, суурин дээр нь олон давхар барилга барихаар техник хэрэгслээ зэхээд буй гэх. Оршин суугчдын заримтай нь тохиролцоонд хүрээгүй атлаа хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн үед тус байрыг нэг захаас нь хүч түрэн буулгаж эхэлснийг иргэд эсэргүүцсэний үр дүнд ажлыг нь арайхийн зогсоосон аж. “Хүнсний IV дэлгүүр” орчимд бас нэгэн тэнгэр баганадсан өндөр барилга босох нь цаг хугацааны асуудал болжээ. “Од театр” ХХК “Ард” кинотеатрын суурин дээр ч худалдаа, үйлчилгээний 25 давхар цамхаг барих нь нэгэнт тодорхой болоод байна. Хэдийгээр нийслэлийн удирдлага тухайн бүс дэх нийтийн эзэмшлийн хэсгийг авч үлдэхээр газрынх нь хэмжээг бууруулах захирамж гаргасан ч энэ бүхэн эцэстээ хэний талд хэрхэн шийдэгдэх нь бүрхэг.
“Ард” кино театрын зүүн талд “Хангарди” ордонтой хаяа залгаа орших нийслэлийн засаг захиргааны I байр буюу ЗДТГ-ын гурван давхар хуучин барилгын суурин дээр олон улсын тодотголтой зургаан давхар зочид буудал барих гэж байгаа. Уг ажил 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан. Энэ мэтчилэн дурдвал нийслэлийн төвийн бүсэд сүүлийн жилүүдэд барьсан, барьж байгаа, барихаар төлөвлөсөн өндөр барилга өчнөөн. Зөвхөн төвийн бүсийн буюу Их, Бага тойруу орчмынхыг зах зухаас нь дурдахад л ийм. Үүнээс цаашихыг нь нэрлэвэл зах замбараагаа алдана. Ийм учраас л хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдлийг сүржин гэж тодотгосон юм. Бас хэтэрхий оройтсон ухаарал. Үндсэндээ Улаанбаатарын төвийн бүсэд одоо хамгаалах газар бараг үлдсэнгүй.
Газар олголттой холбоотой ямар нэгэн асуудал нийгэмд дуулиан тариад эхлэхээр хотын дарга нар өмнөх удирдлагуудаа буруутгаж, олон жилийн алдаатай бодлого, шийдвэрүүдийн үр дүн гэсэн өнцгөөс тайлбарладаг. Нийслэлийн одоогийн удирдлагууд ч ийм “зөвтгөл” хайж буй. Гэхдээ тэд өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хү¬ рээнд хууль бус үйл ажиллагаа, буруу булхайтай хангалттай тэмцэж чаддаггүй. Харин ч эс үйлдэхүй буюу хариуцлагагүй, хэнэггүй, үл тоомсорлосон байдлаараа хулгайч, луйварчдын замыг засаж, санаснаа гүйцэлдүүлэх таатай боломж олгож ирсэн гэвэл худал болохгүй.
Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн авто замын түгжрэл, агаар, орчны бохирдлын асуудлыг хамгийн их ярьдаг, одоогийн албан тушаалд томилогдсон даруйдаа энэ чиглэлийн хууль өргөн барьж батлуулсан атлаа Улаанбаатарын төвийн бүсийн төвлөрлийн шалтгаан болсон барилгажилтыг цэгцлэхийн төлөө яагаад шамдсангүй вэ. Түүнийг Засаг даргаар ажилласнаас хойших хоёр жилд хотын төвд хэчнээн барилга сүндэрлэв, нийтийн эзэмшлийн ямар газрууд үгүй болов, тэдгээрийн хэдийг нь зогсоож, хууль ёсны дагуу арга хэмжээ авах боломжтой байв гээд бодвол уг нь ихийг амжуулахаар цаг хугацаа.
Их, Бага тойрууд зургаагаас дээш давхар барилга бариулахгүй гэх хотын өмнөх удирдлагуудын тогтоосон “норм”-ыг яагаад долоо болгож нэмэгдүүлэв. Арай нийслэлийн төв талбайн баруун талд “Голомт файнэншил групп”-ийн барихаар төлөвлөж байгаа олон улсын зургаан давхар зочид буудлын өндөрт нийцүүлсэн юм биш биз. Хот төлөвлөлтийн байтугай барилга, байгууламжийн нормд байхгүй өндөр (55 давхар) барилгыг нийслэлийн төв цэгт барьж буйг мэргэжлийн хүмүүс анхааруулж, эсэргүүцсээр байхад нийслэлийнхэн яагаад өдий болтол дорвитой дуугарахгүй байна вэ. “Хотын төв маань хөрөөний ир шиг янз бүрийн өндөртэй барилгаар дүүрлээ” хэмээн халаглаж суугаа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас эдгээр асуултад хариулт авмаар байна.
Н.Мишээл