Ойрын өдрүүдэд дэлхий дахины улс төрийн анхаарлын төвд Хятад улс байх нь. Тэнд дэлхийн улсуудын удирдагчдыг цуглуулсан хоёр томоохон үйл явдал болох гэж буйн нэг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжилж, дараа нь Дорно зүгт Японыг ялсны 80 жилийн ойд зориулан Бээжинд зохион байгуулах баяр ёслолын арга хэмжээ юм. Эхнийх нь Тяньжин хотод болох бөгөөд түүнд 20 улсын төр, засгийн тэргүүн, баяр тэмдэглэхэд 30 улсын удирдагч, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно хэмээн зарлаад байгаа. Тэгэхлээр энэ долоо хоногт өмнөд хөршид 50 орчим улсын дээд хэмжээний төлөөлөгчид хуран цуглах нь.
Гадаадын өндөр дээд хэмжээний зочид Хятадад ийн хүрэлцэн ирэх нь түүний удирдагч Си Зинпиний хувьд Хятадын нөлөө дэлхий дахинд өсөн нэмэгдэж буйг харуулах бэлгэ тэмдгийн төдийгүй практик ач холбогдолтой хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна. Мэдээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тэрбээр өргөн хүрээтэй яриа хөөрөө хийж таарна. Бас Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзана. Урьд нь олон улсын ёслолын чанартай арга хэмжээнд ер оролцож байгаагүй Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “салхинд гарах” чимээтэй. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей баярын парадад ирэх сураг ч бий. Өрнөдийн орнууд энэ арга хэмжээнд үндсэндээ элчин сайдын түвшинд оролцох бол Франц, Итали улс Гадаад хэргийн сайд нараа илгээх аж.
Путин наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-нд Хятадад айлчлах бөгөөд удирдагчтай нь хоёр талын харилцаа, улс төр, аюулгүй байдлын асуудлуудыг ярилцахаар төлөвлөж буй. Москвагаас мордохын өмнө “Синьхуа” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулжээ. Тэрбээр Орос, Хятадын эдийн засгийн харилцааг урьд өмнө нь байгаагүй өндөр түвшид хүрсэн гэж үнэлсэн байна. Олон улсын амьдралын зарчмын гол гол асуудлаар Москва, Бээжингийн үзэл бодол, байр суурь адил гэж тэмдэглэв. Эдний стратегийн харилцаа Евразид төдийгүй дэлхий дахинд тогтворжуулагч хүчин зүйл болж байгаа гэж хэлжээ. НҮБ, ШХАБ, БРИКС-ийн талбар дахь Москва, Бээжингийн хамтын ажиллагаа “Их20” болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд нааштай нөлөө үзүүлж буй аж. Түүнчлэн санхүүгийн хэрэгслүүдийг бүх улсад адилхан хүртээмжтэй байлгахын тулд Орос, Хятад улс ОУВС, Дэлхийн банкны үйл ажиллагаанд реформ хийх нь зүйтэй гэж үзэж буй юм байна. Путин сэтгүүлчийн асуултад хариулахдаа дэлхийн II дайны гол цохилтыг Зөвлөлт, Хятадын ард түмэн өөртөө хүлээж, хүн хүчний асар их хохирол үзсэнийг онцолжээ.
70 минут үргэлжлэх Ялалтын баярын ёслолын үеэр Хятад байлдааны шинэ зэвсгээ танилцуулах ч Бээжин урьдын адил зэвсэгт биш, худалдаа, хамтын ажиллагаанд илүү анхаарал тавих бололтой. Ихэнх улсын худалдааны гол түнш нэгэнт болоод байгаа тус улсын хувьд энэ нь ухаалаг стратеги ч гэлээ дэлхийн дэг журмыг өөрчлөх үйлсэд бүр идэвхтэй оролцох нь чухал байгаагаа сайн ойлгож буй нь мэдээж. ШХАБ-ыг БРИКСтэй эн тэнцүү үзэж байгаа ч хоёр дахь нь сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлснээс эхнийх нь жаахан бүдэгрээд буй ч дэлхийн шинэ дэг журам бий болгох үйлсэд ШХАБ салхи хагалсан болохоор ингэж хандах нь шударга бус болно. Бий болоод 25 жилийн (үнэндээ 30 жил) нүүр үзэж буй тус байгууллага ОросХятадын хамтын ажиллагааны гэхээсээ Төв Азид тогтвортой байдлаараа Паназийн бүрэн хэмжээний бүтэц болсон билээ. Түүнд оролцогчдын тоо тав байснаа арав болж, хэрэв сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй “яриа хөөрөөний түнш”-үүдийн тоог оролцуулбал 26 хүрчээ. Хятад, Энэтхэг, Орос гээд бүс нутгийн гол томоохон орнууд ШХАБ, БРИКСийн аль алинд нь орж буй ч Евразийн ихэнх газар нутгийн аюулгүй байдлыг чухамдаа ШХАБ хангаж байгаа гэж хэлж болно. Гол нь азийнхан өөрсдөө л бүс нутгийнхаа аюулгүй байдлыг хангах ёстойг түүний гишүүн орнууд ойлгож буй нь хамгийн чухал юм. Энэ нь дэлхий дахины аюулгүй байдлыг Өрнөд (юуны урьд АНУ) хариуцах ёстой мэтээр дангаар тунхаглаж буйтай санал нийлэхгүйгээ түүнд харуулж байгаа. Азид Өрнөд шууд ноёрхож асан колоничлолын үе хэдийн үгүй болсон ч түүний нөлөө, боломж, эрх ашиг бүрмөсөн алга болоогүй байна. Атлантчууд урьдын л хэвээр Азийн “ард түмнүүдийг адуулж”, зүг чигийг нь зааж, удирдаж, зөрчил маргаан дээр нь тоглолт хийж, түүгээр ч зогсохгүй хооронд нь яс хаясаар байгаа юм. Өрнөдийн цэрэг, санхүү, боловсон хүчин, мэдээллийн гэх мэт хамтарсан хүч чадал нь тэдэнд асар их боломж олгож байдаг. Түүний зэрэгцээ Азийн орнуудын хоорондын янз бүрийн зөрчил тэмцэл, бүс нутгийн интеграцын үйл явдлууд нь Зүүн өмнөд Азийн орнуудыг нэгтгэдэг АСЕАН шиг амжилттай бүтэмжтэй биш байна. Энэ онд л гэхэд хязгаарлагдмал хэмжээнд ч гэлээ цэрэг, дайны зөрчил Пакистан, Энэтхэгийн (ШХАБ-д оролцдог), Тайланд Камбожийн хооронд болсон. Тэднийг зогсооход ШХАБ мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгээгүйг тэмдэглэхээс аргагүй. ШХАБ-ын өөр нэг оролцогч Иран Изриал, Америкийн довтолгоонд өртөхөд тус байгууллага дургүйцлээ илэрхийлээд л өнгөрсөн. Паназийн аюулгүй байдлын механизмын үүрэг гүйцэтгэхэд ШХАБ өрсөлдөх шаардлагагүй байж болох уу. Харин ч яг эсрэгээр, ШХАБын хүрээнд эцэслэн шийдэх замыг биш юм аа гэхэд оролцогч орнуудын хоорондын зөрчлийг зөөлрүүлэх, илаарьшуулах аргыг чухам эндээс хайх хэрэгтэй юм. Энэ нь юуны түрүүнд Азийн бус орон, хүчнүүдийн зүгээс саад хийх боломжийг үгүй хийж, хоёрдугаарт ШХАБ-ын шугамаар хоёр талын харилцааны хэлбэрээс олон талт харилцааг хүлээж авахуйц хувилбарыг сонгож авах нь дөхөмтэй байж болох. Энэтхэг-Пакистаны хоорондын зөрчлийг харахад энэ нь ойлгомжтой, АНУ, Британи болохоор тэднийг байнгын түгшүүртэй байдалд байхыг дэмжих хүсэлтэй төдийгүй эсэн бусын холбоо байгуулахад Дели, Исламабадын таагүй харилцааг ашигладаг. Энэтхэг, Пакистаны зөрчил тэмцлийг Делитэй стратегийн харилцаагаа хадгалах сонирхолтой, Исламабадтай нь удаан хугацаанд янз бүрийн салбарт хэлхээ холбоотой байхыг эрмэлздэг Оросоор уламжлан ШХАБын хүрээнд аятай таатай болгож болох юм. Тиймээс ШХАБ-ын ажиглагчийн статустай хоёр улсын нэг Афганистантай хамтын үйл ажиллагаагаа сэргээхийг Орос улс санал болгож буйг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Тяньжинд болох дээд хэмжээний уулзалтын босгон дээр уламжилсан нь санамсаргүй зүйл биш. Хоёр дахь нь өөрийн төвийг сахисан байдлаасаа үүдэн тус байгууллагын бүрэн эрхт гишүүн байхыг хүсэхгүй байгаа Монгол Улс юм. Дөрвөн жилийн өмнө засгийн эрхийг авсан талибууд Афганистаны статусыг түдгэлзүүлсэн. Афганы Засгийн газрыг Орос хүлээн зөвшөөрснөөр 2025 онд байдал өөрчлөгдөх ёстой. Үүнийг зөвхөн Афганы эрх баригчид ч сонирхож буй юм биш.
Америкийн жадан дээр сууж буй Кабулын одоогийн Засгийн газар тус байгууллагын ажилд оролцож, чадах юм бол Афганистаныг сэргээн босгож, дараа нь ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр хүлээж авах нь зөв дохио болно. ШХАБ-ын ажилд Афганистан оролцох эрхтэй байснаар бие даасан, тусгаар эрх мэдэлтэй болох юм. Афганистаны эдийн засгийг сэргээн босгож, тээвэр, түүхий эд, худалдааны замтай түүнийг холбох нь ШХАБ-ын гишүүн бүх улс Хятад, Энэтхэг, Орос, Пакистан хийгээд Төв Азийн БНУ-уудын эрх ашигт нийцнэ. Яагаад гэвэл Өрнөдийг Азиас явснаас хойш Азийн улсууд өөрсдийн асуудлыг бие даан болон хамтдаа шийдвэрлэх чадвартайгаа харуулна.
Р.Жаргалант