Орчин үеийн анагаах ухааны салбарын хамгийн хүнд сорилтуудын нэг бол харшлын өвчин, тэр дундаа аминд халтай анафилаксийн шок юм. Жишээлбэл, самар идэх төдийд л харшлын урвал өгч, цусны даралт нь огцом унаж, зүрхний цохилт түргэсэн, биеэр нь тууралт гардаг хүн зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар олон саяараа бий. Угаас дэлхийн хүн амын гуравны нэг нь ямар нэгэн төрлийн харшилтай гэх судалгаа ч байдаг гэнэ. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, тоос тоосонцор, ургамал, амьтны үс зэрэг бидний өдөр тутмын амьдралд байдаг жирийн зүйлээс болж зарим хүний дархлааны систем буруу “дохио” авч, хүчтэй урвал үзүүлдэг байна. Ингэхдээ голчлон амьсгал боогоход хүргэдэг учраас энэ төрлийн харшилтай хүмүүс адреналин тариа буюу Epiрen байнга авч явдаг гэнэ. Гэхдээ энэхүү тариа нь түр хугацаанд л нөлөөлдөг бөгөөд харшил үүсгэгчтэй дахин “таарвал” асуудал дахиад л давтагддаг байна.
Тэгвэл АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид болон Чикагогийн их сургуулийн эрдэмтэд хамтран нано бөөм хэмээх бичил биетийг ашиглан харшлыг үндсээр нь дарангуйлах боломжтой, эсэхийг 2022 онд судалжээ. Нано бөөм гэдэг нь нү¬ дэнд үл харагдах бичил биет бөгөөд хүний үснээс хэдэн зуун мянга дахин жижиг аж. Үүнийг тусгай аргаар хиймлээр бүтээдэг бөгөөд эмийн бодисыг биеийн хэрэгцээтэй хэсэгт хүргэж өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг “тээвэрлэгч” гэж ойлгож болох юм.
Харшил үүсэх үндсэн шалтгаан нь хүний дархлааны тогтолцоо хоргүй бодисыг аюултай гэж андуурснаас үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл, дархлааны системийг бидний бие хамгаалагч гэж төсөөлж болно. Тэд бол биднийг бактери, вирусээс хамгаалж эрүүл, аюулгүй байдлыг хангадаг баатар юм. Гэхдээ өнөөх баатар маань цэцгийн тоос, тоосонцор, хоол, хүнс зэргийг заримдаа “дайсан” хэмээн андуурснаас харшил үүсдэг байна. Жишээ нь, ургамал, цэцгийн тоос, тоосонцор, хүнсний бүтээгдэхүүн нь биед хуурамч дохиолол үүсгэдэг бөгөөд үүнийг дархлааны систем мэдсэн даруйдаа тухайн гаднын биетийг биеэс түргэн гарахыг шаарддаг аж. Мөн бусад эсэд энэ төрлийн харшил үүсгэгчтэй дахин таарвал оруулж болохгүй гэх “даалгавар” өгдөг байна. Улмаар эдгээр эс гаднын биетийг гаргах гэж оролдох явцдаа гистамин гэх бодисыг ялгаруулснаар арьс, нүд загатнах, хамар битүүрэх, амьсгал боогдох зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ.
ДАРХЛААНЫ ЭСИЙГ “СУРГАХ” ШИНЭ АРГА
АНУ-ын эрдэмтэд самрын харшилтай хулганад нано бөөмийн эмчилгээг 2022 онд хийжээ. Ингэхдээ эл бөөмийн гадаргууг самрын уургаар бүрж, дотор нь дархлааны хэт урвалыг зогсоох тусгай молекул байрлуулсан аж. Улмаар дархлааны тогтолцоо самрын уургийг аюулгүй болохыг ойлгосон бөгөөд хулганууд самартай харьцахад урьдынх шиг ноцтой урвал илрээгүй байна. Эл арга нь харшлыг эмчлэх бус, дархлааны системийг буруу ойлголтоо засахад сургаж буй юм.
Өөрөөр хэлбэл, нано бөөмийг судсаар тарьж, дархлааны тогтолцооны гол эсүүдэд шингээснээр бие махбодод орж ирсэн гаднын биетийг таньж, бусдадаа мэдээлэл дамжуулдаг гэнэ. Энэ үед нано бөөм доторх дарангуйлах бодис дархлааны тогтолцоог хянаж, зохицуулдаг чухал эсүүдийг идэвхжүүлэх дохио өгдөг аж. Ингээд идэвхэжсэн эсүүд бусдадаа хандаж, “Энэ бол аюулгүй, түүнд урвал үзүүлэх шаардлагагүй” гэсэн дохио дамжуулснаар дархлааны тогтолцоо буруу ойлголтоо засаж, тухайн харшил үүсгэг¬ чийг тэвчих чадвартай болдог байна.
ХАРШЛЫН ШИНЖ ТЭМДГИЙГ НАМДААХ БУС, БҮРЭН ДАРАНГУЙЛАХ БОЛОМЖТОЙ
Харшлын эсрэг хэрэглэж буй бүх эмчилгээ нь өнөөдрийг хүртэл зөвхөн шинж тэмдгийг нь багасгах, эсвэл урвал эхэлсний дараа түр хугацаанд дарах зорилготой байж. Харин нано бөөмийн арга нь дархлааны системийг бүрэн дарангуйлах замаар харшлын урвалыг дахин үүсгэдэггүйгээрээ онцлогтой юм байна. Хэрэв энэ аргыг хүний биед амжилттай хэрэгжүүлж чадвал самрын болон бусад хүнсний харшилтай хүмүүс хүссэн хоолоо юунаас ч айхгүй идэх боломж бүрдэх гэнэ. Мөн тоос, тоосонцор, ургамал, амьтны үс, сүү, өндөг зэрэг олон төрлийн харшлыг ижил аргаар эмчилж болно. Харшлын улмаас аливаа зүйлсээс үргэлж болгоомжлох шаардлагагүй болж, амьдралын чанарыг эрс сайжруулах давуу талтай юм. Гэхдээ энэхүү эмчилгээг одоогоор зөвхөн лабораторийн түвшинд л туршсан учраас бүх хүнд ижил үр дүн өгөх, эсэхийг нь сайтар судалсны эцэст хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Үүнээс гадна харшил нь зөвхөн эрүүл мэнд бус, улс орны эдийн засагт ч ихээхэн хор хөнөөлтэй гэнэ. Харшилтай хүмүүсийн олонх нь нойрны асуудалтай байдгаас үүдэн хөдөлмөрийн бүтээмж нь буурч, цаашлаад эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлдэг аж. Хамар битүүрэх, нүд загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын шинж тэмдэг нь нойрны чанарыг эрс муутгадаг. Шөнийн нойроо хангалттай авч чадаагүй хүмүүс ажилдаа төвлөрч чадахгүй, алдаа гаргах нь ч нэмэгддэг байна. Улмаар энэ нь хувь хүний орлого төдийгүй, компани болон тухайн улсын эдийн засагт ч хохирол учруулдаг гэнэ.
Жишээ нь, АНУ-д зөвхөн тоосны харшлын улмаас жилд 10 сая гаруй хүн ажлаа таслах, эсвэл чөлөө авдаг гэх судалгаа бий. Мөн харшлын эм, тариа, эмчийн үзлэг зэрэгт зарцуулах зардал өндөр байдаг нь иргэдэд ихээхэн дарамт болдог. Тиймээс харшлыг эмчлэх нь зөвхөн хувь хүний эрүүл мэндийн асуудал бус, тухайн улсын эдийн засгийн хөгжилд ч чухал ач холбогдолтой юм. Харшлын эмчилгээнд хөрөнгө оруулах нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн алдагдлыг бууруулах ач холбогдолтой болохыг эл салбарынхан онцолж байна.
Иймд нано бөөмийн судалгаа нь харшилтай тэмцэх анагаах ухааны хамгийн ирээдүйтэй нээлтүүдийн нэг аж. Үүнийг хүний биед амжилттай хэрэгжүүлж чадвал дэлхий даяар олон сая иргэний амьдралыг эрс өөрчилж, харшилтай хүмүүст айдасгүй, эрх чөлөөтэй амьдрах боломж олгох юм.
Э.Сүйлэн