Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 25 дахь хуралдаан наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд БНХАУ-ын Тяньжин хотод болов. Ийм дээд хэмжээний уулзалт Хятадад тав дахь удаагаа болсон нь энэ. Урьд нь Шанхай (2001, 2006 онд хоёр удаа), Бээжин (2012), Циндао (2018)-д болж байжээ. Оролцож буй төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн хувьд энэ удаагийнх хамгийн том гэж хэлж болохоор хэмжээнд болж.
Уулзалтад БНХАУ, Азербайжан, Армян, Беларусь, Вьетнам, Египет, Энэтхэг, Иран, Казахстан, Камбож, Киргиз, Лаос, Малайз, Мальдив, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, ОХУ, Тажикстан, Туркменстан, Турк, Узбекстан гэсэн 23 улсын төр, засгийн тэргүүн нар оролцсон бол, улс орных нь дотоод нөхцөл байдлаас шалтгаалж Индонезыг Гадаад хэргийн сайд нь төлөөлсөн байна.
Мөн НҮБ, АСЕАН, ЕАЭС, СНГ зэрэг олон улсын найман байгууллагын тэргүүн нар уриг¬дан иржээ. Тус хурлаар олон улсын алан хядах, хэт даврах, ялгаварлан гадуурхах үйлдэл, үзэлтэй тэмцэх, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарын харилцан ажиллагааг бэх¬жүүлэх болон алан хядахтай тэмцэх мэргэшсэн төвүүдийг байгуулах ажлыг түргэтгэх тухай асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны эцэст нийтдээ 20 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тэднээс Тяньжины тунхаглал, 2035 он хүртэл тус байгууллагын хөгжлийн стратеги хоёрыг илүүтэй онцолж байна. Түүнчлэн 2026-2030 онд хэт даврагч үзэл суртлын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр, 2030 он хүртэл эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх “замын зураг”-ийг баталжээ. Мөн наркотикийн эсрэг төвийг Душанбед, аюулгүй байдалд заналхийлэхийн эсрэг бүтцийг Ташкентад бий болгохоор тохиролцсон аж. 2025-2026 онд Киргизийн Чолпон-Ата хот ШХАБ-ын аялал жуулч¬ лал, соёлын төв болно.
Дэлхийн II дайн дуусаж, НҮБ бий болсонтой холбогдуулж, эрчим хүчийг тууштай хөгжүүлэх, “ногоон” аж үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, хиймэл оюуны салбарт олон улсын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, олон талт худалдааны тогтолцоог дэмжих, мансууруулах бодис, түүнтэй тэмцэх дэлхий дахины асуудлыг үр ашигтай шийдвэрлэх, шинжлэх ухаан-техник, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай зэрэг асуудлаар мэдэгдэл гаргасан байна.
Геополитикийн сөргөлдөөн, аюулгүй байдлын эсрэг сэдэл, аюул занал дэлхий дахинд, түү¬ ний дотор ШХАБ-ын бүс нутагт хурцдаж байгааг Тяньжины тунхаглалд онцлон тэмдэглэжээ. Дангаар хүчлэн албадах, ялангуяа эдийн засгийн шинжтэй ийм үйлдэл хийхийг тус байгууллагын орнууд эсэргүүцнэ. Иранд Израил, АНУ цохилт өгч буйг, Гаазын зурваст ихээхэн хохирол уч¬ руулж, хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж буй үйлдлийг ШХАБ эрс шүүмжиллээ. Палестины асуудлыг шударгаар зохицуулж байж Ойрхи Дорнодод энх амгалан байдал бий болгоно хэмээн үзсэн байна. Төвөгтэй асуудлыг шийдвэрлэхдээ эвссэн, сөргөлдсөн биш чиг шугамыг тус байгууллагын орнууд баримтлахыг тунхаглалд тусгажээ. Олон улсын харилцааг тогтвортой хөгжүүлэх үндэс нь дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүйгээр, хүч үл хэрэглэх зарчим юм. Сансар, мэдээлэл харилцааны технологийн салбарыг цэрэгжүүлэхийн эсрэг байгууллагын гишүүд тэмцэх болно. Дэлхийн II дайны түүхэн дурсгалыг хадгалж хамгаалах нь чухал. Нацизмын үзлийг цагаатгах, хоморголон хядах үйлдлийг зөвтгөх оролдлого, түүнчлэн ялалтын ач холбогдол, фашизмыг бут цохиход ард түмнүүдийн гүйцэтгэсэн үүргийг гуйвуулах үйлдлийг байгууллагын гишүүд буруутгав. Байгууллагыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийг тохиролцож, хамтын ажиллагааны тэргүүлэх зорилт, гүнзгийрүүлэх үндсэн чиглэлийг тодорхойллоо. ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулахаар шийдвэрлэсэн. “Ажиглагч,” “Яриа хөөрөөний түнш” гэсэн статусыг “ШХАБ-ын түнш” болгон нэгтгэж, ийм статусыг Лаост олгов. Гишүүн орнууд алан хядах, салан тусгаарлах, хэт даврах ажиллагааны эсрэг хамтын тэмцлээ үргэлжлүүлнэ. Афганистаныг тусгаар, төвийг сахисан, энхийг эрхэмлэсэн улсынх нь хувьд сэргээн босгоход туслах чиглэлийг баримтлахаа хуралдаанд оролцсон орнууд тунхаглалд мөн тусгасан байна.
Хуралдаанд үг хэлсэн Владимир Путин Украины хямралыг зохицуулах асуудлыг хөнджээ. Зөрчил тэмцэл, “довтолгооны” үр дүнд бус, төрийн эргэлт хийж, Умард Атлантын эвсэлд элсүүлэхийг дэмжээгүй тус улсын удирдлагыг зайлуулсаны дараа үүссэн юм. Хямралын хоёр дахь шалтгаан нь Украиныг НАТО руу татах гэсэн Өрнөдийн байнгын оролдлого. Энэ нь Оросын аюулгүй байдалд шууд заналхийлж буйг бид олон жилийн хугацаанд цөөнгүй удаа тэмдэглэж, хэлж ярьж байсан даа гэж тэрбээр онцолсон байна. Нэг ч улс өөрийн аюулгүй байдлыг бусдаар хангуулж болохгүй гэсэн байр суурийг Москва баримталдаг. Удаан хугацааны энх амгалан тогтоохын тулд зөрчил тэмцлийн анхдагч шалтгааныг арилгах ёстой хэмээн Путин хэлжээ. Энэ хямралыг зохицуулахын төлөө Хятад, Энэтхэг улсын гаргаж буй хүчин чармайлтыг Оросын удирдагч өндрөөр үнэлсэн. Аляскад Дональд Трамптай хийсэн уулзалтынхаа талаар хуралдаанд оролцогчдод бас мэдээлэл өгсөн байна.
ШХАБ-ын энэ удаагийн уулзалт урьд өмнөхүүдээсээ эрс ялгарч байна гэж шинжээчид дүгнэв. Тус байгууллагыг 2001 онд байгуулсан бөгөөд одоо Энэтхэг, Иран, Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Пакистан, Узбекистан улс багтаж буй. Ажиглагчийн статустай хоёр орон байдаг нь Афганистанн, Монгол. Түнш гэх хэд хэдэн улс бий.
Анх байгуулагдаж байх үеэр нь тус байгууллагыг Кремль “Орос, Ази дахь түүнийн түншүүд” гэх клуб маягийн бүтэц гэж үзэж байсан бол одоо Хятадын нөлөөг тэлэх зэвсгийн үүрэг гүйцэтгэх болжээ гэдэгт хэн ч эргэлзэхгүй болжээ. Чухам түүний ачаар сүүлийн таван жилд Төв Азийн орнуудыг Оросын ноёрхол зонхилсон бүсээс татан гаргаж “Хятадын ертөнц” рүү авчирчээ. Орос анх байгууллагын голлох улс байснаа одоо “тэдний нэг” болсон байна.
Тяньжинд өөр хоорондоо зөрчилтэй Азербайжан-Армен, Энэтхэг-Пакистан, Турк-Иран улс уригдсан. Бүс нутагтаа тэргүүлэх гүрэн болохын төлөө өрсөлддөг Турк, Энэтхэг, Индонез, Малайз, Египет улсын төлөөлөгчид ч иржээ. Хятадын нөлөө нэмэгдэхийг сөрөн зогсогч гэж олон улс үзэж буй Энэтхэг оролцсон нь Бээжингийн хувьд сайны тэмдэг. ШХАБ-ыг хөгжүүлэхийн төлөөх баримт бичигт Моди, Шариф (Пакистан) нар гарын үсгээ зурахаар Си Жиньпин дээд хэмжээний энэ уулзалтыг амжилтай боллоо гэж үзэхээс аргагүй. Хятад өөрийн ашиг сонирхлын бүсийг ийнхүү бий болгожээ.
Энэтхэг бол бүс нутагтаа супер гүрэн мөн. Тиймээс ч түүнийг Хятадын нөлөөг хазаарлаж чадна гэж үздэг. Энэ хоёр улс олон юмаар өрсөлдөгч. Энэтхэг ШХАБ-д байгаа нь дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчлөх зорилготой. Иран, Дорнодтой хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, ОХУ-ын хүчин зүйлийн ач холбогдол багасаж буй, Тегеран, Вашингтон хоёр хэл амаа ололцох найдвар төрүүлж байгаа нь Ираны эдийн засагт өөрийн оролцоог нэмэгдүүлж, нөөц баялгаас нь хүртэх боломжийг Энэтхэгт олгож болзошгүй юм.
Анкара Ойрхи Дорнод, Хар тэнгисийн бүс нутагт нөлөөгөө эрчимтэй нэмэгдүүлж байна. Энэтхэг, Хятадыг бодвол гуравдах орнуудын ашиг сонирхлыг өөрийн тусын тулд идэвхтэй ашиглаж буй. Одоогийн байдлаар Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Европын улсуудын хооронд гол холбогч нь болохыг Турк их хичээж буй. Тиймээс ШХАБ дахь хамтын ажиллагааны механизм, Төв Ази дахь Хятадын нөлөөг нефть, хийн салбарт өөрийн төслийг хэрэгжүүлэхийг, тодруулбал Төв Азийн орнуудын нефть, хийг Европын Холбооны улсууд руу тээвэрлэхийг Турк сонирхож байна гэж үзэж болно.
ШХАБ-ыг санаачлан байгуулагчийн нэг байсан Орос улс энэ дээд хэмжээний уулзалтад нэгэн оролцогчийн түвшинд л байлаа. Оросын эдийн засаг Хятадынхаас улам бүр хамааралтай болж буй. ОХУ Хар тэнгисийн бүс нутаг, Кавказ, Төв Азийн орнуудад нөлөөгөө сүрхий алдаж байгаа.
Беларусь нь ч ШХАБ-д Оросын биш, Хятадынх болж байна. Украинд явуулж буй түрэмгий бодлогодоо улс төрийн дэмжлэг авах, Хятад тогтоосон харилцаандаа байгаа өөрийн бэрхшээлийг шийдвэрлэх, Хятадыг худалдааны хамтын ажиллагаанаас технологийнход шилжүүлэх, Трампад дохио санамж өгөхийг Орос улс энэ уулзалтаар эрмэлзсэн. Эдгээр чиглэлээр амжилт олбол Путин яриа хэлэлцээр хийх байр сууриа хүчтэй болгож, Орост буулт хийх замаар Украинд энх амгалан байдал тогтоох үзэл санаа руу АНУ-ыг хэлбийлгэх бодолтой байгаа. Гэтэл Оросын улс төрийн жинг сулруулах нь Хятадад ашигтай. Тэгээд ч Оросыг идэвхтэй дэмжих нь энэ уулзалтад оролцогчдын тэн хагасаас илүүд нь хор уршигтай. Цорын ганц боломжит хувилбар нь АНУ болон Европын Холбооны зарим улсыг ШХАБ+ орнуудтай хамтран ажиллахыг хязгаарлах явдал юм.
АНУ-ын хүсэлтийг сөрөн Хятад, Оростой Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хэлхээ холбоогоо бэхжүүлснийг “Bloomberg” агентлаг онцолсон байна. Орос, Хятадын удирдагчид дэлхийн шинэ дэг журмын талаар санал бодлоо солилцсоныг “Reuters” тэмдэглэжээ. Путин, Моди нар хамт явж, удаан ярилцсаныг “The times of India” сонинд бичиж. “Associated press” тус уулзалтаас гаргасан тунхаглалд анхаарлаа хандуулж, Хөгжлийн банк байгуулахаар болсныг тусгайлан авч үзжээ. Путин, Моди, Си нарын ярианд нэлээд анхаарсан байв.
“The New York times” сонин Хятадын нөлөөг харуулахад Си дээд хэмжээний уулзалт, цэргийн жагсаал, түүхийг ашиглалаа хэмээн дүгнэв. Түүх болон дипломат үйл ажиллагаа, цэргийн хүчин чадлаа өнөөг хүртэл АНУ тэргүүлж байсан дэлхийн дэг журмыг өөрчлөн байгуулах зэвсэг болгохыг тэрбээр хичээлээ гэсэн байна.
Энэтхэгийн “India TV new” Энэтхэг, Орос, Хятад гэсэн гурван гүрэн Трампын тэнэглэлээс үүдэн нэгдвэл хариуцлага нь АНУ-ын Ерөнхийлөгчид ногдоно. Тэмцэлдээн нэг чалчигч хийгээд дуу цөөнтэй стратегчдын хооронд болно хэмээн өгүүлжээ.
Р.Жаргалант