Говь-Алтай аймгийнхан 2014 онд “Бидний Алтайн түүх” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын мөн оны тавдугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “Засагт хан аймаг байгуулагдсан 1558 он, Хантайшир уулын аймаг 1923 онд байгуулагдсаны үргэлжлэл гал голомт Говь-Алтай аймаг тул аймгийн түүхийг тухайн он жилээс эхлэн тооцох”-оор тогтож, Засаг дарга нь толгойлон аймгийнхаа булаагдсан түүхийг Завхан аймгаас буцаан авах “аян дайн” эхэлсэн юм.
Уг нь түүх маш тодорхой, хамгийн товчоор илэрхийлбэл Засагт хан аймаг-Хантайшир уулын аймаг-Завхан аймаг, Алтай аймаг-Завхан аймагГовь-Алтай аймаг гэсэн дэс дараалалтай, төрийн эрх барих дээд байгууллагууд тухай бүрд нь холбогдох шийдвэрийг гаргаж ирснийг хүндэтгэн дагаж мөрддөг байлаа. Аймаг бүр өөр өөрийн он тоолол, газар нутаг, хүн ам, түүхтэй.
2016 онд тус аймгийн ИТХ-д Монгол Ардын Намаас нэр дэвшигчид олонх болж, дээрх тогтоолыг хүчингүй болгоогүй ч Говь-Алтай аймаг 1940 онд байгуулагдсан он тооллыг хэвээр үргэлжлүүлжээ. Аймгийн ИТХ-ын 2014 оны тогтоолд аймаг байгуулагдсан огноог 1923 оноор тогтоох тухайд үг үсэг байхгүй, түүхийн хувьд ийм шийдвэр гарган, аймгийн үүсэл, гарлыг албан ёсоор баталгаажуулахад харшлах зүйлгүй. Ингэхдээ аймгийн эрх баригчид Говь-Алтай аймаг байгуулах тухай БНМАУ-ын Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1940 оны тогтоол, Зас¬гийн газрын шийдвэрийг аймгийн ИТХ өөрчлөх эрх зүйн чадамж, боломжгүй гэж үзжээ.
Говь-Алтай, Завхан төдийгүй Засагт хан аймаг, Хантайшир уулын аймагт харьяалагдаж байсан долоон аймгийн 70 гаруй сум энэ түүхэн аймгуудын үргэлжлэл, залгамжлагч гэдэг нь хэдийнээс нэгэнт тогтсон ойлголт, уламжлал билээ. 2020 онд Ардчилсан Нам аймагт засаглах болсон үеэс Засаг дарга нь Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ой болгон тэмдэглэх төр, засгийн шийдвэр гаргуулахын тулд ШУА-д хандан, шинжлэх ухааны төв байгууллагын дүгнэлт гаргаж өгөх хүсэлт тавьжээ. Д.Рэгдэл ерөнхийлөгч академийнхаа Түүх, угсаатны зүйн хүрээлэнд “шинжлэх ухааны дүгнэлт гаргах” лүндэн буулгасан байна.
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбар, сурвалж судлал, баримтат мэдээллийн төв хариуцан нэгэн гайхамшигтай дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлтэд Засагт хан аймаг, Хантайшир уулын аймгийн түүхээс товч дурдаад “Ардын Засгийн газар 1923 оны аравдугаар сарын 19-нд хуучин аймаг, хошуудын нэрийг өөрчилж газар усны нэрээр нэрлэх шийдвэр гаргаснаар “Засагт хан аймаг”-ийг “Хантайшир уулын аймаг” хэмээн нэрлэх болжээ. Мөн Ардын засгийн газар аймгийн удирдлагыг өөрчлөн “Аймгийн яам” болгосон бөгөөд Хантайшир уулын аймгийн яам нь одоогийн Говь-Алтай аймгийн Алтай, Бигэр сумдын нутаг Хантайшир уулын орчимд төвлөрч байжээ. Харин 1931 онд орон нутгийн засаг захиргааг шинэчлэн 13 аймаг, 311 сум байгуулагдахад Хантайшир уулын аймгийн хошуудаар Алтай аймаг бүхэлдээ, мөн Завхан, Увс, Баянхонгор аймгийн зарим сумд байгуулагдсан бөгөөд Алтай аймгийг 1934 онд татан буулгаж Завхан аймагтай нэгтгэсэн боловч 1940 онд дахин бие даасан аймаг болгон “Говь-Алтай аймаг” хэмээн нэрлэжээ.
Дээр дурдсан баримтуудаас үзэхэд нэгдүгээрт, Халхын Засагт хан болон Хантайшир уулын аймгийн улс төрийн гол төв нь Говь-Алтай аймгийн нутаг Хантайшир уулын орчимд төвлөрч байсан аж. Хоёрдугаарт, Хантайшир уулын Түүхийн гажуудлыг түүхийрээгүй дээр нь залруулъя аймгийн гал голомт дээр 1931 онд Алтай аймаг буюу одоогийн Говь-Алтай аймаг байгуулагдсан байна. Тиймээс Говь-Алтай аймгийг урьдын Халхын Засагт хан аймаг, Хантайшир уулын аймгийн гал голомтыг залгамжлан авч яваа аймаг мөн хэмээн дүгнэж байна” хэмээжээ. Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд энэ дүгнэлтдээ Манжийн засаглалын бүх үед болон Богд хаант Монгол Улсын үед буюу 1911-1923 онд Улиастай хот Засагтхан аймгийн засаг, захиргааны төв байсныг огт дурьдсангүй. 1923 онд Хантайшир уулын аймаг байгуулагдахад аймгийн төвийн шавыг одоогийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Цагаан эрэг хэмээх газарт “Үүрд суурьшихаар товлов” хэмээн тавьж, тус аймаг 1929 он хүртэл энд төвлөрсөн юм. Харин 1929 оноос Улиастай хот дахин Хантайшир уулын аймгийн төв болсон. “Хантайшир уулын аймгийн яам нь одоогийн ГовьАлтай аймгийн Алтай, Бигэр сумдын нутаг Хантайшир уулын орчимд төвлөрч байжээ” гэсэн хачин өгүүлбэрийг Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд бичсэн нь үнэхээр хачирхалтай. Алтай сум баруун хилийн сум. Одоогийн аймгийн төвөөс 320 км зайтай. Бигэр сумд академич Д.Рэгдэл, аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар төрсөн нь үнэн. Харин Засагтхан, Хантайшир уулын аймаг энэ сумдын нутагт төвлөрч байсан удаа огт үгүй.
1725 онд Сайнноён хан аймаг байгуулагдсаны дараа 1728 онд Чин гүрний эзэн хаан Халхын дөрвөн аймагт чуулган байгуулж, Засагт хан аймгийн эрх барих дээд байгууллага буюу чуулганыг “Заг голын эх Биндэрьяа нуурын чуулган” хэмээн нэрлэж, тус газарт гурван жил тутамд нэг удаа чуулж байсныг эх сурвалж болговол Засагтхан аймгийн засаг захиргаа буюу Манжийн амбан Улиастайд, аймгийн чуулган нь Биндэрьяа нуурын хөвөөнд төвлөрч байсан. Засагт хан Доржпаламыын Содномравдангийн өргөн мэдүүлснээр Богд хаан Чуулганы нэрийг 1912 онд “Хантайшир уулын чуулган” хэмээн өөрчилж мөнгөн тамга цутгуулж өгсөн боловч мөн онд Засагтхан таалал төгссөн, Манжийн үеийн засаглал халагдсан тул ЧУУЛГАН дахин хаа нэгтээ чуулсан тухай түүхийн баримт сэлт байдаггүй. Манжийн засаглал 1911 онд эгнэгт тонилсон учир дахин аймгийн засаглал, аймгийн чуулган гэсэн хоёр бүтцийг Богд хаан эгнэгт халсныг мэргэжлийн түүхчид мэдэж байгаа.

Аймгийн чуулган нь Манжийн үеийн аймгийн эрх барих дээд байгууллага. Манж чин улс 1636 онд Өвөр Монголыг эзлэн 24 аймаг байсныг 49 хошуу, зургаан чуулган болгосон нь Жирэм, Зуу-Үд, Зост, Шилийн гол, Улаан цав, Их зуу бөгөөд Ар Монголыг эзлэн авсны дараа 1728 халхын дөрвөн аймаг, 1754 онд дөрвөд хоёр аймгийн чуулган дарга, дэд даргын орон тоог буй болгож, чуулган дарга нар өөрийн аймгийн шүүх, өртөө, харуул, цэрэг, албан татварын бүх ажлыг хариуцдаг болгосон. Ялыг чуулган дарга оноож, ямбыг Эзэн хаан олгодог байсан нь Манж чин гүрний хорон бодлогуудын нэг байв. Халхын дөрвөн аймгийн чуулган дарга нар хүрээнд сууж, орон нутагт зөвхөн ааль хүрээ нь жилийн дөрвөн улиралд нүүдлэн төвхнөж амьдардаг байв. Үе үеийн Засагт хан нарын ааль хүрээ Хантайшир уулын өвөрт байсан, бас энэ нутагт төрж өссөн хан нар угсаа залгамжилж ирснийг үндэслэн одоогийн Есөнбулаг сумыг тойрсон газар нутгийг ЗАСАГТХАНЫ ГАЛ ГОЛОМТ нутаг гэж нэрлэх түүхийн үндэслэл буй.
Харин Засагтхан аймгийн Засагтхан хошуу Хантайширын нурууг тойрон оршиж байсан, үе үеийн Засагтхан нар мөн энэ хошуу нутгийн хүмүүс байсныг үндэслэл болгосон бол үнэнд илүүтэй дөхөх байлаа. Тэгэхдээ өнөөдөр Засагтхан аймгийн хошуудыг гол ба гол бус гэж ангилж, дугаарлах нь зохисгүй, ёс зүйгүй асуудал. Хошуу нутаг бүр өөр өөрийн өнө эртний түүх, өндөр босготой.
2024 оны Улсын Их Хурлын сонгуулийг угтаж, Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойгоор “сонгуульд зориулсан хамгийн том шоу” зохион байгуулж, голлон тоглогч нар хүсэл зорилгоо нэгэнт биелүүлсэн тул түүх ямагт үнэн зөв байх ёстой, түүхийг эдүгээчилж болдоггүй, бас зохион бичдэггүй шинжлэх ухааны үндсэн зарчмыг үндэслэн энэ асуудлыг дахин сөхөж байна.
Засгийн газрын тогтоолд Говь-Алтай аймаг байгуулагдсан огнооны тухай огт дурдагдаа¬гүй бөгөөд “Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмыг...” гэж цаг хугацааг товлон захирамжилсан. Харин аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Завхан аймгаас булаагдсан түүхээ буцааж авлаа” хэмээн хөл хөөрцөг болж, ярилцлага өгч, теле¬визийн нэвтрүүлэг бэлтгэн цацжээ. 1931 онд хийсэн засаг, захиргааны шинэчлэлээр Завхан, Алтай аймгууд байгуулагдсан боловч Алтай аймаг 1934 онд татан буугдаж, Завхан аймагтай дахин нэгдсэн. Улсын Бага Хуралын тэргүүлэгчид 1940 онд Завхан аймгийн 17, Архангай аймгийн гурван сумыг нэгтгэн Говь-Алтай аймгийг байгуулсан учир Хантайшир уулын аймгийн түүхийг үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилсэн Завхан өвлөх асуудлыг Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн түүхтэй. Тийнхүү шийдвэрлэхдээ Засагтхан, улмаар Хантайшир уулын аймаг Улиастай хот, Завхан аймгийн нутагт байнга төвлөрч ирснийг эш үндэслэл болгожээ. Ингэж аймаг, орон нутгийн түүхийн он тооллыг дур мэдэн өөрчилж, алдар нэр олох хэрэглүүр болгон хувийн зорилгод ашиглаж байгааг эрх бүхий байгууллагууд анхааралдаа авч, засаж залруулах шаардлагатай байна.
Говь-Алтай аймаг Засагтхан, Хантайшир уулын аймгийн түүхийг залгамжлан авч яваагаа эртнээс маш сайн мэддэг бөгөөд түүнийг хэн нэгэн эрх мэдэлтний захиалгаар түүх, угсаатны зүйн хүрээлэн баталж нотлох ямар ч шаардлагагүй юм. 1990 оноос эхлэн Засагтхан аймаг байгуулагдсаны, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны, Говь-Алтай аймаг байгуулагдсаны төдөн жилийн ой хэмээн баяр наадмаа ёслон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн түүхчид энэ бүхнийг мэдэхгүй байх учиргүй, харин захиалгаар түүхийг өөрчилж, гуйвуулж, үг үсэг нэмэх нь мэргэжлийн ёс зүйд харш асуудал.
1940 онд Говь-Алтай аймаг байгуулагдан, бүхий л байгууллагууд нь шинэ түүхээ эхлэн бүтээн босгож, өнөөдрийн өдрийг хүрсэн гэгээн түүхийг баллуурдаж, ойлгомжгүй байдал буй болгон хөрш зэргэлдээ хоёр аймгийн ард иргэдийн дунд талцал үүсгэн, эв эеийг эвдэн бусниулж байгаад энэ дур зоргийн шийдвэрийн хор хөнөөл оршиж байгаа юм.
Говь-Алтайхны эхлүүлсэн энэ хийрхэл улам улмаар газар авч, тус аймгийн нэгээс бусад бүх сумд 1924 онд аймгийн Засаг даргын аман шийдвэрээр 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ онд Увс аймаг ИТХ-ынхаа шийдвэрээр Чандмань уулын аймаг бус Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг сүр дуулиантай ёслон тэмдэглэж, УИХ-ын гишүүн, сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй тус аймгийн уугуул улс төрчид уралдан хэн нь нутаг усандаа хайртай, хэн илүү хөрөнгө чинээтэйгээ харуулан 2028 оны сонгуулийн бэлтгэлээ хангав.
Чандмань уулын аймгийн засаг захиргааны төв нь гурван жил Улаангом, гурван жил Ховд хот байсан бөгөөд Увс аймаг тус аймгаас салбарлан хоёулаа 1931 онд байгуулагдсан учир Ховд болон 1931 онд байгуулагдсан бүх аймгууд эх түүхээ эргэн харахад хүрч байна. Увс аймаг Чандмань уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 94 жилийн ойгоо ёслон тэмдэглэх нь тус аймагт засаг¬лаж буй байгууллагууд, ард иргэдийн бүрэн эрхийн асуудал. Харин Увс аймаг байгуулагдсан он тооллыг 1925 он болгон өөрчлөх нь Үндсэн хуулийн “4 дүгээр бүлгийн 57 дугаар зүйлийн 3 буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтад хамаарах үндсэн хуулийн асуудал.
Дөрвөд аймгийг байгуулсан БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны есдүгээр сарын 1-ний 5 тоот тогтоол, тус аймгийн нэрийг Увс хэмээн нэрлэсэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1932 оны арванхоёрдугаар сарын 30- ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх Увс аймгийн ИТХ-д бий юу. Эсвэл ай-маг бүхэн ингэж түүхийг өөрчлөн, улс төрчид хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн тоглолт хийж, аймаг сумд, ард иргэдийн дунд талцал үүсгэн эв эеийг эвдэн бусниулж байх ёстой юм уу гэдэгт хариулт өгөх төрийн дээд байгууллага, эрх мэдэлтэн байгаа гэдэгт итгэж байна.
100 хүрэхгүй жилийн өмнөх түүхийг дур зоргоор өөрчилж, тухайн үеийн төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг үгүйсгэж буй хүмүүс найман зууны өмнөх түүх, бүр хоёр мянганы настай Монгол Улсын төрт ёс, эх түүхийг хүндэтгэн, ариунаар авч явна гэж хэзээ ч байхгүй. Аймаг, сум бүхэн өөр өөрийн түүхтэй, эхэлсэн, өндөрлөсөн он тоололтой. Эцэг, эхийнхээ намтар түүхийг хэн нэгэн хүүхэд нь ганцаар өмчилдөггүй, бас ахан дүүстэйгээ аав, ээжээ булаалдан зарга заалхай үүсгэдэггүй, өөрийн овог нэр, төрсөн он сараа цагийн аяст тааруулан өөрчилж, нааш цааш болгодоггүйг ямагт бодож, ухаарагтун!
Улаанбаатар хот. 2025.08.18
В.Алзахгүй